Баян-Өлгийн экс Засаг даргыг ял завшсан гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийн экс Засаг даргыг ял завшсан гэж үзжээ

Албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт “Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзориг нарыг хэргийг шүүхэд хянаж, ял оноосон. Тодруулбал, “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригт дэглэмтэй хорих ангид зургаан жил хорих ял, Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд гурван жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д.Чулуунцэцэгт 5.1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилээр хойшлуулсан, “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Энхчимэгт хоёр жилийн хорих ял оногдуулж тэнссэн юм.

Харин дүүргийн II прокурорын газраас "Тухайн шүүгчдэгч бусдад ямсар хохирол учруулсан, учруулсан хохирлоо барагдлаа хэрхэн барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оноох ёстой. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалын хувьд энэ ялын бодлого алдагджээ гэж прокуророос үзсэн. Тиймээс прокуророос эсэргүүцэл бичихээр шийдвэрлээд байгаа" гэдгийг тус дүүргийн прокурор Б.Баян-Очир өнөөдөр мэдэгдлээ.

Энэ хэрэгт мөн Баян-Өлгий аймаг багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарыг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж  хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах шийдвэрийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс шийдвэрлэсэн билээ.

Тэднийг чухам ямар хэрэгт буруутгасан талаар эргэн сөхөхөд?

Б.Ганзориг нар нь  Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон, уг ажлыг 1.504.430.064 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарч, 827.349.083 төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан нь шүүхээр тогтоогджээ. Мөн 2010 онд Хууль зүйн яамнаас зарлагдсан, Архивын ерөнхий газрын захиалгатай Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв архив”-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч 30.842.694 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн, 2010 онд Эрүүл мэндийн яамнаас зарлагдсан Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт “300 ортой төрөх эмнэлэг, Эх нялхсын эрүүл мэндийн төв”-ийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч,1.966.204.372 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн болохыг шүүхээс тогтоосон юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж