Б.Нацагдоржийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

Б.Нацагдоржийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Зураач Б.Нацагдорж агсны “Хөвсгөлийн цэнхэр уулс” аяллын тэмдэглэл номын нээлт буюу номонд орсон уран зургийн үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд арваннэгдүгээр сарын 28-30-ны хооронд уран зураг сонирхогчдын хүртээл болох гэж байна.

Хөвсгөлийн хязгаарт ирсэн Швейцарь иргэн “Энэ нутгийн дэргэд манай нутаг юу ч биш юм” гэж дуу алдсан гэдэг. Б.Нацагдорж агсан энэ жуулчнаас дутахгүйгээр хойд хязгаарын байгалийн сайхныг биширсэн учир энэ нутагт таван жилийг өнгөрүүлсэн байна. 1984-1990 он хүртэлх хугацаанд өөрийн хөтөлсөн өдрийн тэмдэглэл, уулзаж учирсан цаатан, дархад хүмүүсийн түүх намтар, тэдний хууч яриа болон судалж хуримтлуулсан материалдаа түшиглэн номоо бүтээсэн аж. Зохиолч хойд хязгаарын жилийн дөрвөн улирлын амьдралыг мандан жаргах нартай нь, урсаж ургах гол мөрөн, ой шугуйтай нь, өсч үржих мал сүрэг, аж амьдрал, ёс заншлын нь хамтаар нүдээр үзэж, чихээр сонссоноо номондоо дүрслэн үлдээжээ. Өөрөөр хэлбэл, “УлаанТайга”, “Дархадын цэнхэр хотгор”, “Мэнгэ булгын цаатан”, “Цагаан нуурын загасчид” тэр үед ямар байсан түүгээрээ л тэмдэглэгдэн үлдсэн. Мөн зохиогч бүтээлээ хар цагаан, өнгөт болон гар зургуудаар баяжуулсан нь “Хөвсгөлийн цэнхэр уулс”-ыг улам уншууртай, сонирхолтой болгожээ.

Зураач Б.Нацагдорж агсны номонд түүний тэмдэглэлээс гадна 345 гар болон фото зураг чимэглэл агуулсан тул Хөвсгөлийн цэнхэр уулс бүтээл нь урлагийн гурван бүтээлийг нэгтгэснээ тэмдэглэн үлдээжээ.

Тус үзэсгэлэнгийн нээлт арваннэгдүгээр сарын 28-нд буюу өнөөдөр “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 18.00 цагт болно.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж