Г.Цэдэндамба: Төрийн ордонд эргэж ирнэ гэж өөртөө андгайлсан…
“Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчдын нэг тэрбээр Баянхонгор аймгаас “Үйлдвэржилтийг бий болгоё” шийдлээр шалгарч орж ирсэн. Харин хоёрдугаар шатанд үйлдвэржилтийг дэмжих бүтэц, бодлогын боломжит хувилбарыг боловсруулан дэвшүүлж тэнцсэн.
-Таны төсөлд дэвшүүлж орж ирсэн төсөл цаашдаа хөрсөнд яаж буух ёстой вэ?
-Энэ бол бодлогын асуудал. Үндэсний түвшинд аж үйлдвэрийг шийдэхийн тулд аж үйлдвэрийн яамтай болох ёстой. Мөн орон нутгийн хэмжээнд нарийвчилсан бодлогыг судалгааны үндсэн дээр боловсруулах хэрэгтэй. Дээрээс нь аж үйлдвэрийн асуудлыг шийдвэрлэдэг газар, хэлтэстэй болно. Би одоогийн бүтэц болохгүй байна гэдгийг л олж хараад байна.
-Таны ямар зан чанар энэ төсөлд оролцоход нөлөөлсөн бэ?
-Би улс төрч болохоор шийдсэн, үүнийхээ төлөө зорьж яваа хүн. Оюутан байхаасаа улс төрийн намуудын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Дараа нь Иргэний нийгэм, Эрс шинэчлэл, Үндэсний соёмбо хөдөлгөөнүүдтэй С.Ганбаатар гишүүнтэй хамтран ажиллах завшаан тохиолдож улмаар 2005 онд УИХ-ын тамгын газарт туслахаар ажилласан. Ингэж явахдаа төр олон нийтийн төлөө зүтгэх талаар тодорхой ойлголттой болсон. Энэ хооронд их сургуулиа төгссөн, гадаадад сурсан мөн орон нутагтаа долоон жил ажиллалаа. Олон улсын байгууллага, Тогтвортой амьжиргаа төсөл , Дэлхийн зөн Монгол, “МИГ” даатгалд ажилласан. Энэ бүх ажлынхаа дадлага туршлагаас ард иргэдийнхээ амьдралыг эерэгээр өөрчлөхийн тулд гар бие оролцох хүсэлтэй болсон.
-Намын гишүүн үү?
-Би нийгмийн том өөрчлөлтийн тухай яваа бол тодорхой хэмжээний сонголт хийх ёстой гэж үзээд улс төрийн намд орсон. Идэвхтэй ажиллаад дороос нь бүх шатыг туулаад амжилттай явж байна. Энэ жил гэхэд Баянхонгор аймгийнхаа намын хорооны дэд даргад нэр дэвшсэн. Аль ч нам дотор асуудлууд байдаг. Өөрчлөлт шинэчлэлтийг хийх ёстой. Төр засагт ч намд ч хийх ёстой гэж би үздэг. Үүний хажуугаар өнгөрсөн 2012 оны сонгуульд оролцсон. 2012 онд намын жагсаалтаар нэр дэвшиж Баянхонгор аймгийнхаа иргэдийн хуралд төлөөлөгч болсон. Сонин сэтгүүлд болон интернет орчинд нийтлэл бичдэг. Гаднаас ярихаас дотор нь орж ард иргэдийнхээ эрх ашгийг илэрхийлж, ажил санаачлан төр засгийн анхан шатны нэгжид дуу хоолойгоо илэрхийлж яваагаа завшаан гэж боддог. Мөн 2012 онд төрийн анхан шатны нэгж болсон багийн иргэдийн нийтийн хуралд даргын сонгуульд өрсөлдсөн. Энд ялалт байгуулж багийн иргэдийн нийтийн хуралд сонгогдсон. Энэ төсөл зарлагдаад үндэсний хэмжээгээр залуусаа сонсье, оролцоог нь харья, санаачлагыг нь дэмжие гэснийг олзуурхан шүүрч авсан. Зөвхөн хонгор нутгийнхаа хэмжээнд бус надтай ижил бодолтой хүмүүс хаана байна, тэдэнтэй хамтаръя улс үндэстнийхээ хэмжээнд асуудлаа яръя, туршлага мэдлэг цуглуулснаа хүмүүст хүргэе гэсэн чин хүсэлтэйгээр төсөлд оролцоод явж байна.
-Төслийг та хэрхэн харж байна. Таны дотроо бодож төлөвлөж, мөрөөдөж байгаа бүхнийг хэр ойртуулна гэж найдаж байна?
-Нийгэмд өнөөдөр маш том өөрчлөлт үгүйлэгдэж байна. Манай нийгэм тогтонги, царцанги хуучин тогтолцооны хэв маягаа хадгалсаар л. Тухайлбал, хөдөө орон нутагт амьдардаг надад шинэчлэлт, өөрчлөлт мэдрэгдэхгүй байна. Тиймээс маш хүчтэй идэвхтэй байдлаар бид дуу хоолойгоо хүргэж , болохгүй бүхнийг нээлттэй хэлэлцэж, талцсан шүүмжлэгчийн байр сууринаас биш зөв хандлагаар , өнөөдрийн онол арга зүй, улс төр, нийгмийн орчинд өөрчлөлт хийх шаардлагатай байна. Тийм учраас төсөл энэ боломжийг сайтар бүрдүүлэн таниулж өгөх индэр гэж би харж байна. Мэдээж дараа, дараагийн сонгуульд шат ахин өрсөлдөх болно. Аймаг орон нутгийнхаа эерэг өөрчлөлтийн төлөө чадах бүхнээ хийнэ. Ялах, олонх болох бидэнд сонин биш. Ямар нэг албан тушаал ч горилоогүй. Өөрийнхөө түвшинд төрөөс хамааралгүйгээр чадах бүхнээ хийгээд явж байгаа. Монгол улс гадны орнуудаас хөгжлийн түвшингээрээ хоцорч явааг би олж хардаг. Монгол орон болохгүй байна гээд олон боловсролтой хүмүүс гадагшаа гарч байна. Энэ бол буруу. Үүнийг болих хэрэгтэй. Бидний өөрчлөх цаг болжээ гэдгийг зоригтой хэлэх индэр маань болж улс төрийн карьерт боломж олгож байгаа төсөл юм.
-Багийнхан дотроосоо хасалт хийхэд та сонгогдсон. Харин зөвлөх багш авч үлдсэн. Үүнд та ямар дүгнэлт хийв?
-Улс төр эрүүл болох ёстой. Нийгмийн тогтолцоо маань эрүүл бус байгаагийн багасгасан хувилбар гэж харсан, тэр хасалтыг. Манай багийн гишүүд хор найруулж, шилдэг гучид үлдэхийн тулд өөрийн зарчмаасаа ухарч, худлаа ярьсан хэн нэгний хов, хувийн тоглолтод автсан. Үнэхээр хүчтэй хоёр өрсөлдөгчөө хасах шийдвэр гаргасанд өнөөдөр хүртэл эмзэглэж байгаа. Бусад багууд ямар байсныг сайн мэдэхгүй. Миний зарчим бол чадалтай эрүүл сэтгэдэг залуусаа хүлээн зөвшөөрөх. Харамсалтай нь энэ зарчмаа хүмүүст хэлээд байхад ойлголгүй, өөрийн эрх ашгийн төлөө санал өгч, хоорондоо нэгдэн хор найруулж, аль сайныгаа хасч хаяад хол явахаар зүтгэж байгааг хараад гайхсан. Шоконд орсон. Маш хүнд үйл явц болсон л доо. Гэхдээ цаашид болохгүй зүйлийг л өөрчлөхийн төлөө би зорино. Зөвхөн төсөлд биш нийтээрээ нийгмээрээ байгаа дүр зураг л энэ. Боловсролтой, чадалтай хэсгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй, тэд нь цөөнх болдог. Манлайлсныхаа төлөө дарагддаг, тэгээд шантраад хойш суудаг тогтолцоо байж таарахгүй. Тиймээс би санаа бодлоо нээлттэй зоригтойгоор хэлнэ, тэмцэнэ. Чадалтай залуус гарч ирж өөрчлөлтийг хийгээсэй . Тэгж гэмээнэ Монгол улс богино хугацаанд хөгжинө үү гэхээс чадалтай нь дарагдаад чадваргүй нь удирдаад хол явахгүй ээ.
-Хасагдаад эргээд багтаа ороход уур амьсгал ямархуу байсан бэ?
-Тэр орой зарим хүмүүс үнэхээр буруу шийдвэр гаргачихлаа гэж хэлсэн. Тийм хүмүүсийг ойлгож байна. Буруугаа хүлээгээд шударга байх сайхан. Би сул доройдоо чадваргүйдээ хасагдах нэрсэд багтаагүй гэдгийг үзэгчид хараад мэднэ. Хүн өөрийн үнэт зүйлдээ л захирагдах ёстой. Надад эвгүй байгаагүй. Хэн нэгэнд гомдохгүй. Тэгээд л болоо.
-“Мөрөөдөл 2040”-д Г.Цэдэндамбаа Монгол Улсын Ерөнхий сайд болж мөрөөдсөн. Ер нь бол ийм мөрөөдөлтэй юу?
-УИХ-ын тамгын газарт ажиллаж байхдаа хэзээ нэгэн цагт энд эргэж ирж ажиллана гэсэн зорилтыг өөртөө тавьсан. Заавал эргэж ирнэ гэж андгайлсан, өөртөө. Төрийн ордонд ажиллаад төмөр царайлаад явах хангалттай боломжууд байсан. Хамгийн гол нь хүн өөрийнхөө мэдлэгийг арвижуулж туршлага хуримтлуулж чадвал, цаг үе тохироо нь бүрдээд ирэхэд хүссэн хүсээгүй очно. Ерөнхий сайд ч бай, манаач ч бай адилхан л улс орондоо өөрийн хувь нэмрээ оруулж байна гэж ойлгодог. Аливаа юм үе шаттай, цаг хугацаатай. Үүнийхээ дагуу туулах ёстой замаа туулаад явж байна. Ирээдүйг би тааж мэдэхгүй.
-Таны давуу тал юу вэ?
-Би хэзээд өөрийнхөөрөө байж чаддаг. Өөрийн бодлоо ярьдаг. Өөрийнхөөрөө сэтгэдэг. Шинэ бүхэнд автдаггүй. Хэлье гэснээ шууд хэлдэг. Хүмүүст таалагдахыг хичээдэггүй. Энэ нь намайг бусдаас ялгаруулж, хүчирхэг болгодог, миний содон шинж чанар. Хумсаа нууж яваад амжилтад хүрдэг хүмүүс бий байх. Би бол эсрэгээрээ.
-Сул тал чинь юу вэ?
-Өнгөрсөн хасалт дээр л гэхэд манай багийнхан фракц үүсгээд намайг хасах гэж байгааг мэдсэн. Гэхдээ үлдэхийн тулд ямар нэг бүлэгт нь нэгдээгүй. Болохгүй дээ, арай ч тэгэхгүй байлгүй дээ л гэж бодсоор тэр өдрийг хүргэсэн. Би гэнэн, итгэмтгий. Хүмүүс энэ зан дээр ажиллаж байна ш тээ.
-Харин та ямар сонголт хийсэн бэ?
-Би багийнхаа ирээдүйг, цаашдын өрсөлдөөнөө бодсон. Тэртээ тэргүй гурван сая хүн биднийг харж байгаа. Хамгийн сул, чадваргүй нь явах ёстой гэсэн зарчмын байр сууриа хадгалсан. Баг хамт олныхоо уур амьсгалыг эвдээд байгаа, улс төрийн карьер хийх хэмжээнд хүрээгүй тэр хүмүүсийн эсрэг саналаа өгсөн. Үүнийгээ би хэнээс ч нуухгүй. Чадалтай нь шигшигдээд яваг. Үнэхээр чадалтай бол би үлдэе. Надаас чадалтай хүмүүс байвал би хүлээн зөвшөөрөөд гарна. Сая ийм зарчим баримтлаагүй нь шоконд оруулсан.
-Амжилтад хүргэдэг хамгийн гол хүчин зүйл?
-Алсын хараа, амьдралын зорилго . Юу болохыг хүсч байна тэрнийхээ төлөө тэмцэх, үүндээ хүрэх тэмцэл тэвчээр юм. Унаж босоод өрсөлдөөд л байхгүй бол та хэзээ ч амжилтад хүрэхгүй. Шүд зуугаад л тэмц.
-Таны хамгийн зоригтой, золиос гаргаж хийсэн сонголт юу вэ?
-Зөндөө бий. Компьютер програм хангамжийн мэргэжлийг сонгож хэд хэдэн сургууль төгссөн хирнээ орхиод маркетингийн мэргэжил сонгосон. Энэ мэргэжлээрээ амжилттай ажиллах сонголт зөндөө байхад нийтийн төлөө үйлчлэхээр төсөл хөтөлбөрийн байгууллагуудад ажиллаж ирлээ. Энэ бүхэн миний хувьд эрсдэл байсан. Улаанбаатар хотоос Баянхонгороо зорих хүртэл эрсдэл. Энэ мэтээр цаг үргэлж сонголттой тулгарч, эрсдэл хийсээр явна даа.
-Хувийн амьдрал, гэр бүлийнхээ талаар танилцуулна уу?
-Эхнэр хүүхэдтэй.
-Та хэр их дэмжигчтэй вэ?
-Баянхонгор, Улаанбаатар, Дархан гээд ажиллаж байсан газруудад найз нөхөд, хамт олон зөндөө бий. Тэд маань үргэлж л цахим хуудсуудаар холбогдон баяр хүргэж урам өгч дэмжиж байна. Фэйсбүүкээр найзын хүсэлт өдөр бүр нэмэгдэж байна. Тэднийхээ итгэлийг алдахгүй. Үг, үйл минь үнэн бөгөөд зөрөхгүй.
-Төсөл зургаан сар хүртэл үргэлжилнэ. Сэтгэгдэл ямар байна?
-Яг өнөөдрийг хүртэл хадгалагдаж мэдрэгдэж яваа зүйл бол чадалтай олон залуусаар бахархахгүй байхын аргагүй. Төслийн энэ залуус шиг боловсон хүчин монголд зөндөө бий. Хамгийн гол нь чадалтай залуучуудаа төр улсынхаа төлөө өөрийгөө зориулж чадах боломжийг бүрдүүлэх механизм хэрэгтэй. Сайн засаглалыг ийм залуусаар л бүрдүүлнэ. Энэ хүмүүсийг л ашиглахгүй юм бол хөгжил ирэхгүй. Нөгөө талаас хичээлүүд их таалагдаж байгаа. Хэдийгээр удирдлагын академи төгссөн ч гэсэн миний мэдэхгүй судлаагүй шинэ зүйл их байна. 90 залууг ингэж сургана гэдэг маш том хөрөнгө оруулалт шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.manlailagch.mn