Цахилгаан халаагуураар халаалтаа шийдэж, үнийн урамшуулалд хамрагдах гэсэн гэр хорооллын иргэдийн хүсэлт УБЦТС компани дээр ирээд гацчихдаг, үйлчилгээ авахад хүндрэлтэй байна гэсэн иргэдийн гомдлын мөрөөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Цэнгэлмаагаас дараах тодруулгыг авлаа.
–Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй цахилгааны үнийн урамшуулал олгох ажлыг танай компани хариуцан ажиллаж байгаа. Энэ ажлын явц хир байгаа бол?
-УБЦТС компани агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдтэй урамшууллын гэрээ байгуулах, хуулинд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр төлбөр тооцох ажлыг 4 дэх жилдээ явуулж байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг Даргын хамтарсан 2013 оны А-13/А-30 тоот тушаал, захирамжийн дагуу 2014-2015 онд шилжих хүйтний улиралд 7 дүүргийн 108 хорооны гэр хорооллын айл өрхүүд урамшуулалд хамрагдах боломжтой. Эдгээр айл өрхүүд Агаарын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан 6 нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан тохиолдолд урамшууллын гэрээнд хамрагдах эрх нь үүснэ. Одоогийн байдлаар 67 мянга шахам айл өрх хамрагдсан. Үүнээс 3200 гаруй нь цахилгаан халаагуур хэрэглэх нөхцөл шалгуураа хангасан үлдсэн хувь нь дулаалгатай, хийн түлшний халаалттай, сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа, эрчим хүчний хэмнэлттэй гэр, байшин, амины орон сууцтай айл өрхүүд байна.
–Цахилгаан халаагуур ашиглаж халаалтаа шийдэх гэсэн иргэд ямар материал бүрдүүлж урамшууллын гэрээнд хамрагдах вэ?
-Цахилгаанаар халаалтаа шийдэх гэж байгаа УБЦТС компанийн гэрээт хэрэглэгчийн хувьд халаагуурын сертификат, халаагуур борлуулагч компаниас өгдөг НМХГ-ын дүгнэлт, халаагуур тавьсны дараах фото зураг, иргэний үнэмлэхний хуулбар, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дэвтэр зэргээ бүрдүүлээд харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө урамшуулалд хамрагдах хүсэлтээ гаргана.Харин 7.5 кВт-аас дээш суурилагдсан хүчин чадалтай халаагуур ашиглаж гэж байгаа бол техникийн нөхцөл авна.
–Халаагуур ашиглаж халаалтаа шийдэх гэсэн иргэдийн хүсэлтийг танай компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс шийдэх боломжгүй гээд буцааж байгаа тал дээр иргэд нэлээн бухимдалтай байна.
-Нийслэлийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачаалал их байгаа. Тэгэхээр халаалтаа цахилгаанаар шийдэх гэж байгаа хэрэглэгчдийн хүсэлтийг Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд хүлээн авахын өмнө юуны түрүүнд тухайн хэрэглэгчийн тэжээгдэж байгаа дэд станцын ачааллын хэмжээг харж, хүсэлтийг хүлээн авах эсэхээ шийддэг. Хэрвээ 80-аас дээш хувийн ачаалалтай бол шинэ холболт хийх боломжгүй. Учир нь арванхоёрдугаар сарын дундаас хойш эхэлдэг өвлийн их ачааллын үед энэ станцууд бүрэн хэмжээгээр ачаалагддаг. Станц хэт ачаалагдсанаас тоног төхөөрөмж халах, шатах зэргээр гэмтэл саатал гардаг тул хэрэглэгчдийн цахилгаан хангамж ид хүйтэн үеэр удаан хугацаагаар тасрах эсрдэл үүснэ. Энэ эрсдлийг үүсгэхгүй байх цаашилбал нийт хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн хэвийн найдвартай байдлыг хангахын тулд 80-аас дээш хувийн ачаалалтай станцад шинэ хэрэглээ нэмж холбохыг зөвшөөрдөггүй юм. Нийслэл хотод үүсээд байгаа цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай байгаа нөхцөл байдлыг айл өрхүүд зөвөөр ойлгож, урамшуулалд хамрагдах боломжтой цахилгаан эх үүсвэрээс бусад нөхцөл шалгуурыг хангаж манайд хандах, мөн халаагуураа авахаас өмнө Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөсөө тэжээгдэж байгаа станцынхаа ачааллыг тодруулж лавлаарай гэж зөвлөмөөр байна.
Б.ЭНХ