Янгирын сүрэг машины дуунаас сортос хийн үргэж хад дамжин дээшилсэн ч тэгсхийгээд тайвширч, эргэж харан зогсoцгоолоо.
Нарны төөнөх илчийг илүү ойрхноос мэдрэх шуналт сэтгэлээр өндийх агшинд хөл доор шаргих элсний ширхэг надад маш чимээгүй, томоотой байх үүрэгтэйг сануулсан тул чулууны араар нугдасхийлээ.
Энэ хэсэг хадны нэг нь болсон мэтээр өөрийгөө төсөөлөн хэвтэж буй би, өчигдөрхөн л их хотын шуугиант амьдрал дунд чихцэлдэж явсан. "Харин одоо судалгааны багийн гишүүн болчихоод, аргаль, янгир торонд шахаж барих, хүзүүвч зүүж, хэмжилт хийхэд оролцох гээд хүлээж байна. Үргээлэг хийхээр мордсон залуусын уухай хашгирах дуу тэнгэрт хадаж, туугдан ирэх аргаль, янгирын газар бөмбөрдөх туурайн чимээ сонсогдохыг анаж хэвтэх миний гарт гэрэл зургийн камер атгаастай. Боломж олдож гэмээнэ уулын хонины зургийг дарж үлдэхийг хүссэндээ тэр. Өчигдөр бид үдийн хэрд Их Нартад ирсэн.
Хүннү (МЭӨ209-МЭ93 он)хэв маягийг орчин цагийн загвартай хослуулж урласан дээлээр гангарсан нутгийн бүсгүйчүүд биднийг угтлаа. Өнгө хуарласан тэдний гоёл говийн нил шаргал өнгөөр бүрхмэл намрын байгалийн дунд тун ч содон. Хамгийн онцгой гоёл болох нүүр дүүрэн инээмсэглэлээ биднээс харамлаагүй бүсгүйчүүд зочдоо гэрт урьж, хоол, цайгаар дайллаа. Аяга дүүрэн мэлтэлзэх хөхөвтөр өнгөтэй сүүтэй цай эндхийн ус хужиртайг илтгэнэ.
Даланжаргалан, Айраг сумдын нутгийг дамнасан Их Нартын Байгалийн Нөөц газар нь 43 мянган га талбайг хамрах бөгөөд говийн аргалийн тархцын зүүн хойд хил нутаг тул 1996 онд орон нутгийн хамгаалалтад авчээ.
Цөлөрхөг хээрийн нүд алдам алслал дунд арсай барсай тогтсон хадны содон тогтцуудыг сонирхуулахаар нутгийн эр Баярмагнай аяллын багийг дагуулан гарлаа. Энэхүү аяллыг НҮБ-ын Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Сүлжээг Бэхжүүлэх төслөөс зохион байгуулж байгаа бөгөөд манай багт аяллын компаниудын туршлагатай менежерүүд багтсан юм. Сүлжилдэх замуудаас зөвийг нь сонгоно гэдэг нутгаа сайн мэддэг хүний хийж чадах ажил ажээ. Анх удаа очиж байгаа гэлтгүй хэд хэдэн удаа ирсэн аянчин ч энд ёс мэт төөрдөг гэнэ. Бидний анхны зогсоол Бичигт Хад байлаа.
үргэлжлэл: natgeotraveler.mn