МАН Бага хурлаа хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

МАН Бага хурлаа хойшлууллаа

МАН өнөөдөр 14.00 цагт Бага хурлаа хийхээр товлоод байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Бага хурлыг хойшлуулах шийдвэрийг тус намын Удирдах зөвлөл хуралдан гаргасан байна. Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэллээ. Мөн тэрээр МАН-ын Удирдах зөвлөл нь Бага хурлыг товлох, хурлыг цуцлах, хойшлуулах эрхтэй гэсэн юм.

Бага хурлыг хойшлуулах болсон шалтгааныг Засгийн газрыг хамтран байгуулах хүрээнд УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн зөвшилцлийн үр дүн нь Бага хурлыг зарлан хуралдуулах хэмжээнд хүрээгүй гэж үзсэн байна.

Энэ үеэр сэтгүүлч “Зөвшилцлөөр яг юу яриад байна вэ. МАН Засгийн газарт хамтарвал сайдын зургаан суудал авч, Ардчилсан нам сайдын долоон суудал авна гэдэг тохироондоо хүрч чадахгүй байгаа юм уу. Яг, юунаас болж хамтрах эсэх асуудлыг шийдэж чадахгүй байгаад хариулт өгнө үү” гэсэн юм.

Дээрх асуултад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Сайдын сандал ширээний асуудлыг талууд яриагүй. Эдийн засгийн хямралыг яаж даван туулах юм. Оюутолгой, Тавантолгойн гэрээний нөхцлийг өмнөхөөс нь дордуулахгүй байх ямар гарц хайж байна вэ гэдэг асуудлаар зөвшилцөл хийсэн. Намын бүлгүүдээс байгуулагдсан ажлын хэсэг дөрвөн ч удаагийн уулзалт хийсэн. МАН асуудлыг яаралтай шийдэхийн төлөө байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газарт хамтрах саналыг өнгөрсөн даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлэгт ирүүлсэн. Эл саналыг бүлэг авсан өдөртөө багтааж УИХ-ын гишүүн Су.Батболдоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Төрийн ажлыг гацаах, хойшлуулах зүйл хийгээгүй” гэж хариуллаа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж