Загвар сум, хороод туршлага судалцгаав

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

Загвар сум, хороод туршлага судалцгаав

Дан ганц төлөөллийн ардчиллаар хорин таван жил дагнаж буй монголчууд бид янз бүрийн алдаа, гацаа, будлиан, буруу зүйлд орж байгааг хүмүүс зүгээр харж суугаагүй юм. Ямар арга зам, гарц байгааг олж мэдэхийг хичээсэн хүн олон. Алдаа оноо, бүхий л зүйлийг иргэд болон судлаачид харж, харамсаж, юу хийж болохыг энэ урт удаан хугацаанд эрж хайж ирсэн, тиймдээ ч дан ганц төлөөллийн ардчиллаар бус шууд ардчилал, иргэдийн оролцоогоор нийгмээ өөрчлөх нь зөв гэсэн шийдэлд хүрсэн юм.

Аливаа иргэн эх орныхоо төлөө санаа тавьж, юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг хэлээд зогсохгүй, өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө гар бие оролцох эрхтэй. Посткоммунист буюу тухайн үедээ социалист хэмээн нэрлэгдэж байсан улс оронд олон арван жилийн турш “дээрээс” бүх зүйлийг “хэлдэг”, “хэлсэн”-ээр нь хийхгүй бол амь, амьдралаар нь хохироодог байсан учир эдүгээ хорин таван жил өнгөрөөд байхад ч олон иргэн хэн нэгэн миний өмнөөс шийднэ, би оролцох эрхгүй гэсэн сэтгэхүйгээсээ одоо хэр салж чадаагүй, салахаасаа эмээсээр байна. Гэтэл улс, нийгмээ жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд олон хүн, олон байгууллага иргэдийн эрхийг таниулан мэдүүлэх ажлыг хийсээр ирсэн. Жишээлэхэд, хорь гаруй жилийн хугацаанд Монгол орныхоо өнцөг булан бүрд хүрч, “Орон нутгийнхаа бүрэн эрхт эзэн нь иргэн та юм” гэсэн санааг уйгагүй хэлж ярьж ирсэн хүний нэг бол одоо НИТХ-ын АА-ны Иргэний оролцооны хэлтсийн даргаар ажиллаж буй Б.Баттүвшин юм.  

МУ-ын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн байдаг. Харамсалтай нь төлөөллийн ардчилал иргэдийн хүсэн хүлээсэн сайн сайхан өөрчлөлтийг бий болгож чадсангүй.

Сүүлийн жилүүдэд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар иргэний оролцооны асуудлаар маш олон ажлыг хийж ирлээ. Үүнд ШХА, АНУ-ын Азийн сан ихээхэн хувь нэмэр оруулж байгаа ба загвар сумд, загвар хороодын иргэд, удирдах ажилтнууд ороцсон олон удаагийн харилцан суралцах семинарыг зохион байгуулаад байна. Семинаруудын үеэр иргэд, удирдах ажилтнууд өөрсдийн санал, бодлыг чөлөөтэй солилцон, бие биенээсээ харилцан суралцаж, нутаг орондоо иргэдийн оролцоог хөгжүүлж, хөхүүлэн дэмжиж ирсэн юм. Иргэний оролцоог хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж буй хүмүүсийг дурдвал юуны өмнө МУ-ын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдоржийг нэрлэх нь зүйтэй. Иргэний оролцооны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж буй хүмүүсийн нэг бол МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор, дэд профессор А.Энхбат юм. Ихээхэн хичээл зүтгэл гарган иргэний оролцоог хөгжүүлж буй хүний нэг бол ШАХ-ийн Гүйцэтгэх захирал А.Саруул гэдгийг хүмүүс сайн мэднэ. Ямартай ч иргэний оролцоо, шууд ардчилал эргэлт буцалтгүй байр сууриа олж, бэхжиж байна. Энэ ололтыг улам бэхжүүлэх, иргэдийг жинхэнэ утгаар нь эх орных нь эзэд болгох үйлсэд уйгагүй зүтгэж буй загвар хороо, сумдынхны хийж бүтээсэн болон санаа бодлоос товчлон хүргэе.       

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга М.Баянсан: Бид Цоглог телевизээр сар бүр хэлэлцүүлэг явуулдаг. Мөн Азийн сангийн санхүүжилтээр Явуулын иргэний танхимтай болсон. Төв аймгийн сургалтын үеэр танхимаа аваачин танилцуулж, хэрэглэсэн. Одоо болох мал тооллогын үеэр явуулын танхимаа авч явж ажиллана. Энэ бол иргэдэд мэдээлэл хүргэх сайн арга юм. Заавал аймгийн төв оролгүйгээр асуудлыг шийдэх боломжтой. Төрд иргэний дуу хоолойг хүргэх сайн боломж болсон манай сумын Иргэний танхим өдөр бүр иргэддээ нээлттэй. Азийн сангийн санхүүжилтээр хэвлүүлсэн “Сүүн цагаан-Сайн цагаан” сонинг сар бүр гаргадаг. 350 төгрөгийн үнэтэй, дараагийн дугаараа орлогоороо хэвлэн гаргадаг. Баг руу явахдаа ЗДТГ-ын мэрэгжилтнүүдээ авч явж, багийн иргэдэд мэдээлэл хийлгэдэг. Хотын төвд байрлуулсан электрон самбараар бүх төрлийн мэдээллийг хүргэж байна. Төрийн болон ТББ-уудын хийсэн ажлыг шторк хэлбэрээр гаргадаг. Бид бас цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд зайны сургалт явуулах, цаг агаарын мэдээг тогтмол малчдад хүргэх зэрэг олон ажил хийж байна. Сумын өрх бүр радиотой болсон.            

Нийслэлийн ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа: Манайх 15 хэсгийн ахлагчтай, тэд бүх мэдээллийг иргэддээ хүргэдэг. Мессежээр мэдээлэл хүргэх талаар үүрэн телефоны дөрвөн оператортай гэрээ хийсэн. Мэдээллийн самбар ашигладаг. Одоохондоо мэдээлэл хүргэх төсөвгүй болохоор хоорондоо ярихад төлбөр гардаггүй утас ашиглах зэрэг бүх боломжийг хайж байгаа. Мөн захидлаар ч, телевизээр ч мэдээллийг хүргэж болно. Мэдээлэл хүргэх дээр ТББ-тай хамтран ажиллах арга замыг бас хэрэглэж болох юм.         

Иргэдийн оролцоо мэдээлэл хүргэхээс эхэлнэ. Иргэд мэдээлэл авч байж л өөрийн аж төрж буй нутаг дэвсгэрт юу болж байгааг мэдэх боломжтой. Иргэд асуудал шийдэхэд оролцох нь хэвшвэл нөгөө гэнэт өндөр барилга барих газар шөнөөр ухаад эхлэх зэрэг байдал үгүй болно. Зөвхөн сонгуулийн сурталчилгааны үеэр айлуудад нэр дэвшигчийн танилцуулгыг тараадгийг эс тооцвол урд өмнө нь иргэдэд мэдээлэл хүргэх талаар нэг их анхаарч байсангүй. Иргэний оролцоог хөгжүүлж ирсэн сум, хорооныхон мэдээлэл хүргэхэд тодорхой санхүүжилт хэрэгтэй болохыг өөрсдийн ажлын туршлагаар сайн мэдэх болсон юм. Одоо бидний боловсруулж байгаа, тун удахгүй УИХ-ын чуулганд өргөн барих Иргэний оролцооны хуулийн төсөлд иргэдэд мэдээлэл хүргэх зардлыг тусгаж өгсөн.

Загвар сум, хороодын харилцан суралцах семинараар олон асуудлыг хэлэлцсэний дотор жендерийн асуудал ихээхэн анхаарал татаж байв. Эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд дутмаг байна гэж зарим нь үзэж байхад зарим эрэгтэйчүүд байгалиас заяасан жамын дагуу эмэгтэйчүүд амьдралын бусад зүйл дээр илүү идэвхтэй байх нь зөв гэж үзэж байв. Жендерийн асуудлыг шийдэхийн тулд хүүхдүүдийг багаас нь тоглоом, хувцас зэрэг дээр ялгаваргүй үзэх нь зүйтэй гэсэн саналыг эмэгтэйчүүд гаргаж байв. Мөн ажил хөдөлмөрийг эрэгтэй, эмэгтэй хүний ажил гэж ялгалгүй, эрэгтэйчүүд ч цэцэрлэг, дунд сургуулийн багш байх нь хүүхдийн төлөвшилд чухал нөлөөтэй гэсэн саналыг гаргав. Харин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд зориулсан бүх юм байдаг гэж байлаа. Эрэгтэйчүүдийн холбоо байгуулъя гэхэд хэн ч ирдэггүй, эрчүүд өөрсдийн төлөө санал бодлоо хэлж чаддаггүй, харин эмэгтэйчүүд бол ил тод, асуудлаа ярьж, хэлэлцээд, шийдэж чаддаг гэж байв.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.Баатарсүрэн: Хүүхдүүдэд багаас нь тэнцвэртэй хандах нь зөв. Хөвгүүдийн  боловсролд эцэг эх нь илүү анхаарах хэрэгтэй. Цаашид эмэгтэйчүүд давамгайлах тал харагдаж байна.

Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга Н.Алтангэрэл: Эмэгтэйчүүдийн холбоо үйл ажиллагаа явуулахдаа эрэгтэйчүүдээ орхихгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Манай уламжлал нөлөөлж байгаа байх, гэхдээ эмэгтэйчүүд эрсдэлээ илүү тооцдог болохоор дундаас дээш шатанд бага оролцож байгаа болов уу.

Аливаа ажлыг бодлого боловсруулан хийдэг. Иргэний оролцооны бодлого тийм ч амаргүй. Бодлого боловсруулалт буюу тархи нь Төслийн зөвлөх, доктор, профессор А.Энхбат багш. Бодлогын хэрэгжилтийн ерөнхий хүрээ, төрийн эрх бүхий байгууллагууд болох ЕТГ, УИХ, ЗГ, СЯ-ны оролцоо, Орон нутгийн байгууллагууд болох ИТХ, ИНХ, ЗДТГ-ын оролцоо, Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, Иргэдийн оролцоо, Хандивлагч олон улсын байгууллагууд, донор орнуудын оролцоо, Хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг маш өргөн хүрээг хамруулан, бүхий л асуудлыг судалж дүгнэлт, зөвлөмж гарган, ярвигтай зүйлсийн уялдаа холбоог нэгтгэн, зангидаж, хэрэгжүүлэгч байгууллага, удирдлага, албаны хүмүүс, иргэдэд хүргэх, үр дүнг дүгнэх зэрэг олон ажлыг оновчтой зохицуулж байж л амжилтанд хүрнэ. Энэ бүгдийн ерөнхий дизайнер Энхбат багш Харилцан суралцах Үндэсний хоёрдугаар семинарт ороцлогчдод “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах бодлого”-ын хэрэгжилтийн явц ба хүндрэл, бэрхшээлийн талаар танилцуулсан ба иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн сонирхлын бүлгүүд, нийгмийн бүхий л төлөөлөл шууд оролцоогоор орон нутгийнхаа болон төрийн шийдвэр гаргах үйл явцад хамтран оролцох, хяналт тавих нөхцөл бололцоог бүрдүүлэх, төрийн байгууллагууд иргэдийн оролцооны соёлыг хүлээн зөвшөөрөх, хууль, эрх зүйн хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, аливаа шийдвэр гаргахдаа төр нь иргэдийн санал дээр тулгуурлан хамтран хэлэлцэж шийдвэр гаргаж хэвшүүлэхийн чухлыг тодотгон, иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизм болох өргөн хэмжээний хэлэлцүүлэг, засгийн газрын дэмжлэг, техникийн туслалцааг онцолсон юм.

2010 оноос хойшхи ололт амжилтыг дүгнэсний сацуу төрийн захиргааны бүх шатны байгууллагуудын санаачлага дутмаг, төрийн албан хаагчдын мэдлэг хангалтгүй, оролцогч талуудын үйл ажиллагааны уялдаа холбоо сул, юуг, хэрхэн, яаж хийхээ мэдэхгүй хэвээр байгаа, засаг захиргаа, хууль эрх зүйн үндсэн шинэчлэлтүүд хийгдэхгүй, удаашралтай байгаагаас хамааран бодлогын хэрэгжилтэнд сөрөг нөлөөлж буй тухай мөн өгүүлэв. Иргэдийн мэдлэг, чадавхи сул хэвээр байгаа боловч тэдний хүлээлт, идэвхи санаачлага их байгаа, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхи сул, улстөрийн нөлөөлөл хэт их хэвээр, аливаа шийдвэр гаргахдаа иргэдийг оролцуулах арга замыг хайдаггүй зэрэг зайлшгүй сайжруулах ёстой зүйлийг тодотгов. Илтгэлийн дагуу загвар сум, хороодын албаны хүмүүс болон иргэд санал бодлоо солилцон, зарим зүйлийг тодруулсан юм.

МУ-ын ЕТГ, ШХА, АНУ-ын Азийн сан хамтран зохион байгуулсан семинарууд асуудлыг бүлгээр хэлэлцэж шийддэгээрээ онцлог. Семинарт оролцогчид бүлгүүдэд хуваагдан, “Сум, орон нутгийн хөгжлийн хэтийн төлөвлөлт, шинэ сум төсөл”, “Төрийн үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал иргэдэд хэрхэн хүрэх”, “Иргэдэд мэдээлэл хүргэх арга хэрэгсэл”, “Төвлөрлийг сааруулах ба орон нутгийн эрх мэдэл” сэдвүүдээр ажиллаж, дахин бүлгүүдэд хуваагдан, сум, баг, хорооны түвшинд болон бодлогын түвшинд анхаарах зүйлсийн талаар зөвлөмж гаргасан юм. Бүлгүүд дүрсжүүлэх аргыг хэрэглэн хэлэлцүүлгийн үр дүнгээ бусаддаа танилцуулж байлаа. Хэлэлцүүлгийн явцаас иргэд, түүнчлэн албаны хүмүүс орон нутгийн асуудлаа сайн мэддэг, туршлагатай, санал бодлоо уралдуулж чаддаг болох нь ажиглагдав.

Семинарын үеэр АНУ-ын Азийн сангийн Засаглалын ахлах зөвлөх Эрин Вайсер “Үр дүнтэй иргэний оролцоо-Олон улсын туршлага” сэдвээр илтгэл тавьж, “Иргэний оролцоог хэрхэн тодорхойлж, хэмждэг”, “Иргэний оролцооны механизмууд”, “Олон улсын жишээ-ямар арга хэмжээг авч туршсан”, “Давуу ба сул талууд-оролцоог хангаснаар ямар үр дүнд хүрч болох” болон манай нөхцөл байдлын талаарх өөрийн бодлыг хуваалцсан юм.

Арван долоон загвар сум, хорооныхон семинарын үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцаж байснаас заримыг нь товчлон хүргэе.

Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Засаг дарга С.Өлзийсайхан: Хурал болохоос долоо хоногийн өмнө зарын хамт хурлаар хэлэлцэх сэдвээ иргэддээ хүргүүлдэг. Хурал бүрд соёл, спортын арга хэмжээ зохион байгуулдаг. Сар бүр нэг удаа багийн өрхүүдээрээ орж, мэдээлэл солилцож, ИНХ-ын шийдвэрийн хэрэгжилтийн явцыг танилцуулдаг. Олон ажил хийсний дотор Хадатын  рашааныг иргэдийн санаачилгаар тохижуулж, ашиглаж байна. Иргэдийн нөхөрлөл рашааныг хамгаалдаг болсон. Ингэснээр өрхүүдийн орлого нэмэгдэж, амьжиргаа сайжирч байна. Жуулчдын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Ер нь бол багийн төсөв хомс, сард 15 литр  бензиний нормтой, багаа ганц удаа тойроход л хүрэлцдэг. 

Төв аймгийн Зуун мод сумын ИТХ-ын дарга Д.Бэрцэцэг: Бид “Иргэдээ сонсъё” өдөрлөг зохион байгуулдаг. Мөн мэдээллийн өдөр зохион байгуулж, санал, хүсэлт хамгийн их ирүүлсэн байгууллага, хамт олныг урьж, асуултуудад нь хариулт өгч, иргэдийн санал, гомдлыг хүлээн авдаг. СОС буюу “Сурагч Оролцоо Санаачлага” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. ЕБС-ын ахлах, дунд ангийн сурагчдын дунд тусгай удирдамжийн дагуу төсөл хөтөлбөр зарлан “Төрөлх Сургуулиа хөгжүүлэхэд надад нэг санал байна” сэдвээр сурагчдын саналыг авдаг. Олон нийтийн хяналтын зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцүүлж, баг тус бүрээс нэг иргэнийг багийн ИНХ-аас санал болгосны дагуу сонгож, “Олон нийтийн хяналтын зөвлөл” байгуулан ОНХС-ын эхлэл, явц, гүйцэтгэлийн ажилд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Масс болон төрөлжсөн хэлбэрээр бид мэдээллийг хүргэдэг. Дуу бүжгийн өдөрлөг ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болж байгаа.

Хан–Уул дүүргийн 14-р хорооны иргэн Ж.Адъяа: Дөрвөн гишүүнтэй Иргэдийн бүлэг бий болгон ажиллаж байна. Төрийн үйлчилгээг Иргэдийн онооны картын аргачлалаар үнэлүүлж, тэднийг нийгмийн хариуцлагын хандлага, арга барилтай болгон чадваржуулах зорилготой. Ингэснээр төр, иргэний хоорондын харилцаа сайжрах ба төр, иргэний харилцан ойлголцол, итгэлцэл, хүндлэл өсөж, хамтын ажиллагаа илүү үр дүнтэй болно. Судалгаагаар гарсан асуудлын жагсаалтаас эн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай 3-5 асуудлыг иргэдийн санал асуулгаар тодруулдаг. Үйлчилгээ хүртэгч иргэд болон үйлчилгээ үзүүлэгчдийн нүүр тулсан уулзалт зэргийг бид зохион байгуулан  ажиллаж байна.

Ганц өдрийн дотор төвлөрлийг сааруулна гэж үгүй. Мэдээж хэрэг иргэний оролцоог хөрөнгө мөнгө зарцуулж байж л шийднэ. Иргэний оролцоог хөгжүүлж, мэдээлэл солилцооны урсгалыг сайжруулснаар одоо ч хэвээр байгаа төрийн хүнд суртал багасна. Дүрэм журмууд хоцорч гарч байгаагаас цаг их алдаж байгаа, зөвхөн донор байгууллагын төслийн хүрээнд ажилладаг, өөрсдийн санаачлага дутмаг, Ерөнхийлөгчийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй УИХ, ЗГ, СЯ болон салбар яамд муу ажиллаж байгаа зэрэг олон алдаа, дутагдал байгааг оролцогчид ярьж хэлэлцэн, янз бүрийн бүлгийн ажлуудын илтгэлүүдийг харилцан сонссоны дараа дахин бүлгүүдэд хуваагдан ажиллаж, сум, баг, хорооны түвшинд, мөн бодлогын түвшинд зөвлөмжүүдийг гаргаснаар семинар өндөрлөсөн юм.

“Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн харилцан суралцах семинарыг амжилттай зохион байгуулсан Азийн сангийн ажилтан В.Батчимэг, Ё.Гантулга, Б.Ичинхорлоо нарт талархал илэрхийлье! Харилцан суралцах ээлжит семинарт оролцож, өөрсдийн сайн туршлагыг хуваалцан, бэрхшээлүүдээ илэн далангүй ярилцаж, арга замуудыг хамтдаа хэлэлцэн хайж, тодорхойлон ажилласан загвар сум, хороодынхондоо цаашдын үйлсэд нь амжилт хүсье, сайн үйлс дэлгэрэх болтугай!

Доктор Р.ДАВАА

Шууд ардчилал хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж