Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимид агсаны 80 жилийн ойн хүрээнд Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал /ОУЭШБХ/ зохион байгуулж байна.
Өнөөдөр өглөө Хууль зүй үндэсний төвийн байранд эхэлсэн тус олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг нээж “Чимид сан”-гийн тэргүүн Ч.Батцогт үг хэлэхдээ, “Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг
Хүн зон амар жимэр амьдрахуйн арга ухаан мөн” хэмээн нэрт хуульч Б.Чимид агсаны хэлсэн мэргэн үгийг ардчилсан хууль засагт Монголын хуульч, өмгөөлөгчид эрхэмлэх ёстой хэмээн онцолсон юм.
Энэхүү ОУЭШБХ-д ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ы гавьяат зүтгэлтэн Б.Энхтүвшин, Академич, ШУ-yы гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл, Монгол Улсын анхны ерөнхийлөгч, П.Очирбат, Гавьяат хуульч Л.Баасан зэрэг хуульч, эрдэмтэд оролцож, илтгэл тавьж байна. Мөн “Б.Чимид- шинжлэх ухаан болон практик хүн, нээлттэй бөгөөд халуун дулаан сэтгэлт нэгэн” илтгэлийг ХБНГУ-ын Бавари муж улсын Захиргааны сургуулийн захирал асан доктор Ю.Харбих сонордуулсан бол Япон, БНСУ-ын судлаач докторууд мөн илтгэл тавилаа.
Б.БУД