Владимир Гройсман
Фото: Николай Лазаренко / "Коммерсантъ»
Дээд Радын дарга Украиныг цэцэглүүлнэ гэж амлав
Украины Дээд радын даргаар “Петр Порошенкогийн эвслийн” депутат Владимир Гройсман томилогдсон тухай "Украинская правда» сонин мэдээлэв.
Түүний төлөө депутатуудын 357 нь санал өгөв. Шинэ эрх баригч эвсэлд багтсан бүх таван нам түүнийг дэмжжээ. Украиныг Европын цэцэглэсэн орон болгохын тулд бүх хүчин чармайлтаа зориулна гэж Гройсман санал хураалтын өмнө хэлсэн байлаа.
Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр саяхан явагдсан ээлжит бус сонгуулиар сонгогдсон Дээд рад ажлаа эхэллээ. Дээд радын бүрэлдэхүүнд 423 депутат орсон байна. Крым, Луганск, Донбасст сонгууль явагдаагүй гэж үзсэнээс нийт 27 депутатын суудал онгорхой үлдэв.
ЛАВЛАХ: Владимир Гройсман
Владимир Борисович Гройсман 1978 оны нэгдүгээр сарын 20-нд Винница (Украин) хотод төржээ. Тэрээр 2003 онд Бүс хоорондын академийг хууль зүйн мэргэжлээр, 2010 онд Украины ерөнхийлөгчийн дэргэдэх Улсын удирдлагын үндэсний академийг тус тус дүүргэн “нийгмийн хөгжлийн удирдлага”, “бүсийн болон орон нутгийн төвшний удирдлага” гэсэн мэргэжлийн магистрын диплом авчээ.
Гройсман 1994-2005 онуудад арилжааны бүтцийн удирдлагад ажиллажээ. Винница хотын зөвлөлийн депутатаар 2002 онд сонгогдсон байна. Мөн хотын зөвлөлийн депутатын байнгын комиссийн дэд даргаар ажиллан хүний эрх, хууль ёс, депутатын ёс зүйн эрхийн асуудал хариуцаж байлаа.
Тэрээр 2006 онд Винница хотын даргын сонгуульд ялан Украины мужуудын хамгийн залуу мэр болжээ. Хотын даргын сонгуульд хоёр дахь удаагаа 2010 онд ялсан байв. 2014 оны хоёрдугаар сарын 27-нд Ард түмний итгэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орон Украины ерөнхий сайдын орлогч бөгөөд Бүсийн хөгжил, барилга, нийтийн аж ахуйн сайд болсон байна. 2014 оны долдугаар сарын 24-31 хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэжээ. Владимир Гройсман 2014 оны арваннэгдүгээр сарын 27-нд Украины Дээд радын спикерээр сонгогдлоо.
Владимир Гройсман “Гавъяаны” одонгийн ІІ, ІІІ зэрэг, Польш улсын Гавъяаны одонгийн загалмайгаар шагнагджээ. Гэр бүлтэй. Хоёр охин, хүүтэй.
Яценюкт итгэл хүлээлгэлээ
AP Photo/Efrem Lukatsky
Украины Дээд рад өчигдөр /арваннэгдүгээр сарын 27/-ны пүрэв гаригт Арсений Яценюкыг тус улсын ерөнхий сайдаар баталлаа. Түүний төлөө 341 депутат санал өгч, долоо нь түтгэлзэн, хоёр нь татгалзжээ.
Яценюкийн томилгоог Украины парламент алга ташин хүлээн авч, улаан сарнайн том баглаагаар баяр хүргэжээ. Ийнхүү Яценюк Засгийн газрын тагтад ерөнхий сайдын суудлыг эзэлсэн юм. Өмнө нь ерөнхийлөгч Петр Порошенко депутатуудад хандан “Эвсэл ерөнхий сайдаар Арсений Яценюкийг томилуулах хүсэлтэй байна” гээд түүнийг дэмжихийг уриалсан юм. “Ерөнхийлөгч хуулийн дагуу 15 хоногийн дотор ерөнхий сайдаа санал болгох хэрэгтэй. Харин надад энэ тохиолдолд 15 секунд л хэрэгтэй…” хэмээн Петр Порошенко хэлсэн байлаа.
ЛАВЛАХ: Арсений Яценюк
Украины улс төрийн зүтгэлтэн, 2014 оны хоёрдугаар сарын 27-ноос хойш ерөнхий сайдаар ажиллаж байгаа Арсе́ний Петро́вич Яценю́к 1974 оны тавдугаар сарын 22-нд Украины Черновцы хотод төржээ. 1996 онд Черновицкийн улсын их сургуулийг “эрх зүйн судлаачийн” мэргэжлээр дүүргэсэн байна. 2001 онд Черновицкийн худалдаа-эдийн засгийн дээд сургууль, Киев хотын худалдаа-эдийн засгийн их сургуулийг “тооцоо, аудит” мэргэжлээр тус тус дүүргэжээ 2004 онд Эдийн засгийн ухааны дэд эрдэмтний цол хамгаалав. Арсений Яценюк 1992-1997 онуудад “ЮРЕК-Лтд” гэх хуулийн компанийн ерөнхийлөгч байлаа. 1998-2001 онуудад Киев хотын “Аваль” банкны удирдлагын орлогч дарга байв. 2001 оны 9-11 саруудад Крымын автономит улсын Эдийн засгийн сайд, 2001-2003 онуудад Сангийн сайд нь байлаа. 2003-2005 онуудад Украины Үндэсний банкны орлогч дарга аар, дараа ньтаван сарын турш Одесса мужийн орлогч даргаар ажиллаж байжээ.
Ехануровын Засгийн газарт (2005—2006) Эдийн засгийн сайд, Януковичийн хоёр дахь Засгийн газарт (2007) Гадаад хэргийн сайд байлаа. Яценюк 2007—2008 онуудад Украины Дээд радын дарга байлаа. 2009—2012 онуудад “Өөөрчлөлтийн фронт” гэх улс төрийн намыг толгойлсон юм. 2012 оны зургадугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл “Нэгдсэн сөрөг хүчний” зөвлөлийг толгойлж байлаа. 2012 оны арванхоёрдугаар сарын 11-нээс 2014 оны гуравдугаар сарын 4 хүртэл Дээд радад Бүх Украины "Батькивщина» нэгдлийн жигүүрийг толгойлж иржээ. Мөн уг намыг 2013 оны зургадугаар сарын 14-нөөс 2014 оны дөрөвдүгээр сарын 27 хүртэл даргалаж байлаа. Ардын фронт намыг байгуулан 2014 оны есдүгээр сарын 10-наас толгойлж байна.
“Улбар шар хувьсгалын үеийн банкны нууц” гэсэн номын зохиолч нь Яценюк юм. Мөн тэрээр “Open Ukraine” буяны санг байгуулжээ. Гэр бүлтэй, Кристина, София гэсэн хоёр охинтой.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР