Хятадын дарга Си Жинпин болон тэргүүн хатагтай Пэнь Лиюан нарын хайрыг магтсан дуу цахим ертөнцөд хит болж байна. Энэ дууг анх байршуулсан сайтад нь наймхан өдрийн дотор 56 сая удаа хандаж, үзээд байгаа аж. Хятадын “Твиттер” гэгддэг “Weibo” сайтад энэ дууг сонсоод сэтгэл нь их хөдөлж уйлсан тухайгаа олон хэрэглэгч бичсэн байна.
Дууг Хэнань мужийн нэгэн хамтлаг зохион дуулжээ. Тус хамтлаг энэ дуугаараа олны анхаарлыг татаж, Хятадын шинэ жилийн гала тоглолтод оролцох магадлалтай болж байгаа гэнэ. Дуунд Си Жинпинийг ямар ч хүчирхэг бартай тулалдахаас буцахгүй, газар тэнгэрээс айдаггүй Хятадын “аав”, Пэнь Лиюаныг хамгийн сайхан цэцэгсийг өргөн барьвал зохих “ээж” хэмээгээд тэдний хайр бол домог” гэх мэтчилэн магтан дуулсан ажээ.
Си Жинпин, Пэнь Лиюан нарыг Ази-Номхон далайн эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд (Apec) оролцож байх үеэр энэ дууг зохиосон тухай хамтлагийн ахлагч Ю Рунзе ярьжээ. Үүний зэрэгцээ Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын тэргүүн хатагтайд өөрийнх нь алчуурыг нөмөргөж халамжилсан нь дуулиан тарьж байсан юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС