“Монос”-ын эмийн санчдыг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

“Монос”-ын эмийн санчдыг шүүж байна

“Фенобарбитал” эмийг тун хэтрүүлэн олгосноос16 нярайг хордуулсан гэх хэрэгт холбогдоод буй “Монос” эмийн сангийн ажилтнуудыг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болж байна. Шүүх хуралд мөн тус эмэнд хордсон 16 нярайн эцэг эх, ар гэрийнхэн ирсэн байгаа юм.  Эцэг эхчүүд “Бидний хүүхдүүд эмэнд хордсоноос хойш байнга өвдөж, эмнэлэгт үзүүлж,  хэвтэн эмчлүүлж байгаа. Цаашид ямар ч хүндрэл үүсэхийг хэлж мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хэлж мэдэхгүй байна. Шүүгчдэгч эмийн санч нь таван сартай жирэмсэн тул ямар нэгэн шийтгэл авахгүй байх гэсэн хардлага байна” гэсэн юм.

“Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нь өнгөрсөн наймдугаар сарын 8-9-нд “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосноос болж 16 нярай хордож, эмчлүүлсэн. Мөн “Монос-Улаанбаатар” компаний лавлахын эмч Д.Жавхлантөгс нь утсаар “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд мөн буруу өгснөөс мөн хоёр нярай хордох шалтгаан болсон гэдгийг прокуророос тогтоогоод байгаа юм.

Прокуророос Б.Эрдэнэчимэг, Д.Жавхлантөгс нарт Эрүүгийн хуулийн 106.2-т заасны буюу үүргээ биелүүлээгүйгээс өвчтөнд хүнд хүндэвтэр гэмтэл учруулсан гэх эрүүгийн хэрэг үүсгэж шүүгдэгчээр татаад байгаа. Хэрэв тэдний буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж