&#34Гадныхан манай хувцасны элементүүдийг ашигладаг&#34

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

&#34Гадныхан манай хувцасны элементүүдийг ашигладаг&#34

Х.Байгалмаа: Гадныхан манай үндэсний хувцасны элементүүдийг ашигладаг болжээ

Монголын загварын ертөнцийн хамгийн том шоу болох “Гоёл” наадмыг Монголын дизайнеруудын холбооноос 26 дахь жилдээ зохиож байна. Уг наадмын талаар тус холбооны нарийн бичгийн дарга Х.Байгалмаатай ярилцлаа.

-“Гоёл-2015” наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Бэлтгэл ажил хэр цэгцэрч байна?

-“Гоёл” наадам дэлхийн хувцас загварын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буйг харуулах зорилготой байдаг. Одоогоор наадамд оролцох загвар өмсөгчдийг гурван үе шаттай шалгаруулж байгаагаас 100 орчим загвар өмсөгч үлдлээ. Тэдний дунд дахин шалгаруулалт явуулж хаалтын тоглолтод 40-50 модель оролцуулах төлөвлөгөөтэй байна. “Гоёл” наадамд оролцохоор Америкаас дэлхийн супер модель Ирина Пантаева оролцох хүсэлтээ ирүүлсэн. Тэрээр ирэх сарын 1-нд Монголд ирнэ.

-Гадаадаас өөр зочид оролцох уу?

-Монголын дизайнеруудын холбоо өмнөх жилүүдэд олон оронтой хамтарч ажилласан. Энэ жил Хятад, Германы дизайнеруудыг урьсан. Гадаадаас цөөн зочин ирсний учир нь эдийн засаг, санхүүтэй холбоотой юм. Францаас хоёр жил дараалан дизайнеруудыг оролцуулсан ч энэ жил чадсангүй.

-Гадныхны нүдээр “Гоёл” наадам ямар байдаг бол?

-Манай үндэсний хувцсыг дахин давтагдашгүй, үнэтэй, хээнцэр гэж үнэлдэг. Сүүлийн үед гадны загваруудыг харахад манай үндэсний хувцасны элементүүдийг их оруулах болжээ.

-Энэ жилийн “Гоёл” наадмын онцлогийн талаар ярихгүй юу?

-“Гоёл” наадмыг анх 1988 оноос эхлэн Монголчуудад хувцаслах соёлыг түгээх зорилгоор зохион байгуулж эхэлсэн. Энэ наадам нь загвар зохион бүтээгч, үйлдвэрлэгч, загвар өмсөгчдийг нэгтгэж чаддагаараа онцлог юм. Энэ жилийн загварын долоо хоног энэ сарын 28-наас эхлэн ирэх сарын 3-нд хаалтын тоглолтоо хийнэ. Наадамд оролцож буй загвар зохион бүтээгчид хуваарийн дагуу өөрсдийн бүтээлээ танилцуулна. Оролцогчид өөрийн ур чадвар, сэтгэмжээрээ өрсөлдөнө. Бид хэн ирэх оны загварыг илүү сайн тодорхойлж, цаг үетэйгээ хөл нийлүүлж чадна тэр хүнийг шилдгээр шалгаруулах болно.

-Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонирхвол?

-Шүүгчдийг судалж байна. Одоогоор тодорхой болоогүй байна.

-Наадамд загварын тайзнаа эргэн ирж буй загвар өмсөгчид оролцох уу?

-Гэр бүлтэй болоод тодорхой хугацаагаар тайзнаа гараагүй удсан загвар өмсөгчид оролцоно. Ноднин Л.Уранбилэг ороогүй. Харин энэ жил орох хүсэлтээ өгсөн. Мөн Г.Хонгорзул , Б.Гангамөрөн зэрэг 20 гаруй загвар өмсөгч оролцоно.

-“Гоёл” наадмыг “Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаяр ивээн тэтгэдэг. Үүнээс үүдэн наадмын оролцогч загвар өмсөгчдийг түүнтэй холбон ярилцах юм. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Наадамд оролцож буй загвар өмсөгчид чадвартай, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн учраас шилдгээр шалгардаг. Хэн сайн байна тэр хүн шилдгээр шалгарна шүү дээ. Шалгарсан топ моделиуд маань хийж бүтээсэн ажилтай, олонд танигдсан байдаг. Би чухам яагаад ийм яриа гардгийг ойлгохгүй юм. Манай наадмыг Ц.Мянганбаяр захирал олон жил ивээн тэтгэж байна. Энэ хүн Монголын хувцас загварын салбарыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан.

-“Гоёл-2013” наадмын Топ модель О.Пүрэвдуламыг Ц.Мянган баярын эхнэр учраас шилдгээр шалгарсан гэх яриа байсан?

-О.Пүрэвдулам хэний эхнэр байх нь хамаагүй. Загвар өмсөгчийнхөө хувьд ур чадвараараа өрсөлдөж, шилдгээр шалгарсан. Түүнийг загварынхны хүрээнд авьяаслаг, олонд танигдсан, тайзны ур чадвар сайтай, өөрийн гэсэн өнгө төрхийг гаргаж чадсан шилдэг модель гэж үнэлдэг. Тэр хүний амжилтыг заавал нөхөртэй нь холбож ойлгох нь буруу юм.

-“Гоёл” наадамд шинэ залуу загвар өмсөгчид оролцох боломж хэр байдаг вэ?

-Загвар өмсөгч хүн ямар байх ёстой тэр шаардлагыг хангасан хүнд загварын босго үргэлж нээлттэй. Манай салбар олны нүдэнд ил байдаг учраас шаардлага өндөртэй байдаг. Зарим залуу загвар өмсөгчид шаардлага хангасан хэдий ч нүүр хагараагүйгээс тайзан дээр алдах тохиодол гарах нь бий. Тиймээс аль болох мэргэшсэн загвар өмсөгчдийг оруулахыг хичээдэг. Загвар өмсөгчдөд хатуу шаардлага тавьдаг учраас хэн дуртай нь тайзан дээр гарах боломжгүй. Гэхдээ хувцсаа амилуулж чаддаг, загвар өмсөгчийн техник алхалтуудыг төгс эзэмшиж, мэргэжлийн болж чадвал шинэ, хуучин загвар өмсөгчдөөс хэн нь ч оролцож болно.

-Та энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд залуу загвар өмсөгчдөд ямар шаардлага тавьдаг вэ?

-Би 20 гаруй жил энэ салбарт ажиллах хугацаанд үе үеийн загвар өмсөгчидтэй ажиллаа. Загвар өмсөгчдөд мэргэжлийн байх үүднээс өндөр шаардлага тавьдаг нь үнэн. Гэхдээ хувь хүнийхээ хувьд хатуу хандаад байдаггүй. Загварынхан маань ч мэднэ.

А.ЦЭЭСҮРЭН

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж