Засгийн газраас төсвийн орлого, алдагдлыг нөхөх болон тусгай бодлогын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор жил бүр Засгийн газрын үнэт цаас гаргадаг.
Засгийн газрын үнэт цаасны үлдэгдэл 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2,323,5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болох төлөвтэй байна.
Засгийн газрын үнэт цаасны хүү 2014 он гарсаар өсөх хандлагатай байна. Энэ онд мөнгөний хатуу бодлого баримталж, Монголбанк их хэмжээний төгрөгийн эх үүсвэрийг зах зээлээс татсан нь банкны хөрвөх чадварыг сулруулж, зах зээл дэх өрсөлдөөн, эргэлтийг бууруулсан юм. Бодлогын хүүг 2,5 хувиар нэмэгдүүлж, 12,0 хувь болгосон нь Засгийн газрын үнэт цаасны хүүгийн түвшин нэмэгдэхэд хүргэж байна.
Өнөөдөр Засгийн газрын үнэт цаасны зах зээлийн 93,5 хувийг арилжааны банкууд эзэмшиж байгаа юм. Хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлж хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хангах, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор боловсруулсан “Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах” журам батлагдсанаар Засгийн газрын үнэт цаасыг биржийн бус арилжаанаас гадна биржийн арилжаагаар давхар явуулах боломж бүрдэнэ. Ингэснээр арилжааны банкуудаас бусад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зах зээлд чөлөөтэй оролцох боломжтой болж, хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлнэ. Жижиглэнгийн үнэт цаасны зах зээлийг бий болгон хөгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг зах зээлд татан оролцуулснаар хөрөнгөө арилжааны банкны хадгаламжаас бусад төрлийн санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнд байршуулах боломжтой болно. Засгийн газрын үнэт цаас нь өгөөж өндөртэй, хүү болон үндсэн төлбөрийн орлогод татвар ногдуулдаггүй, эрсдэлгүй хөрөнгө оруулалт юм.
Эх сурвалж: zasag.mn