Жамъян хуурчийн 95 насны ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

Жамъян хуурчийн 95 насны ой тохиож байна

Өнөөдөр Монгол Улсын Ардын Жүжигчин,Төрийн шагналт, Зууны манлай морин хуурч Гомбодоржын Жамъян агсны 95 насны ой тохиож байна.

Ойн хүрээнд Г.Жамъян агсны үр хүүхдүүд болон Жамъян сан, нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж хамтран өнөөдөр 17:00 цагаас  Хүндэтгэлийн тоглолт зохион байгуулна.

Тоглолтод Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Монгол Улсын “Морин хуур”-ын чуулга, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид болон Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд уран бүтээлээ толилуулахаас гадна Жамъян багшийн үр хүүхдүүд ая дуугаа өргөж мэндчилгээ дэвшүүлэх юм байна.

Гомбодоржын Жамъян

Тэрээр Дорнод аймгийн Булган суманд төрсөн. Монгол улсын ардын жүжигчин /1979/ Гавьяат жүжигчин /1946/ Төрийн шагнал /1966/ тус тус хүртсэн.

Багадаа ааваараа морин хуур заалгаж аймгийнхаа наадамд хуурдаж, бүр улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон хуурчдын уралдаанд оролцож байсан энэ хүн урлагийн сургуульд 1936 онд суралцсан байна. Тэнд алдарт гавьяат хөгжимчин Д.Түдэв, С.Түвдэн нараар морин хуур заалгаж, сургуулиа төгсөөд Улсын төв театрт хөгжимчнөөр оржээ. Монгол ардын аялгуу дуунаас эхлээд Р.Шуманы “Бодол”, “Бяцхан дурдатгал”, А.Г.Рубинштейны “Аялгуу”, П.И.Чайковскийн “Баркороло” гэхчлэн үндэсний болон сонгодог хөгжмийн бүтээлүүдийг морин хуураар тоглож, уг хөгжмийн зэмсгийн аялгуу гаргах царыг нийтэд харуулсан алдарт хөгжимчин ажээ. Үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж нэгдсэн концертод амжилттай оролцсон учир Төрийн шагнал хүртжээ.

“Цогт тайж” жүжгийн “Алтан бүс”, “Амарсанаа” жүжгийн Гэрэлгуа, Амарсанаа нарын дуу, Ч.Ойдовын “Миний баясгалан” жүжиг, манай анхны бүжгэн жүжиг “Манай нэгдлийнхэн”-ий хөгжмийг зохиожээ. ДЗО-ны 4 удаагийн их наадамд морин хууртайгаа оролцож монгол ардын уртын дуу болон, дэлхийн сонгодог аялгуунуудаас тоглон шагнал хүртжээ. ХБДС-д 58 жил багшилж олон шилдэг хуурчдыг төрүүлсэн, гэрийн хөгжим гэгдэж байсан морин хуурыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургалтын хөтөлбөрт оруулж мэргэжлийн хөгжмийн зэмсэг болгож, дэлхийд сурталчлахад их хувь нэмэр оруулсан байна. Үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж нэгдсэн концертод амжилттай оролцсон учир Төрийн шагнал хүртжээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж