Арслангийн савраас луугийн аманд

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

Арслангийн савраас луугийн аманд

Одоогоос 17 жилийн өмнө Их Британи 155 жилийн турш эзэмшиж ирсэн Хонконгийг БНХАУ-д эргүүлж өгсөн түүхт үйл явдал дэлхий дахины чихийг соотойлгож байсан билээ. Тэр үед Англи, АНУ зэрэг барууны орны төр, засгийн тэргүүнүүд, бас олон нийт хонконг нийгэм, хонконгчуудын ардчилсан тогтолцоо, тэдний үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан чөлөөтэй хийх, сонгох эрхийн ирээдүйн талаар ихээхэн зовниж байжээ. Эдүгээ Хонконгод өрнөж буй оюутан залуусын жагсаалын өнгө төрх дэлхийн дахины анхааралыг татаж байгаатай холбогдуулан “Өнөөдөр” сонины 1997 оны 6-р сарын 20-ны  дугаарт хэвлэгдсэн энэхүү нийтлэлийг уншигч таньтай хуваалцаж байна. Хонконг төрхөмдөө 1997 оны 6-р сарын 30-нд буцаж одсон түүхтэй.

 

Галсангийн Батсүх, 2014.10.16

 

Хэдхэн хоногийн дараа Хонконг эх газрын мэдэлд шилжиж, Хятадын сүүлчийн эзэн хаадын өдрийн бодол, шөнийн зүүд биелнэ. Ийнхүү Хонконг БНХАУ-ын нэгэн автономит муж болж Бээжингийн заавраар амьсгалж эхэлнэ. Энэ зууны онцгой үйл явдлын тоонд аргагүй орж буй энэхүү түүхэн шилжилтийг Хятад улс өвөрмөц тэмдэглэхээр бэлтгэж дэлхийн улс гүрнүүдийн тэргүүлэгч нарыг урьж өргөн ‹‹наадамлах››-аар бэлтгэж байна.

 

 

‹‹Социалист›› Хятадын өнөө үед уг гүрний эзэн хааны зиндаанд залагдсан Дян Сяопин амьд сэрүүндээ дээрх их ‹‹наадам››-ын хүндэт зочин болох хүсэлтэй байсан боловч бурхан тэнгэр түүний хувь заяаг арай өөрөөр шийдсэн билээ.

 

Хятад улс ‹‹эх орноо нэгтгэх›› олон үеийн бодлогоо хэрэгжүүлж дэлхий ертөнцөд хүчирхэг гүрэн болох зорилгоо алхам алхамаар биелүүлсээр байгаа нь бодит билээ. Луу нь хэдийгээр үлгэр домгийн амьтан боловч Хятад аажимдаа луу лугаа хүчирхэг болж сартай нэгэн шөнө ‹‹галаар›› тургиж ертөнцийг чичрүүлж ч мэднэ. Тиймээс ч Хонконгийн шилжилт дэлхий нийтийн анхаарлын төвд байж түүний хэтийн хувь заяаг баруун, зүүнгүй бүгд сонирхож байна.

 

Ямар ч байсан тухайн үедээ хүчээр колончилсон Англи арслангийн ‹‹савар››-аас мултарсан ч шинэ цагийн Хятад луугийн аманд заавал орох хувь тавилан Хонконгод заяажээ.

 

Хонконгийн төрх

 

Хонконг нь манай гаригийн хамгийн баян чинээлэг хотуудын нэг болжээ. Одоогоос 156 жилийн тэртээ Их Британийн цэргийн хүчинд автагдаж хатан хааны эзэмшилд нэгдсэнээр тэр үеийн хар тамхины дайны түшиц газар болж байсан түүхтэй билээ. Мөн дэлхийн хоёрдугаар дайны эцэст Японы түрэмгийлэлд өртөж зовлон зүдгүүрийн далайг туулж байсан энэхүү бэсрэг арлын хот-улс өнөөдөр дэлхийн найман том худалдаачны тоонд орж, гадаад валютын нөөцөөрөө дэлхийг  тэргүүлэх долоон томчуудын нэгэн болжээ.

 

Байгалийн аливаа баялаггүй эдгээр жижиг арлыг дэлхийн чинээлэг гүрнүүдийн тоонд хүргэсэн гавьяа Хонконгийн 6,3 сая хүн амд ногдох ёстой гэж одоогийн амбан захирагч Кристофер Паттэн үздэг байна.

 

Хонконгийн эдийн засаг сүүлийн 35 жилийн турш жил тутам дунджаар таван хувь өсөж, нэгж хүнд ногдох нийгмийн баялагийн хэмжээгээрээ АНУ, Сингапурын дараа орж, дэлхийн хамгийн том усан боомт болсноос гадна банк, санхүү, тээвэр болон худалдааны нөлөө бүхий томоохон төвийн тоонд оржээ.

 

Хонконгийн хүн амын дундаж орлого 23000 ам. доллар бөгөөд тэндхийн дөрвөн хүний нэг нь аливаа нэгэн дээд сургуульд суралцдаг ажээ. Хүн амын дундаж наслалтаар зөвхөн Японы дараа, бага насны хүүхдийн эндэгдлээр АНУ, Герман болон Австралийн дараа тус тус ордог байна. Эдгээр тоо баримт нь зөвхөн сурталчилгааны зориулалттай мэдээлэл биш бодит амьдрал гэдэг нь ойлгомжтой. Тэнд гэмт хэрэг ялангуяа харгис хандлагатай гэмт хэрэг сүүлийн 10 жилийн турш тууштай буурч ирсэн бөгөөд хонконг нийгэм нь энх амгалан, тогтвортойгоороо онцлог гэнэ. Үүнээс гадна Хонконг нь дэлхийд хамгийн бага татвартай бөгөөд хамгийн өндөр өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай гэдгийг ОУВС-ийн саяхны судалгаа нотолсон байна.

 

Ийм амжилтад хүрсэн нууц чухам юунд оршино вэ? Энэ нь хятад гаралтай хонконгчуудын төрөлхийн уйгагүй хөдөлмөрч чанар, аливаа аж ахуйг нягт хөтлөх чадвартай л холбоотой аж. Үүний дээр эдийн засгийн чөлөөт зах зээлийн зарчимд тулгуурласан удирдлага, түүнд зохицсон нарийн чанд хууль, журмыг мөрдүүлэх чадвартай бөгөөд аливаа авилгад идэгдээгүй засаг захиргаа чухал үүрэг гүйцэтгэсэн гэж К. Паттэн өгүүлжээ.

 

Хонконгийг эх газрын мэдэлд шилжүүлэх Хятад-Их Британийн хамтарсан мэдэгдэл буюу хэлэлцээрийг 1984 оны 12 дугаар сард байгуулжээ. Уг хэлэлцээрээр Хятад нь ‹‹нэг улс, хоёр систем›› хэмээх зарчмаар Хонконгийг эргүүлэн авч түүний одоогийн нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоог ирэх 50 жилийн турш хөндөхгүй байх талаар үүрэг хүлээсэн хэрэг. Түүнээс хойш даруй 13 жилийн турш бэлтгэл хийж энэ жилийн зургадугаар сарын 30-ныг тэсч ядан хүлээсэн нь мэдээж. Өнөөдөр Бээжинийн төв талбайд тусгайлан зоосон аварга цагийн зүү Хонконгийн ‹‹англи›› байх хугацааны үлдэх өдөр хоногийг тоолон цохилох нь хятад хүн бүрийн сэтгэлд нэгийг бодогдуулна. Энэ нь аргагүй ч буй заа. Хорьдугаар зууны томоохон үйл явдал, Хятадын эзэн хаадын зүүдний биелэл юм даа. Түүхийн хүрд жам ёсоороо эргэж харь хүний мэдэлд хүчээр очсон газар нутаг хувь тавилангийн эрхээр эргэн нийлж байгаа нь эгэл жирийн асуудал гэлтэй. Гэвч дэлхийн соёлт олон нийтийн сэтгэл санаа чухам юунд зовнино вэ?   

 

Хятад араншин

 

Хятадын Засгийн газар Хонконгийг ‹‹Захиргааны онцгой бүс нутаг››-ийн статустай болгож шинэ захирагчаар Шанхай гаралтай Хонконгийн тэргүүн баячуудын нэг, 60 настай Тун Чиваг тодруулан залжээ.

 

К.Паттэн шилжилтийн дараах Хонконгод түүний төрөлх ‹‹хонконг төрх››-ийг хэвээр хадгалахын төлөө 1992 онд захирагч болмогцоо л тэмцэж эхэлсэн түүхтэй. Гэвч хятад араншинг дийлэхэд амаргүй биз ээ. Нэгэнт байгуулсан хэлэлцээрийн дагуу тасран одож буй хуучин эзэмшил газрынхаа хувь заяаны төлөө улайран тэмцэх юуных вэ?

 

Хятад ‹‹малгай›› тавьсанаас хойш Хатан хаанд ямар хүртээлтэй, тэр тусмаа ‹‹Сэм ах››-д ямар хамаатай вэ? Учир нь ардчилал, эдийн засгийн интеграци, тэдгээрийн дэлхийг хамарсан шинж чанар өнөөдөр улс хоорондын газар зүй, хил хязгаарын орон зай, саад тотгорын талаарх уламжлалт ухагдахууныг халж байгаад оршино.

 

Хонконг нь зөвхөн Их Британи болон Европын бусад хөгжингүй орнуудын төдийгүй АНУ-ын санхүү, эдийн засгийн тив, бүс нутгийн бодлого, эрх ашигт чухал байр суурь эзэлдэг нь нууц биш ээ. Тиймээс ч Хятад эздээр Хонконгод 2057 он хүртэл ‹‹гар хүрэхгүй›› гэсэн хатуу амлалт авахуулж чаджээ. Гэвч шинэ эзэд өвөрмөц ‹‹хятад›› аргаар амлалтаа зугуухан зөрчиж Хонконгийг ‹‹хятад төрх››-тэй болгох аянд нэгэнт мордсон нь далайн чанад дахь аваргуудын зэвүүцлийг төрүүлж эхлэв. Энэхүү ‹‹хятад төрх››-ийн аян нь дөнгөж өнгөрсөн жил чөлөөт сонгуулиар байгуулагдсан Хонконгийн ‹‹парламент››-ыгтарааж оронд нь Хятадын БХАТИХ-аас томилогдсон ‹‹түр хурал›› ажиллуулах шийдвэр гаргаснаас эхэлжээ. Хуучин эзэд нь хонконгчуудын төлөө тэмцэж уг асуудлаар олон улсын шүүхэд хандсан боловч  ‹‹Улаан Хятад›› авч үзээгүй орхисон аж.

 

Нөгөө нэг хурц асуудал нь хонконгчуудын үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан чөлөөтэй хийх эрхийг хуульчилсан үндсэн баримт бичгийг хүчингүй болгох шийдвэр гаргаж байгаатай холбоотой аж. Энэ нь уугуул хонконгчуудын дургүйцлийг хүргэж, ардчиллын ертөнцөд шуугиан дэгдээж, улмаар мөнөөх 50 жилийн бодлоготой холбогдох амлалтыг шууд эргэлзээнд оруулав.

 

Хонконгод суурьшсан 1100 гаруй компани, тэндхийн боомтод байрладаг америк цэргийн усан хөлөг болон хар тамхины наймааны дэлхийг хамарсан тэмцэл дэхь Хонконгийн нөлөө зэрэг нь ‹‹Сэм›› ахын эрх ашигтай холбоотой учир Хонконгийг дэмжих, хамгаалах бодлогоо 21 дүгээр зуунд ч тууштай үргэлжлүүлнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай М. Олбрайт саяхан мэдэгдэв.

 

Эдгээр шуугианыг дарах, Хятадын үнэнч ‹‹араншин››-г нотлохын тулд БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд ГЯЯ-ны сайд Цэн Цичень саяхан хийсэн мэдэгдэлдээ нөгөө ‹‹нэг улс, хоёр систем›› гэсэн зарчмаа дахин дахин тайлбарлаж,Хонконг нь Хятадын автономит эрхтэй бусад мужаас илүү онцгой автономит эрх эдэлнэ гэж цохон тэмдэглэжээ. Мөн Хятад нь Хонконгийн зөвхөн батлан хамгаалах болон гадаад бодлогыг л хариуцна гэж дахин тунхаглажээ.

 

Гэвч Хятад маягийн ‹‹социализм›› болон Хонконгийн капитализмын нэгдлээс ‹‹Хятад төрх››-тэй авилгалд гинжлэгдсэн, хүнд сурталд хүлэгдсэн засаг захиргаа, хатуу хяналттай хэвлэл, мэдээлэл ба социалист ‹‹чөлөөт›› зах зээл Хонконгод төрж болзошгүй дүр зураг гарч байгаад л хэргийн учир байгаа аж.

 

Хонконгийн нээлттэй хаалга

 

Хонконг болон Өмнөд Хятадын эдийн засаг эрчимтэй интеграцчилагдаж харилцан шүтэлцээтэй болсон нь Дэн өвгөний нээлттэй бодлогын номлол, Их Хятадыг нэгтгэх хүслэн биелэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

 

Өнөөдөр дан ганц Гуандун мужид гэхэд л 25000 үйлдвэр Хонконгийн захиалгат бараа үйлдвэрлэж байгаагаас гадна Хонконг нь эх газарт нийт дөрвөн сая гаруй хүнийг ажлаар хангаж байна. Тэрээр Хонконг нь Хятадын гадаад худалдааны хамгийн том түнш бөгөөд 1975 оноос хойш Хятадад орсон нийт гадаадын хөрөнгө оруулалтын 58 хувийг дангаараа эзэлж байна. Хонконгийн банк, санхүү, тээвэр, гадаад худалдаа, барилгын салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний 20-25 хувийг, аялал жуулчлал, зочид буудлын салбарын 50 гаруй хувийг эх газрын мэдлийн компаниуд эзэлдэг ажээ. Ийнхүү газар зүй, хүн ам, засаг захиргааны хувьд нэгдэн нийлэх, эдийн засгийн хувьд харилцан ‹‹уусах›› үндэс, нөхцөл бүрдсэн нь олон жилийн хятад маягийн өвөрмөц бодлого, үйл ажиллагааны үр дүн буйзаа. Ингэж ‹‹нэг улс, хоёр систем›› хэмээх улс төрийн шинэ зарчмыг хэрэгжүүлэхийг зэрэгцээ эх газрын иргэд хятад юань, хонконг долларыг хамт өвөртөлж ‹‹нэг улс, хоёр мөнгөн›› тэмдэгт хэмээх эдийн засгийн бас нэг шинэ ухагдахууныг дэлхий дахинд нотлох нь ээ.

 

Галсангийн БАТСҮХ

 

Нью- Йорк – Улаанбаатар

1997.06.20

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж