Хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдвал…

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

Хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдвал…

Бага насны хүүхэдтэй айл өрх бүрийн толгойны өвчин болдог нийтлэг асуудал юу вэ гэвэл “Цэцэрлэг” гэж бүгд хариулна. Хэрэв төр өнөөдрийнхөө хурдаар цэцэрлэг барих юм бол 100 жилийн дараа л өнөөдрийн цэцэрлэгт хүүхдээ оруулах эрэлтийг хангахаар байгаа аж. Иймд энэ асуудлыг хүүхэд харах үйлчилгээ /Child care/-гээр шийдэх саналыг Ерөнхийлөгч өргөн барьжээ. Уг төсөл нь гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баян-Сэлэнгэ, С.Ганбаатар нарын нэр бүхий гишүүдээс хүүхэд харах үйлчилгээг бий болгохтой холбогдуулан санаачилсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлтэй уялдаж буй бөгөөд өнөөдөр үдээс хойшхи хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэх юм.

 

 

НОМЕР НЭГ АСУУДАЛ: ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХДЭЭ ОРУУЛАХ ШААРДЛАГА

Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь, нийслэлд  74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Цэцэрлэгийн хүчин чадал өнгөрсөн жилийн байдлаар 100,3 мянга байгаагаас ашиглалт 133,2 хувь, нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадал 31,4 мянга байгаагаас ашиглалт 136,3 хувьтай байна.

Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ цоожлох, насанд хүрсэн хүний хамгаалалтгүй орхисноор гэрт үлдсэн хүүхдүүд бэртэж гэмтэх, гал түймэрт өртөх, осолдох, эндэх нь нэмэгдэх хандлагатай байна.

  • Тав хүртэлх насны хүүхдийн 8 хувь нь гэртээ ганцаараа цоожлогддог ба 10 хүртэл насны хүүхэд дүүгээ хардаг байна. Хүүхдийг ганцаар нь эсвэл 10 нас хүрээгүй хүүхдийн асрамжид үлдээх нь өрхийн аж байдлын түвшнээс хамааралтай, тухайлбал өрхийн аж байдлын түвшин доогуур байх тусам хүүхдээ насанд хүрсэн хүний хараа хяналтгүй гэрт нь үлдээх хандлагатай байна. Энэ нь эцэг эх нь ажил хийх, орлого олох хэрэгцээтэй холбоотой байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
  • Осол гэмтэлд өртсөн 2-4 насны хүүхдүүдийн 60,9 хувь нь гэртээ унаж, гэмтэх, түлэгдэх байдлаар гэмтсэн байна.
  • Асран харах, хараа хяналтын гадуур байгаагаас сар бүр 15 хүүхэд зүй бусаар хорвоог орхиж байна.
  • 12-24 сартай хүүхдүүд (47.8%, 118) түлэгдэлт өвчинд илүү эрсдэлтэй байна. Түлэгдсэн хүүхдүүдийн 84.2 хувь (208) нь гэртээ байж байхдаа түлэгджээ. Гэртээ химийн бодис болон галд түлэгдсэн 0-18 насны нийт хүүхдийн 44 хувь нь 4 хүртэл насны хүүхэд байна.

Эх үүсвэр: “Хүүхэд хөгжил-2010” Судалгааны тайлан 2010. ҮСХ, НҮБ-ын Хүүхдийн сан Хүүхдийн осол гэмтлийн өнөөгийн байдал. Судалгааны тайлан 2007. НҮБ-ын Хүүхдийн сан.

Иймд бага насны хүүхдийн эсэн мэнд амьдрах, хамгаалагдах, гэр бүлийн эдийн засгийн баталгаатай байдал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор бага насны хүүхэдтэй өрх гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж.

ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ ЗОХИЦУУЛАЛТ

Хуулийн төсөл нь хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд харах үйлчилгээг зохион байгуулах харилцааг зохицуулахад чиглэгджээ.  Төсөлд хүүхэд харах үйлчилгээ гэдгийг хүүхдийг асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа хэмээн тодорхойлж “Хүүхэд харах үйлчилгээнд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны хүүхдүүд хамрагдах”, “хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах байрыг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглана” “Хүн, айл амьдарч байгаа өрхийн орон сууц, гэр, байшинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахыг хориглоно”, “Хүүхэд харах төвийн байр, гэрт хүүхэд харах үйлчилгээнээс өөр аливаа үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, “үйлчилгээний нэг бүлэгт 12-20 хүүхэд хамруулж, өдөрт 12 цагаас илүүгүй ажиллуулах юм байна.” гэх зэргээр тусгажээ.

Хүүхэд харах нэг төвд багш, туслах багш, тогооч гэсэн гурван хүн ажиллах бөгөөд бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой, бие бялдар, сэтгэцийн хувьд эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мэргэжлийн сургалтад хамрагдсан 18-60 насны иргэд хүүхэд харах үйлчилгээний ажилтан байж болохоор  заасан ба уг үйлчилгээг эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтэд үндэслэн авах юм. Мөн үйлчилгээ эрхлэх гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга олгох бөгөөд үйлчилгээ эрхлэх этгээдийн бичиг баримт, өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын тав хоног дотор шйидвэрлэж, зөвшөөрсөн юм уу татгалзсан хариуг өгөх ажээ.

Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээг нэг хүүхдэд төрөөс олгох хувьсах болон хоолны зардал, эцэг эх, асран хамгаалагчтай харилцан зөвшилцөж тогтоосон үйлчилгээний төлбөр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас сайн дурын үндсэн дээр өгсөн хандив, тусламж зэргээр санхүүжүүлж үйлчилгээний орлогыг хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгажээ.

Энэхүү үйлчилгээг сургуулийн өмнөх боловсролд 2014-2015 онд хамрагдаж чадахгүй байх магадлалтай 52300 мянган хүүхдийг бүрэн хэмжээгээр хамруулна гэж тооцвол 2015 онд 54.4 тэрбум төгрөг шаардагдах  зардалтай ч  бага насны хүүхдээ харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг эх, асран хамгаалагчид тодорхой хөдөлмөр эрхэлснээр өрх, гэр бүлүүд орлоготой болох ач холбогдолтой бөгөөд 8798 иргэн ажил эрхлэх боломжтой болно гэж үзэж буй аж.  

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж