Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн энэ бямба гаригт буюу арваннэгдүгээр сарын 29-нд Спортын төв ордонд болох гэж байна.
Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээн эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66 кг-ын жинд болдгоороо онцлогтой. 22 хүртэлх насны залуучууд уг тэмцээнд оролцох боломжтой бөгөөд өнөөдөр тамирчдад мандат олгож, жин үзэж байна.
ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар 2009 онд зодог тайлсан билээ. Тухайн үед Монголын чөлөөт бөхийн холбооноос түүнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор уг тэмцээнийг анх зохион байгуулсан юм.
Хөнгөн жинд шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах зорилготой уг тэмцээнээс ОУХМ Б.Номин, Э.Бэхбаяр, Н.Түвшинтулга нарын тэргүүтэй олон шилдэг бөх төрөн гарсан байдаг. Тэмцээний талаар Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар хэлэхдээ “Бэлтгэл ажлаа хангаж дууссан. Одоо тэмцээн болох өдрөө хүлээж байна. Залуучуудын УАШТ-д оролцогчдыг 20 насаар заагладаг болохоор21, 22 настай тамирчид тэмцээний гадна үлддэг тал бий. Тиймээс би тэмцээнийхээ насыг 22 хүртэлх гэж тодотгож өгсөн юм” гэв.
Б.ЭНХ