“Ачтан” алдаагаа хүлээн зөвшөөрөх үү?

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

“Ачтан” алдаагаа хүлээн зөвшөөрөх үү?

“Ачтан” эмнэлэгт дурангаар цөсний чулууг авах мэс засалд орохдоо эмчийн хариуцлагагүй алдаанаас  эрүүл мэндээ  алдаж, эдийн засгийн хохирол амссан иргэн О.Түмэндэмбэрэл манай сайтад хандаж, болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ. Бид энэхүү  ярилцлагын мөрөөр  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, “Ачтан” эмнэлгийн удирдлагатай уулзаж, дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Бид эхлээд иргэн О.Түмэндэмбэрлийн сонгон очиж хагалгаанд орсон “Ачтан”  эмнэлгийг зорьсон юм. 

Учир нь News.mn сайтад нийтлэгдсэн ярилцлагын “Сэтгэгдэл бичих” хэсэгт "Ачтан" гэсэн нэрээр (122.201.25.*) 2014 оны 11 сарын 25-ны өдөр ….."Ачтан" эмнэлгийн мэс заслын эмч Б.Төмөрбаатараар цөсний чулуу авах хагалгаа хийлгэж алдаа гаргаснаас болж эрүүл мэндийн хохирол үзсэн шүдний эмч мэргэжилтэй О.Түмэндэмбэрэлийн С.Отгонсүрэнтэй хийсэн ярилцлагыг үзээд сэтгэл эмзэглэж байна. Дурангийн мэс засал хийхдээ цөсний ерөнхий цоргыг гэмтээснээс хоёр гурван эмнэлэг дамжин олон хонож хүндэрсэн 3 хүүхэдтэй энэ эмчийн хохирлыг барагдуулж туслах нь зүйн хэрэг мөн. Манай эмнэлэг дээр нийслэлийн мэргэжлийн хяналтаас шалгалт ирж Б.Төмөрбаатар эмчтэй хамт мэс засалд орсон 2 эмч, багийг шалгаж байна. Цаашид ЭМЯ-ны мэс заслын мэргэжлийн зөвлөл нарийвчлан шалгаж дүгнэлт өгснөөр асуудал тодорхой болж хууль хяналтын байгууллага эцсийн шийдвэр гаргаж хохирогчийн гомдлыг барагдуулна гэдэгт итгэж байна. Тухайн үед эмнэлгийн чанарын алба шалган эмчид хариуцлага тооцон ЭМЯ-нд асуудал тавьсан. Хохирогчийн ар гэрийн санал гомдлыг үндэслэн Сонгдо эмнэлэгт хийлгэсэн мэс заслын төлбөр төлснийг О.Түмэндэмбэрэл хэлсэн байна билээ. Хохирогчийн төлөө юу хүссэн болгоныг биелүүлэхэд эмнэлгийн хамт олон бэлэн байна. Шаардлагатай эмчилгээг үнэ төлбөргүй хийж туслахад бэлэн байна. "Ачтан" эмнэлгийн чанарын менежер…” гэсэн сэтгэгдэл үлдээсэн байсан юм.

Тиймээс бид эхлээд Чанарын менежер н.Энхжаргалтай уулзахаар өрөөнд нь очтол байсангүй. Утсаар нь залгаж лавлатал “Гадуур ажилтай  байна” гээд салгалаа. Харин эмнэлгийн дэд захирал З.Балдандугар бидэнтэй уулзаж, “Хаанаа ямар алдаа гарсныг эцэслэн тогтоогоогүй байхад эмнэлгийн зүгээс байр суурь илэрхийлмээргүй байна” гэснээр дараах товч тайлбарыг өглөө.

-Эмнэлгийн  зүгээс иргэний  хохирлыг барагдуулах чиглэлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэргэжлийн хяналт шалгалт хийгээд явсан. Ямар дүгнэлт гарсан талаар манайд  мэдэгдээгүй байна. Бид эцсийн хариу гарахыг хүлээж байна.

Хэдийгээр асуудал эцэслэгдээгүй ч танайд хийсэн анхны хагалгаанаас болоод ийм асуудал үүссэн учраас мэдээлэл өгөх үүрэгтэй гэж бодож байна?

-Үнэнийг хэлэхэд одоо ярилцлага өгмөөргүй байна. Асуудал тодорхой болж, дүгнэлт гарсны  дараа  байр сууриа илэрхийлнэ.  Бид  процедурын асуудлыг судалж байна. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг хэвлэл мэдээллээр өдөөж, хэтэрхий дайрч байна. Энэ салбарт ажиллаж байгаа олон мянган хүнийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх вэ гэдгийг бас бодох ёстой. Ямар нэгэн алдаа юмуу доголдол гарч болно. Тэр нь хэдэд нэг байдаг вэ гэдгийг бодох л ёстой. Нэг эмнэлэг, нэг асуудалдаа биш. Бүгд л хүмүүсийн эрүүл мэндийн төлөө хөдөлмөрлөж байгаа хүмүүс.

-Мянгад нэг тохиолддог гээд хариуцлага хүлээхгүй байна гэж байхгүй биз дээ?

-Би огт тийм байдлаар яриагүй. Ингэж дайрч болохгүй. Хүмүүс та нарын тавьсан ярилцлага, зургийг хараад “Ачтан” ийм хагалгаа хийсэн гэж ойлгож байна. Гэтэл манайд хийсэн хагалгаа ямар ч сорви үлдээгээгүй. Тэр зураг бол Японд хийсэн хагалгааны дараах зураг. Хүмүүс айж эхэлж байна. Гэхдээ бид хариуцлагаас зугтаагүй.


Г.Батнасан: Мэс заслын дараах хүндрэл үүссэн нь үнэн

Эмнэлгийн зүгээс ийм хариулт хэлж байна. Харин Нийслэлийн  Мэргэжлийн  хяналтын  байгууллагаас хийсэн шалгалтын талаар Улсын ахлах байцаагч Г.Батнасантай уулзаж тодруулахад дараах хариултыг өглөө.

-Иргэний гомдлоор танай байгууллага “Ачтан” эмнэлэгт   шалгалт хийсэн гэсэн. Шалгалтаар ямар дүгнэлт гарсан бэ?

-2014  оны 11 сарын 17-нд иргэн О.Түмэндэмбэрэлээс “Ачтан” эмнэлэгт цөсний хүүдийн дурангийн мэс засалд орж, хүндрэл өгсний улмаас “Сонгдо” эмнэлэгт болон Япон улсад  хагалгаа хийлгэж, их эрүүл мэндээрээ хохирсон тухай гомдол ирүүлсэн. Тухайн иргэний хувьд 80 гаруй сая төгрөг нэхэмжилж байгаа юм билээ. Гомдлын дагуу мэргэжлийн хяналтын  байгууллагаас “Ачтан” эмнэлэгт шалгалт хийсэн. Энэ шалгалтаар цөсний чулуу оношоор дурангийн хагалгаа хийсний дараа хагалгааны дараах хүндрэл гарсан нь тогтоогдсон. Иргэний хувьд эрүүл мэндээрээ  хохирсноос гадна   гадагшаа явж, хагалгаа хийлгэхдээ их хэмжээний зардал  гаргасан  учраас энэ зардлаа “Ачтан” эмнэлгээс нэхэмжилсэн байсан. Тиймээс  энэ асуудлыг харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст өнгөрсөн баасан гаригт шилжүүлээд байна. Манайхаас эцсийн дүгнэлт гаргаагүй.

-Анхны мэс заслаас алдаа гарсан гэсэн үг үү?

-Мэс заслын дараах хүндрэл  гарсан нь үнэн байна гэж үзсэн.

-Эмнэлгийн зүгээс  ямар тайлбар хэлж байна вэ?

-Эмнэлгийн зүгээс тус хагалгааг явуулахад багаж тоног төхөөрөмж, зохион байгуулалтад  зөрчил дутагдал байгаагүй гэдгээ хэлсэн. Шалгалт хийхэд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан, төлөвлөгөөт мэс заслын журмаар хийгдсэн хагалгаа байсан. Тохиолддог уу, гэвэл тохиолддог хүндрэл. Ялангуяа цөсний хүүдийг дурангаар авах мэс заслын дараа цөсний цорго гэмтэх тохиолдол илүү их байдаг гэсэн судалгаа бий.  Эмнэлгийн зүгээс ч бас ийм тайлбар өгч байгаа.

Хагалгаа хийсэн эмч ямар тайлбар хэлж байна вэ?

-Эмч Т-тай уулзсан. Гэхдээ ямар асуудал ярьсныг мэдээлэх боломжгүй. Хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно.


Иргэн О.Түмэндэмбэрлийн хувьд эдийн засгийн  хохирлоо “Ачтан” эмнэлгээс гаргуулахыг хүсч байгаа. Тэрбээр олон удаагийн хүнд хагалгаанд орсон, ажил хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан учраас “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс” буюу бидний хэлж заншсанаар групп тогтоолгосон байна. Энэ асуудлыг бид  эргэн сурвалжлах болно.

С.ОТГОНСҮРЭН

Иргэн О.Түмэндэмбэрэлийн ярилцлагыг ЭНД-ээс уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж