Дарханы дэвжээнд дээгүүр үзэх нь хэн, хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

Дарханы дэвжээнд дээгүүр үзэх нь хэн, хэн бэ?

Дархан-Уул аймгийн Дархан сум буюу бидний нэрлэж заншсанаар Дархан хотноо үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан ирэх сарын 5-7-нд болохоор болжээ. Энэхүү барилдаан нь алдарт бөхчүүдийн залгамжийг нээн тодруулах, үндэсний бөхийн ёс уламжлалыг залуустаа төлөвшүүлэх, мөн энэхүү барилдааны түүхэнд тодорсон бөхчүүдийн амжилт бүтээл, ажил үйлийг олонд таниулах зорилготой болж буй бөгөөд энэхүү барилдааны алт мөнгөн медальт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, Монгол улсын өсөх идэр, улам нэмэх начин Жанцангийн Чулуун агсны нэрэмжит болгон зохиохоор болжээ.

Жанцангийн Чулуун начин энэхүү тэмцээнээс 1976 онд алтан медаль, 1977 онд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд төрийнхөө их баяр наадамд гурвантаа шөвгөрч, начин цолоо хоёр баталсан, самбо, жүдо бөхийн спортын мастер цолтой үнэн хүчит бөх байлаа. Тэрбээр анхны ерөнхийлөгчийн тангараг өргөх барилдаанд түрүүлж “Ерөнхийлөгчийн бөх” хэмээх алдрыг ард олноосоо хүртсэн бөгөөд олон жил амжилттай сайхан барилдсан харилтгүй хүчит бөх байсан билээ.

Өнөө жилийн тэмцээнд 1994 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс 1995 оны арванхоёрдугаар сарын гучин нэгний хооронд төрсөн буюу 19-20 насны залуус өрсөлдөнө. Бөх сонирхогчдын анхаарлыг ихээхэн татдаг энэхүү барилдаанд хэн хэн дээгүүр өрсөлдөх магадлалтайг уншигчдадаа хүргэе.

1. Өлзийбаярын Дүүрэнбаяр. Жүдо бөхөөр Монголын хүнд жингийн ирээдүй гэдгээ нотлож дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн энэ залуу өнөө жил хорин настай. Улсын заан өвөөтэй, улсын начин аавтай энэ залуу өөрөө аймгийн начин цолтой бөх. Энгийн нэг аймгийн начин биш улсын наадамд гурав давсан бөх юм. Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль аль алиныг авч байсан тэрээр өнөө жил Дарханд зодогловоос эхний гуравт, магадгүй хамгийн өндөрт ч зогсож магадлалтай.

2. Бередмуратын Серик. Төрсөн өссөн газар нь Дархан чигт дуулддаг энэ залуу өсвөр үед ч дөмөг нь байсан, залууст ч “чөмөг” нь байсаар байна. Өнгөрсөн жил уг тэмцээний аваргын алтан медалиас атгаад алдсан бөгөөд өнөө жил аварга болохоор бэлтгэлээ чамбайруулж байгаа сурагтай байна. Тэвчээртэй, нягт барилдаантай, түүний дээр цөөнгүй жил зодоглосон хашир туршлагатай энэ залуу баттай медальд хүрэх биз ээ.

3. Даваасүрэнгийн Аззаяа. Хэнтийн нэмэх начин өсвөр үе залуучуудад долдугаар байр эзэлж байсан. Биеэ сайн сулладаг, бяр жин ихтэй түүнийг өнөө жил медальд хүрэх болов уу хэмээн бөх сонирхогчид ярилцаж байна. Саяхан сургуулийнхаа аваргад үзүүрлэсэн бөгөөд барагтайд хазайхгүй байна лээ.

4. Ядамсүрэнгийн Бумбаяр. Өнөө жил Баянхонгорын Баян-Өндөрт түрүүлж сумын заан болсон энэ залуу Говь-Алтайн Эрдэнийх. Нааж хавирдаг, наалдаж хөлд ордог, хонгоддог, хутгадаг элдэвтэй барилдаантай. Өсвөр үе, залуучуудаас уран барилдааны шагналтай түүний хувьд өнөө жил дээгүүр үзэх нь тодорхой.

5. Батмөнхийн Содхүү. Өнгөрсөн жилийн энэ барилдаанд Говь-Алтайн Э.Жүгдэрнамжилд унаж шигшээгээс мултарсан ч өнөө жил дээгүүр үзэх бөхийн нэг гарцаагүй мөн. Эрэмгий дайчин барилддаг тэрээр хэнд ч бярдуулахгүй онцлогтой бөгөөд харин хэнийг ч бярдах арал, нуруу тэгш залуу. Бөхийн өргөөний сумын заануудад шөвгийн даваанд гарч барилддаг түүнийг хэр барилдахыг хэд хоногийн дараа үзэх боломжтой.

6. Очирын Баярцогт. Аралтай, биеийн галбир хийц сайхантай энэ залуу хатуу өрсөлдөгчдийн нэг. Өнөө жил хорин насандаа аймгийн начин цолд хүрсэн бөгөөд өсвөрийн улсын аваргаас дээр өгүүлсэн мундагуудтай өрсөлдөж зургадугаарт шалгарч байсан.

7.Эрдэнэбатын Лхамхүү. Уран барилдаанаараа нэгэн үе гайхуулж явсан гэгддэг, улсын начин Ж.Гэлэгийн удмын энэ залуу өсвөр багаасаа барилдсан бөх. Бяр хүч сорих тэмцээнд бага насандаа оролцож байсныг уншигчид санаж буй нь лавтай. “Strong men” хэмээх тэмцээнд хамгийн залуу нь арван таван настай Увсын Э.Лхамхүү оролцож байна хэмээн зурагтаар гарч байлаа. Тэгвэл тэр хүү өдгөө хорин нас хүрч, бяр хүч ид жагсчээ. Өсвөрийн улсын аваргаас медаль авсан үе шигээ өнгөтэй сайхан барилдвал медальд ч хүрч болно доо.

8. Энхмэндийн Өлзийсайхан. Хөвсгөлийн энэ хүүгийн тонгороо мэхийг хорих хүн ховорхон болов уу үе насныханд нь. 2012 оны өсвөрийн улсын аваргад дөрөвдүгээр байрт орохдоо арван тав, зургаан удаа солгой тонгорон давж, уран барилдааны шагнал авч байсан тэрээр сүүлийн үед гэмтэл бэртлээс шалтгаалж төдий л барилдахгүй байна. Хэрэв зодогловоос хэнд ч амар даваа өгөхгүй ээ.

9. Тогтохын Эрхэмбаяр. Цэргийн начин Тогтохын хүү цэнэж барилдвал шагналт байрт элбэгхэн орно. Хараатай, нягт барилддаг энэ залуу сүүлийн үед зодоглосонгүй. Магадгүй Дарханы дэвжээнд даацтай үзэхээр бэлдэж байгаа болов уу. Өсвөрийн улсын аваргын зургадугаар байрын шагналтай.

10. Ганбаатарын Эрдэнэбаяр. Улсын начин Ишдоржийн Ганбаатарын хүү тэрээр “Аварга” дээд сургуульд суралцаж байна. Биеийн хийц галбир, алхаа гишгээ намба төрхийг Монголын нэгэн цуут аваргын залуугийнх шиг хэмээн бөхийн том мэргэжилтнүүд үнэлсэн бөгөөд аралтай бяртай энэ хүү аавынхаа цолд хэзээ нэгэн цагт хүрэх биз ээ. Хүрэхийн өмнөх хүнд сорилтуудын нэг нь залуучуудын улсын аварга байх болов уу.

11. Будаагийн Батсайхан. Ойгүй бяртай гэгддэг энэ залуу өсвөрийн улсын аваргад төдий л сайн үзээгүй ч сүүлийн хоёр жил сүрхий сайжирсан юм. Хэнээс ч айхгүй, бэргэхгүй хийх гэснээ хийдэг онцлогтой бөгөөд бярдаж мушгих мэхийг нь барагтай хүн тогтоодоггүй гэлцдэг.

12. Ганболдын Төрмөнх. Дорнодын шинэ начин ирэх жил ч мөн зодоглох эрхтэй. Гэхдээ ирэх жил гэж алгуурлалгүй өнөө жил эвгүй үзэх магадлалтай. Хийц галбир, хийсэн мэхэндээ даацтай байгаа зэрэг нь хэн ч гэлээ харууштай сайхан. Төрсөн ах Төрболд нь ч мөн зодоглох болов уу.

13. Батсүхийн Зоригтбаатар. Өсвөрийн улсын аваргаас алтан медаль хүртсэн, эрмэг, зоримог, эвгүй барилдаантай энэ залуу залуучуудад анх удаа зодоглоно. Зоригтой барилдаад байхад Зоригтбаатар барагтай унахгүй дээ.

14. Энхтөрийн Мөнхбаатар. Улсын аваргаас хүрэл медальтай энэ залуу өнөө жил хөдөөгийн хүчтэн барилдаанд аймгаа төлөөлөн зодоглосон бөгөөд түүийхээ дараа “Аварга” сургуулийн оюутан болжээ. Сумын цолтны барилдаанд бас ч эвгүй барилдаж байгаа түүний хувьд бяраа тооцож, мэхээ гүйцээж барилдвал цөөнгүй даваа авах боломжтой.

15. Энхбатын Жүгдэрнамжил. Бэртэл гэмтлээс болж дөмөг үзэхгүй байгаа ч бэргэж айлгүй сайхан барилддаг бөх бол сумын харцага Жүгдэрнамжил юм. Тайшир сумандаа жил дараалан үзүүрлэсэн бөгөөд “олон” сумын заан Ойдовын Энхбатын хүү билээ. Өнгөрсөн жил Дарханд эвгүй үзсэн шиг ээ өнөө жил ч өөр үзэх магадлалтай.

Дээр нэрлэсэн залуусаас гадна Төвийн Б.Самданжамц, И.Мандах, Н.Дашдаваа, У.Цэндпүрэв, Б.Билгүүн, Хөвсгөлийн Ө.Ган-Эрдэнэ, Г.Өнөрбат, Увсын Д.Цэнд-Аюуш, Ц.Намжилдорж, Т.Төгсжаргал, Орхоны өндөр Мөнх-Эрдэнэ, Өвөрхангайн Х.Дашзэвэг, Б.Содномжамц, Сэлэнгийн Б.Очирхуяг, Дарханаас оролцох Хөвсгөлийн Г.Буянбат нар ч өрсөлдөнө.

Тус тэмцээний талаар дэлгэрэнгүйг манай сайтаас уншаарай.

Т.Түмэндэмбэрэл

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж