Испанийн алдарт “Барселона” клуб Аваргуудын лигийн тавдугаар тойрогт Киприйн “АПОЭЛ” клубыг 4:0-ээр буулгаж авсан билээ. Тэгвэл энэ тоглолтын дараа “Барса”-гийн дасгалжуулагч Луис Энрике тоглолтын талаар болон анхны гоолоо оруулсан Суарез, рекорд эвдсэн Мессигийн талаар өөрийн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэрбээр “Сайн өрсөлдөгчийн эсрэг тоглож хожил авсандаа баяртай байна. Би өөрсдийнхөө хэв маягаар л тоглосон. Сайн ч байлаа. Бид “АПОЭЛ”-ийг дутуу үнэлээгүй, тэд бол сайн баг. Манай багийн тоглогчид эрчимтэй, өндөр төвшинд тоглосон. Тэр хэрээрээ өрсөлдөгчдөө зай гаргаагүй.
Суарез энэ тоглолтод гайхалтай гоол оруулсан. Гэхдээ тэр дамжуулалт өгөх, баг оноо авахад өөрийн бүхий л боломжоор тусалж байгаа. Месси бол бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч. Тэр биднийг цаашид ч гайхшруулсаар байх болно” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn