Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр хар тамхи худалдан борлуулсан, хадгалсан, худалдах зорилгогүйгээр олж авсан гэх Г.Сарангэрэл нарын таван хүний хэргийг хянан хэлэлцлээ. Хэргийг хянаад дөрвөн шүүгчдэгчийн ялыг хэвээр үлдээж Г.Сарангэрэлийн ялыг хөнгөрүүлсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс Т.Халиуныг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон жилийн хорих ял оноосон. Харин Г.Сарангэрэл, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарыг бүлэглэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Сарангэрэлийг 1.6 жил, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарыг 1.2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм. Ингээд өнөөдрийн хяналтын шатны хуралдаанаар Г.Сарангэрэлийн ялыг дөрвөн сараар хөнгөрүүлжээ. Учир нь Г.Сарангэрэлтэй хамт ял сонссон охид адил гэмт үйлдэлтэй байхад 1.2 жилийн ял оноосон тул ялыг ижилсүүлэн ийнхүү хөнгөрүүлсэн гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.
Шүүхээс Г.Сарангэрэл нарыг ямар хэрэгт буруутгасан талаар мэдээлэхэд,
Т.Халиун нь өнгөрсөн гуравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт “Тоёота Веросса” маркийн машинтай явж байхдаа Г.Сарангэрэл нарт Метамфетамин гидрохлорид бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх ice /мөс/ гэх бодисыг 150 мянган төгрөгөөр борлуулсан аж. Мөн мөн биедээ 1.6 гр ice /мөс/ гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлджээ.
Харин Б.Энэрэл, X.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Отгончимэг нар бүлэглэн Т.Халиунаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх Метамфетамин гидрохлорид бүхий ice/мөс/ гэх бодисыг 150 мянган төгрөгөөр худалдан авсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.
Д.ЖАРГАЛ