“Нийслэлийн Замын цагдаагийн газраас шинэ жилийн баярыг угтан автомашин журамлах тарифдаа хямдрал зарлан 55 мянган төгрөг болгожээ” гэх мэдээлэл хоёр хоног цахим ертөнцөөр түглээ.
Үнэхээр электрон барааны дэлгүүр шиг баяр тохиогоод sale зарласан уу, угаас ийм тарифаар журамлах ёстой байсан уу гэдгийг сонирхлоо.
Өмнө нь зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд орхисон, бусдын хөдөлгөөнд саад болсон, зүй бусаар байрлуулсан автомашиныг хөдөлгүүрээс нь хамааран 70-90 мянган төгрөгийн торгуультайгаар журамладаг байсан.
Энэхүү тарифыг өмнө нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга баталсан гэнэ. Харин иргэдээс “Энэхүү торгуулийн хэмжээ хэт өндөр байна.
Ачилтын хувийн компаниуд орлогоо бодож ачиж журамлахаа урьтал болгосноор жолоочид хохирч байна. Торгуулийн хэмжээг дахин шалгаж тогтоох” тухай гомдол, хүсэлт цөөнгүй иржээ. Ингээд иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн Замын цагдаагийн газраас ажлын хэсэг гарган судлаж үзээд автомашин журамлах тариф 55 мянган төгрөг байх нь зүйд нийцэх юм байна гэж тогтоосон гэх.
Өөрөөр хэлбэл 30 километрийн доторх зайд автомашин ачиж зөөвөрлөх зардал, ажилтнуудын цалин, зогсоолын төлбөр гээд 55 мянган төгрөг байхад хангалттай гэдгийг нотолж.
Энэ журам хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа энэ хугацаанд төрийн байгууллагууд хувийнхантай нийлээд иргэдээс 15-35 мянган төгрөг илүү хумсалдаг байжээ гэж хардах иргэд ч цөөнгүй байгаа бололтой.
Гэтэл хэдий орчим төгрөгийг зогсоолгүй нийслэлд зогсоол хайн зүдэрч байгаа жолоочдоос “сэгсэрдэг” байсан гэдгийг тогтоох нь бараг боломжгүй гэнэ. Учир нь “ОЧУТ”, “Хас транс”, “Авто гранд мастер”, “Тэнүүн Огоо”, “ВММL-2”, “Ачит Сэлэнгэ” зэрэг хувийн компаниудын ачилт хийсэн мэдээлэл улсын мэдээллийн санд ордоггүй юм байна. Өөрөөр хэлбэл ямар ч хяналт байдаггүй гэсэн үг.
Ийм учраас л ачилтын компаниуд жолоочоос нь зугтаах шахуу хурдтайгаар автомашиныг нь чирээд алга болдог юм байна гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Ямартай валюутын ханш 1900 төгрөгт хүрч, юм бүхний үнэ нэмэгдэж байгаа энэ үед ганц ч гэсэн зүйл хямдарч байгаад талархах нь зүйтэй байх л даа.
Д.ЖАРГАЛ