Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулахтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэгтэй зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр 12.00 цагт Төрийн ордонд эхлүүлсэн юм. Уг уулзалтаар хэлэлцсэн асуудлын талаар дөнгөж сая УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн Су.Батболд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн уулзалтаар талууд үндсэн хоёр асуудлыг хөнджээ. Нэгдүгээрх нь, үүсээд байгаа эдийн засгийн хямралыг хэрхэн давах туулах юм. Энэ хүрээнд Ардчилсан нам ямар санал дэвшүүлж байгаа юм. Хоёр дахь асуудал нь засаглалыг тогтвортой байлгах хүрээнд Үндсэн хууль болоод бусад ямар хуулиудад өөрчлөлт оруулах вэ гэдгээ эхэлж зөвшилцсөн байна. Гэхдээ дээрх асуудлуудын хүрээнд зарим асуудлыг тодруулах шаардлага үүссэн учраас намын удирдлагуудтайгаа ярилцаж, эргэн 17.00 цагт уулзахаар болжээ.
Мөн УИХ-ын гишүүн М.Батчимэгийн хэлснээр бол өнөөдөр өглөө ИЗНН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгтэй тус бүр уулзаж, Засгийн газарт хамтрах асуудлыг ярилцжээ. Ингэхэд дээрх нам, эвслийн бүлгүүд 2012 онд Засгийн газрыг хамтран байгуулж байсан гэрээгээ үргэлжлүүлэх хүсэл байна гэдгээ илэрхийлсэн аж.
Харин Су.Батболд гишүүний тайлбарласнаар МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг нь ирэх баасан гаригийн 14.00 цагт товлогдсон МАН-ын Бага хурлын гишүүдэд Засгийн газарт хамтарсан нөхцөлд эдийн засаг, улстөрд үүсээд байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд Ардчилсан нам ийм санал нөхцөл тавьж байна, МАН мөн ийм санал, нөхцөл тавьж байна гэдэг мэдээллийг өгөхөд оршжээ. Гэхдээ тэрээр өнөөдөр үүсээд байгаа асуудал нь улстөрийн эрх ашиг гэхээс илүүтэй улс орны эрх ашгийг тэргүүнд тавихаас аргагүйд хүргэж байгаа гэсэн юм. Эл байр суурьтай УИХ-ын гишүүн М.Батчимэг санал нэгдэж буйгаа онцолсон. Тэднээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.
-Ямар асуудлыг эргэж ярилцахаар болсон бэ. Дахин зөвшилцөх үеэрээ баримтуудад гарын үсэг зурах байх гэлээ. Түүнд юу тусгагдах бол?
УИХ-ын гишүүн Су.Батболд:
-Бид олон удаа зөвшилцөл хийж байсан. Энэ удаагийн зөвшилцлийн ажлын хэсэг сонгуулийн дараах улс төрийн нөхцөл байдалтай холбоотой хүндрэлтэй асуудлаар хэлэлцээрт суугаагүй. Зөвхөн өнөөдрийн Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцөж байна.
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Засаглалыг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд УИХ-д суудалтай намууд юун дээр хамтарч ажиллах ёстой вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж байна. Монгол Улсад ардчилал хөгжсөнөөс хойшхи хугацаанд 15 дахь Ерөнхий сайд томилогдлоо. Үндсэн хуулийн хүрээнд ч засаглалын тогтвортой байдлыг хангах чиглэлээр анхаарч байна. Засаглалаа тогтворжуулахдаа ямар өөрчлөлтүүд хийх ёстой вэ, УИХ-ын сонгуулийн тогтолцоо холимог болсонтой холбоотой парламентад суудалтай намуудын хооронд тогтвортой ойлголцол хэрэгтэй болдог. Тиймээс парламентад суудалтай намуудын хооронд тогтвортой ойлголцол бий болгож ажиллахын тулд ямар зүйл дээр хамтарч ажиллах ёстой вэ гэдэг дээр саналаа боловсруулах шаардлагатай гэж үзлээ. Мөн эдийн засгийн хямралыг даван туулах хүрээнд ямар ажлууд хийх вэ гэдэг тодорхой санал гаргаж, эргэн уулзалдъя гэж ярилцлаа.
-“Шударга ёс” эвслийн зүгээс МАН-тай хамтарвал Засагт хамтрах боломжгүй гэж хэвлэлээр мэдэгдэж байна. Энэ талаар?
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-АН-ын бүлэг өнөөдөр өглөө “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсгийнхэнтэй уулзсан. Зарим нэг хувь хүмүүс байр сууриа хэлж байгааг үгүйсгэхгүй. Бүлгүүдийн ажлын хэсгийнхний зүгээс ийм яриа гараагүй.
-Зөвшилцөл хэзээ дуусах бол?
УИХ-ын гишүүн Су.Батболд:
-Монгол Улсын Ерөнхий сайд ирэх арванхоёрдугаар сарын 5-н гэхэд танхимын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барьсан байх шаардлагатай. Тэр хугацаанд хүртэл зөвшилцөл үргэлжлэх байх. Бидний ярилцах сэдэв өргөн хүрээнд байна. Аль нам нь орох, орохгүй гэдэг талаар ярихад эрт байна. Бий болсон нөхцөл байдлыг улс төрийн намууд ойлгох байх. Өнөөдөр АН, МАН-ын хоорондох зөвшилцлийг хоёр намын гэхээсээ улс орны ирээдүйд чиглэсэн асуудалд хоёр том хүчин хэрхэн ойлголцох вэ гэдэг нь чухал.
-Зөвшилцлийн явцаас хоёр нам хамтрах нь гэж ойлгож болох уу. АН-ын ажлын хэсэг ИЗНН зэрэг холбогдох ажлын хэсгийнхэнтэй уулзалдаад тодорхой асуудлаар зөвшилцөлд хүрсэн үү?
УИХ-ын гишүүн Су.Батболд:
-Бид хоёр жилийн хугацаанд ширээний хоёр талд суусан. Тиймээс тодорхой ярилцах асуудал байгаа. Эцсийн шийдвэрийг манай намын бага хурал гаргана. Тиймээс өнөөдөр хамтрах тухай ярихад эрт байна.
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Бид ИЗНН, “Шударга ёс” эвсэлтэй уулзалт хийсэн. Уулзалтаар 2012 оны сонгуулийн дараах гэрээгээ үргэлжлүүлнэ. Гэхдээ гэрээнийхээ агуулгад өөрчлөлт хийж болно. Улс төрийн нам эвслийн эрх ашгийн үүднээс гэхээсээ илүү улс орны эрх ашгийг бодолцож энэ хэлэлцээрийг хийж байгаа гэдгийг онцолъё.
Г.ДАРЬ