Ц.Нямдорж: Би 73-ын бүдүүн бүлэгт орохгүй

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Би 73-ын бүдүүн бүлэгт орохгүй

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН Засгийн газарт орно гэх яриа  хүчтэй болж эхэллээ. Та байр сууриа илэрхийлэхгүй юу?

Би орж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа. Энэ байр сууриа бүлэг,  удирдах зөвлөл, Зөвлөхүүдийн танхим дээр ч хэлсэн. Хэдэн хэдэн шалтгаан бий.

Нэгдүгээрт сөрөг хүчингүй болно.

Хоёрдугаарт дээр үед  62-ийн бүдүүн бүлэг гэж нэг юм байгуулагдаж байсан.

Одоо бие даагч гурвыг хасаад 73-ын бүдүүн бүлэг байгуулагдах юм байна л даа. Ингээд хэрэг дээрээ парламентад ёс гэдэг  зүйл байхгүй болно.

Бүгдийг нь  оруулж, засагт хамтарсан нэрээр амыг хаачихаад цаад талд нь  хэдэн хэдэн  урхагтай шийдвэр гарах зорилго харагдаад байгаа юм.

Нэгдүгээрт, өрийн таазыг нэмэгдүүлэх. Бид бүтэн хоёр жил зээл авах буруу, дотоод боломжоороо амьдрах ёстой гэж ярьчихаад одоо ямар нүүрээрээ Засагт орчихоод өрийн таазыг нэмэгдүүлээд сууж байх юм. Байж болшгүй зүйл.

Хоёрдугаарт,  “Тавантолгой” компанийг менежментийн гэрээ гэгчээр  халхавчилж, хувьд шилжүүлэх шийдвэр гаргуулах гэж байна. 268-р тогтоол  гээд нэг тогтоол гарчихсан бэлтгэл ажлыг хангах тухай  тендер зарласан маягийн юм явж байгаа.  Гурван компанийн нэр дурдагдаад байгаа.  “МАК”, “Энержи ресурс”,  Ажнай Д.Бат-Эрдэнийн жижиг “Тавантолгой”. Энэ гурвын аль нэгэнд Тавантолгойг шилжүүлэх шийдвэрийг ам барьж байгаад гаргуулах дүр зураг харагдаад байгаа юм. Ийм заваан юм хэрхэвч байж болохгүй гэж  үзэж  байна.

Гуравдугаарт,  сөрөг хүчингүй  болох, ард түмний сонголт утга учиргүй болно. Ямар нүүрээрээ Тавантолгойн асуудлыг шийдвэрлэхэд хэсэг олигархийн нүүрний тах болж явах  вэ. Оюутолгойн гэрээг муу гэцгээдэг. Үүнийг улам муу болгох санамж бичиг, хэлэлцээр хийгдэж байгаа тухай дуулдаж байна.

Хуйвалдааны шинжтэй, төрт ёсны зарчимд байж болмооргүй  зүйлүүд их яригдаад  байгаа учраас эсэргүүцэж байгаа. Надаас гадна хэд хэдэн гишүүн эсэргүүцэж байна.

Дөрөвдүгээрт, хамтарч олон жил Засаг барьсан МАН, АН хоёр. АН дандаа сонгуулийн өмнө  дээлээ тайлж  хаячихаад зугтдаг, өмнөх  үеийн засаг руугаа нулимдаг.  

Н.Алтанхуяг хоёр жил зургаан сар өмнөх Засагт байчихаад гарч зургаан сар Засаг барьсныхаа дараа  “Би өмнөх Засгийн баасыг цэвэрлэж байна” гэж бухсан байхаа. Үнэн биз.

Одоо энэ засаг тэгэхгүй гэх баталгаа хаана  байна. Аягүй бол ажил төрөл нь бүтэлгүйтээд, сонгууль дөхөөд ирэхээр Ч.Сайханбилэгээ унагачихаад  МАН-ынхныг хөөчихөөд өөрийнхөө засгийг байгуулах хувилбар нүдэнд  харагдаад байна. Ингэж амбаардаж хөөлгөх шаардлага Ардын намд байгаа юмуу.

Амбаардуулах гэж залуучуудын ярьдаг бүдүүлэг яриагаар би ярьж  байна. Ийм хувилбар байхыг үгүйсгэхгүй шүү дээ. 2008 онд С.Бямбацогт  “Та нар сонгуулийн өмнө Засгаас гарах уу” гэж УИХ-ын чуулганын хуралдааны үеэр асуухад “Гарахгүй ээ” гэж давтан хариулчихаад гарсан байх аа.

Ийм найдваргүй түнштэй адууны хулгайд явахад хэцүү шүү. Сая өөрийнхөө байгуулсан засгийн эсрэг  найман гишүүн санал өгөөд долоо нь оргон зугтлаа.

Ийм хэцүү үр дүн харагдаад байгаа учир, шинэчлэл нэрийн дор хэдэн хүн туйлдуулж байгаа учраас дөрвөн жилийн циклээрээ ард түмнийхээ өмнө улаан нүүрээрээ хариуцлагаа өөрсдөө хүлээг гэж бодож байна.

-Намын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн  танхим яг энэ асуудлаар өчигдөр хуралдсан. Танхимын гишүүд ямар байр суурьтай байна ?

-Танхимын гишүүд  янз  янзын байр суурьтай байна лээ. Хамтрах нь зохимжгүй гэсэн нь арай давамгайлж байгаа.

Харин жирийн намын гишүүд засагт хамтарч ороход дээд зэргээр дургүй байгаа. Ер бусын дургүй байгаа. Өнгөрсөн баасан гаригт миний утсанд “Хэрэв та нар  засагт хамтарч орвол намаас гарна. Бид бэлэн байгаа шүү” гэж мессеж  ирлээ.

Хорь гаруй жил улстөрд зүтгэхэд ийм хачин зүйлтэй тулгарч байгаагүй. Өчигдөр нэг намын үүрийн дарга над руу залгаад “146 гишүүнээ цуглуулаад хуралдсан. Та нар Засагт хамтарвал бид намаасаа гарна шүү” гэж хэлсэн.

Би  “Намын гишүүдээ сонсоорой” гэдгээ удирдлагуудад хэлсэн. Хэрэв элдэв хор найруулаад бага хурлын түвшинд хамтрах шийдвэр гарвал намын удирдлага  доороо ямар ч хөлгүй,  тэнгэрт дүүжлээстэй, утас нь  тасраад унах нөхцөл байдалд очно.

Ард түмэн ч дургүй байгаа шүү дээ. Ард түмнийхээ байр суурийг тусгахгүйгээр улстөрийн шийдвэр гаргаж болохгүй л дээ. Намын  цагаан байранд 300 хүн   хуралдаж    гаргадаг шийдвэр хамгийн эцсийн бөгөөд хамгийн ухаалаг шийдвэр байж чадахгүй юм.

Намын төлөө, улсын төлөө санал өгдөг хүмүүс чинь тээр дор байдаг. Тээр дор байгаа хүмүүсийнхээ саналыг сонсохгүйгээр хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаанаар шийдвэр гаргавал  ямар ч хөлгүй нам болно.

Жирийн  гишүүд болохгүй гээд байхад дээгүүрээ 300 хүн хуйвалдааны аргаар улстөрийн асуудлыг шийдэж, жил зургаан сарын настай засагт, 5 6  сайдын суудлын төлөө үхэн хатан зүтгэж хэрэггүй шүү дээ.

Үнэхээр намын гишүүд нь дэмжээд байгаа юм бол  хөдөө  орон нутгаар явж намын гишүүд, ард түмэнтэйгээ сайн ажиллаад олонхийн суудал авч, Засгийн газраа бүрдүүлээд сайд болохгүй юу. Юунд нь яараад байгаа юм. Ойлгохгүй байна.

-Бага хурлын гишүүдийн олонхийг хотын фракци бүрдүүлдэг гэдэг. Орон нутгийн төлөөлөл жигд байж чадах уу. Таны хэлснээр хор найрагдах  нөхцөл нь бүрдчихсэн байна уу?

-Тийм магадлал байж л байна. Гэхдээ  намын бага хурлын гишүүд  эрх биш  жирийн гишүүдийнхээ санаа бодлыг сонсох байх, улстөрийн нөхцөл байдлаа зөв үнэлж дүгнэж шийдвэр гаргана гэдэгт одоог хүртэл бага зэрэг найдаад л сууж байна.

Гэхдээ нэг л шөнийн дотор бүх юм 180 градус эргэдэг тохиолдол олон удаа гарсан. Энэ бүхэн мартагдаагүй л байна. АН-ын Засгийн явуулж байгаа зөв бодлогыг дэмжээд,  жишээ нь  Сонгуулийн хуулин дээр суугаад ажиллаж болно шүү дээ.

Ийм хэлбэрээр ажиллаж болно. Заавал засагт орж, хэдэн хүн сайд болгож, хүслийг нь хангах бидний туйлын зорилго биш. Харин эргээд  АН, МАН-тай хамтарч ажиллах гэж байгаа бол бидний зөв санааг  хүлээж аваад ажил хэрэг болгоод зөв замаар явж болно.

Засагт оруулж 73-ын бүдүүн бүлэг байгуулах далд ажиллагаа хийж ам хаах гэж байгаа бол  би лав тэр  73-ын бүдүүн бүлэгт нь орохгүй. Би 62-ын бүдүүн бүлгийн ч эсрэг байсан. Наадуулаа битгий заал руу  оруул, ярих юм  байна гэж байтал шууд хаалга өшиглөөд ороод ирсэн шүү дээ.

Р.Гончигдорж тэр 62-ын бүдүүн бүлгийн дарга болдог чинь тэр. Ямар зорилготой байсан гээч. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг бүгд  дэмжээд, АН-аас  нэр дэвших хүнийг амьтан болгох  бүдүүн бүлэг. Улстөрийн балиар хуйвалдаан ийм л байдаг. Ингээд  Ерөнхийлөгчийн сонгуульд  АН-ынхан хөдлөөгүй.

Одоо дахиад л ийм балиар юм хийх оролдлого ил далд хийгдээд байгаа учраас би улаан цайм эсэргүүцээд байгаа юм. Эсэргүүцэхийн дээдээр эсэргүүцнэ. Чадал хүрэхгүй байж магадгүй. Гэхдээ хөл хүрэх газраа хүртэл үүний эсрэг явна. Ганцаардвал ганцаардана биз. Ад үзэгдвэл ад үзэгдэнэ л биз.  

Миний бүх амьдралын түүх  ийм учраас надад тэр бүхэн сонин биш. Хамгийн гол нь хуйвалдааны шинжтэй 73-ын бүдүүн бүлэг байгуулагдаж Монголын  парламентийн түүхэнд хар мөр үлдээж, үүний цаана олигархиудын хувийн шунал хүслийг биелүүлэх  ажлыг төр хийж болохгүй.

-Засагт хамтрах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байхад л хэн, юуны  сайд болох вэ  гэдэг өрсөлдөөн эхэлчихсэн байна л даа. Жишээ нь Боловсролын сайдад Д.Оюунхорол, Шадар сайд У.Хүрэлсүх  гэх зэргээр?

-Наад Д.Оюунхорол, У.Хүрэлсүхийн хэн хэнийх нь талаар хэвлэлээр золбин нэрнүүд л явж байна. Сайд болох бодолтой байгаа эсэхийг асуугаагүй, яриа ч үгүй. Наад асуултад чинь би хариулахгүй.

Гэхдээ ийм бодолтой хүмүүс бий  гэдгийг нууж хэрэггүй. Би бол  хамгийн найдвартай нь олон түмэндээ зөв ойлголт өгч, 2016 оны сонгуульд ялалт байгуулчихаад сайд болно гэвэл хэнийг нь ч дэмжинэ. Эсэргүүцэхгүй.

Одоо бол цаг нь биш. Аливаа шуналд хязгаар, цаг хугацаа байх хэрэгтэй. Нэг юманд шунахаараа ус үзэлгүй сар болсон тэмээ шиг зүтгэж байна. Ингэж болохгүй. Би  наад сайд гэдэг томилгоог олон удаа авч байсан  хүн.

Гэхдээ ийм  хачин байдалд томилгоо авч үзээгүй хүн шүү. Асуудал ийм байна. АН, “Шударга ёс” эвсэл зуурсан бантангийнхаа учрыг өөрсдөө олох хэрэгтэй.

Эд нарын тарьсан элдэв балиар юман дээр орж сайдын сэтэр зүүчихээд  хог новштой зууралдана гэдэг лай. Хогтой зууралдахын өвчин тусчихсан биш. Өөрсдөө учраа олох хэрэгтэй.

Чадахгүй байгаа юм бол өөрсдөө чадахгүй гэдгээ хэлээд зайлах хэрэгтэй. “АН Засгийн эрх барих чадавхи байхгүй, энэ нам засгийг удирдаж чадахгүй” гэж би олон удаа хэлж байсан. Хүссэн ч хүсээгүй, муу хэлүүлдэг ч МАН  шиг тогтвортой нам байхгүй. АН зуурсан балиар бантангаа өөрсдөө цэвэрлэг.

Тэдний бантанг цэвэрлэх гэж манай намынхан гүйгээд байгааг би ерөөсөө ойлгохгүй байна.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн намуудад хүргүүлсэн Засгийн газарт хамтарч ажиллах хүсэлтийн агуулгыг хэрхэн харж байна вэ?

-Би бол ойлгохгүй байгаа. Нэг л улстөрийн хүчинтэй хамтрах асуудал ярих ёстой хүн шүү дээ. Олон авгайтай байхыг хуулиар зөвшөөрчихсөн юм шиг санал  тавьж байгаа нь ойлгомжгүй. Эсвэл ИЗНН, Шударга ёс эвсэлтэйгээ явдаг юм байгаа биз.

Тэд нартай бүтэхгүй гэж байгаа бол МАН-д санал тавьдаг юм байгаа биз. Тийм тохиолдолд  зургийг өөрөөр харж болно.

Олон авгайтай засаг  байж болохгүй. Монголын хуулиар нэг л авгайтай байхыг зөвшөөрсөн. Хүн болгонд санал тавиад гүйгээд байж болохгүй.

МАН-д дангаар нь санал тавьсан бол ярианы сэдэв өрнөж болно. Тэгээгүй. Сүүлд нь болохоо байгаад болилоо гэхэд бид “Гологдсон хүүхэн” гэдэг  нэр авах юмуу. Би жишээ нь ийм нэр авмааргүй байна. МАН сонгуульд ялагдсан ч АН-д гологдтодлоо ядарсан хүчин биш.

“Гологдсон хүүхэн” биш.  Манай намыг удирдаж байгаа хүмүүс “Гологдсон хүүхэн” болох  шийдвэр гаргахгүй гэдэгт би эцсийн мөчөө хүртэл найдна.

-Хэрэв МАН-ыг Засагт оруулахгүй, хуучнаараа явбал дахиад л саад тээр тавина гэдэг болгоомжлол  АН-д байгаа юм биш үү?

-Хууль зөрчсөн зүйл оруулж ирвэл ямар ч тохиолдолд эсэргүүцнэ. Өрийн тааз 40 хувь байна гэдэг хуулийг С.Баярцогт батлуулсан. МАНАН-гийн Засгийн газрын үед.

Одоо ганцхан л юм ярьдаг боллоо. Дотооддоо хэрэггүй зардлаа танаад явахын оронд зээл авах, зээл авах, өрөнд орох. Үүнээс өөр юм бодох толгойтой хүн АН дотор алга. Бүтэн хоёр жил өр зээл  тавьж байгаа нь буруу гэж ярьсан.

Одоо ямар нүүрээрээ засагт ороод, бид нар сайд болсон учраас өрийн таацыг нэмж  кноп дарах хэрэг үү. Ийм  хоёр нүүртэй байснаас энэ улстөрөөс үтэр түргэн зайлсан нь дээр. Ард түмэн  биднийг хоёр жил харсан.

Улс орныг өрийн дарамтанд орсон нь үнэн, утгагүй юманд зарсан нь үнэн, үлдсэн юм бараг байхгүй нь үнэн.  

Ингэж бүтэн хоёр жил хэлчихээд хэдэн сайдын суудал өгөхөөр нь тэвэрч авчихаад “Өө өр тавихаас аргагүй боллоо” гээд үр хүүхдээ өрийн гинжин хавханд оруулаад цааш явах уу.

Ийм өөдгүй байж болохгүй биз дээ. Арьсан нүүртэй хүн бол арай ингэж явахгүй  гэж бодож байна. Дээр  үед морьтой байлддаг үеийн  төмөр  багтай хүмүүс бол иймэрхүү юм ярьж болох  байх.

Би ардын намын  нөхдийг арьсан нүүртэй гэж ойлгодог. Нэг үгэн дээрээ, нэг суурин дээрээ байх. Энэ намын ганц ялгарах зүйл нь энэ.

-Хэрэв АН-тай хамтарч засагт барихаар шийдвэр гарвал таныг намаасаа гарна гэсэн мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү?

Ийм балиар юм хийвэл энэ намд суух орон зай надад үлдэхгүй. Энэ нь намын  гишүүд, дэмжигчдийн эсрэг явна гэсэн үг биш. Ийм шийдвэр гаргадаг удирдлагатай хэрхэвч дөрөө нийлэхгүй. Арга ядаад л ийм юм ярьж байна.

-Хэрэв хамтарвал МАН-д тэдэн сайдын суудал байна гэдгийг яаж тогтоогоод байгаа хэрэг вэ?

-Би үүнийг хуульзүйн хувьд харахгүй байгаа. Олон эхнэртэй болно гээд бүх намд санал тавьчихсан.

Жишээ нь  АН, МАН хоёрын гэрээ  байх юмуу, АН,”Шударга ёс” эвсэл, ИЗНН гэсэн дөрвөн хүний гарын үсэгтэй гэрээ байх юмуу. Гэрээний чинь хэлбэр ямар байх юм гэхээр хэн ч хариулахгүй байгаа юм.

Хэн ч хариулж чадахааргүй нөхцөл байдалтай байхад яаран  бага хурлаа зарлахаар нь  би эсэргүүцсэн. “Ядаж гэрээнийхээ төслийг гаргаж ир. Харилцан нэгдсэн ойлголтод хүрсэн баримт бичиг чинь гараад ирвэл бага хурлаа зарлаад түүнийгээ бага хуралд танилцуулж байж шийдвэрлэ” гэсэн.

Гэтэл бага хурлаа  зарлачихлаа. Хоёр өдрийн дараа бага  хурал  болох гэж байна. Ингэж хөнгөн хуумгай хандаж болохгүй.

-Хамтаръя гээд байгаа хүмүүсийн  дэмжих шалтгаан нь зөвхөн сандал суудал юм уу?

-Би тэрийг мэдэхгүй. Дэмжиж байгаа хүмүүсээс өөрөөс нь асуу. Би бол дэмжихгүй байгаа шалтгаанаа хэллээ.

Улс орны эрх ашгаа бодож эсэргүүцэж байна. Сая л гэхэд төсвийг үнэндээ МАН-ын бүлгийнхэн баталж өгсөн. Тэрэн шиг ажиллаж болно.

Би Газрын  тосны хуулийн төслийг батлах үед ажлын хэсгийг ахлаад муу хэлүүлэн барин батлуулсан. Одоо элдэв хэл амгүй, энэ салбарын ажил явж л байна. Ийм улстөрийн хамтын ажиллагаа байж болно.

Сонгуулийн хар машин гэж балиар юм оруулж ирлээ. Энэ хар машинаар сонгуулийн  дүнг  тоолж байгаа цагт хэзээ ч сонгуулийн дараах хэрүүл тасрахгүй.

Тэгэхээр энэ хар машинаар тоолдогоороо тоолоод давхар гараар  тоолъё  гээд зөвшилцөлд хүрч болноо доо. Манайх байтугай хэдэн зуун сая хүн амтай улсууд хар машинаас татгалзаад гараар тоолоод болж л байна. Ийм асуудал дээр УИХ-ын  түвшинд ярьвал би дэмжинэ. Ийм хэлбэрийн хамтын ажиллагаа байж болно.

МАН-ыг басамжилсныхаа горыг амсч байгаа нь энэ. Эд нар хэзээ ч нэгдмэл байж  чадахгүй, хэзээ ч эвлэрэхгүй. Хамгийн  балиар юм нь АН-ын фракцийн өвчин залуу үед нь гүн гүнзгий халдварласан. Үүний цаадах мөнгөний шунал, эрх мэдлийн шунал, дотоод зөрчил АН-ыг хэтдээ сүйтгэнэ.

Төр барьж байгаа учраас төрийг сүйтгэж байна. Тийм учраас л би Н.Алтанхуягт эмгэнэл илэрхийлээд байсан юм. Бөөр лүү чинь хутга шаана гэсэн хутга шаасан. Эмгэнэл илэрхийлсэн.  Н.Алтанхуяг унасан.

Тэгэхээр энэ УИХ ажлаа цаашаа  явуулна гэвэл МАН-тай учраа  олохгүй бол цааш явахгүй гэдгийг Засаг байгуулсан өдрөөс нь эхлээд хэлсэн.

“Та нар явахгүй. Бие биеэ барьж идсээр байгаад дуусна. МАН-ын бүлэгтэй учир зүйгээ ололцож ажилла. Явсаар байгаад МАН-ын бүлэг  хатуу бааз  суурь болно шүү” гэж хэлсээр байхад хоёр жил бүлэггүй явуулсан. Байнгын хороонд оруулалгүй хоёр жил явлаа. Юу хожив?

Одоо муухай царайлчихаад засагт хамтраач гээд хадаг бариад гүйж байна. МАН-ын бүлэгт энэ улсыг хорлох  зорилго байхгүй. Аль болох ажил нь урагшлаасай, алдаа битгий гаргаасай гэдэг зүйлийг л бид хоёр жил ярьсан. Арга ядаад буйдантай суулт  хийсэн.

Тэр буйдантай суулт гэгчийг хийж, тэнд суухад надад сайхан байсан гэж чи санаж  байна уу? Тэрэн шиг муухай доромжлол улстөрийн амьдралынхаа турш үзээгүй. Гэхдээ Үндсэн хуулийн зарчмыг хамгаалахын тулд суухаас өөр арга байгаагүй.

Өдөр бүр хууль зөрчиж байсан нь үнэн шүү дээ. Хямрал болж байна гэдгийг хоёр жилийн өмнө бид хэлсэн.  “Удахгүй эдийн засгийн хямрал нүүрлэнээ. Хэтэрхий буруу бодлого явуулж байна. Өрсөж арга хэмжээ  авахгүй бол аюул болно шүү” гэхээр “Тийм юм байхгүй, тийм юм байхгүй” л гээд байсан. 

Бүтэн хоёр жилийн дараа Ч.Сайханбилэг нь хямрал болсныг хүлээн зөвшөөрлөө. 2013 оны намар Ээлжит бус чуулган  хуралдуулж эдийн засгийн асуудлыг ярь гэхэд яриагүй. Энэ засагт ороход бас нэг хэцүү зүйл бий.

Яг  Н.Алтанхуягийн бодлогыг тээж явсан хүн нь Ерөнхий  сайд болчихсон. Би өөрт нь хэлсэн. Чи бол зүгээр л том биетэй Н.Алтанхуяг гэж. Бодлогоо өөрчлөе гэвэл  Н.Алтанхуягаас тэс өөр  толгойгоор ажилладаг хүн тавихгүй бол болохгүй. Жишээ нь Р.Амаржаргалыг намаасаа нэр дэвшүүлсэн бол манай бүлэг дэмжих байсан байж магадгүй.

Р.Амаржаргалыг бүлгээсээ  нэр дэвшүүлэхэд “Ашгүй дээ. АН ухаан орж байгаа юм байна. уусан архинаасаа гарч байгаа юм байна” гэж бодтол  байдаггүй.

Р.Амаржаргал хаа очиж фракци бүлэглэлд гүнзгий шигдээд байдаггүй. Зарчим барих гэж оролддог. Дахиад л өөрсдөө боломжоо  алдчихсан. Бүлэг дээрээ 100 хувь дэмжчихээд  ҮЗХ гэх балиар хурал дээрээ унагачихсан.

Тэр жил Э.Бат-Үүл Ерөнхийлөгчид дэвших гэж байхад тэр шөнө нь унагаад маргааш нь Э.Бат-Үүл “Бархирмаар байна” гэж ярилцлага өгч байсан. Яг л тийм юм сая боллоо. Ийм хуйвалдааны юманд ороход хэцүү.

Гэхдээ  Ч.Сайханбилэгийг зөв бодлогыг эсэргүүцнэ гэсэн үг биш. Үнэхээр улс  орны эрх ашгийн үүднээс асуудалд хандвал олонхын саналаас  зөрж байгаад дэмжих өдөр ирж магадгүй. Олонхийн шийдвэр гэх нэрээр буруу шийдвэр гаргадгаа хэзээ зогсоох юм бэ. Би одоо чадахгүй нь.

Олон жил энэ зарчмаар чинь явлаа. Улс орны эрх ашгийг гүнзгий  хөндсөн асуудалд  өөрөөр явж мэднэ шүү. Надтай хариуцлагаа тооцдог л юм байгаа биз.

Алийн болгон найруулсан жүжгийн хорыг ууж, хордож явах юм гэдэг зүйлийг байнга ярьж байгаа. Би чинь олон жил хор ууж байгаа хүн шүү дээ.

Олонхийн шийдвэр гэдгээр өөрөөр явах хувилбар байсан уу. Хоёр өдрийн дараа шийдвэр гарах гэж байна шүү дээ?

-Хувилбар бол байсан. Та нар өөр намуудад санал тавьсан байна. Өмнө нь хамтарч байсан намууддаа  бас санал тавьсан. Тиймээс үүнд чинь оролцохгүй. Бага хурлаа хуралдуулахгүй” гэдэг хариу өгч болох байсан.

Бага хурал хуралдуулах гэж байна гэдэг нь хамтрах тийшээ явж байна гэсэн үг. Явж байгаа нь надад харагдаж байгаа учраас би эсэргүү болчихоод байгаа юм.

Би өнөөдөр бүлэгтээ, намын удирдах зөвлөлийн түвшинд эсэргүүгийн тоонд орсон. Яахав хувь тавилан намайг ийм байранд аваачиж  тавьдаг юм байна. Гэхдээ би бол  энэ байшин, намын цагаан байшин хоёрт цөөнх шүү.

Жирийн намын хамт олон намайг бараг л дэмжиж байгаа даа. Харж л байгаарай. "Нэр хугарахаар яс хугар" гэж ардын үг бий.

Хоёрын хооронд орж нэрээ хугалахын оронд яс бүтэн байвал дээр биз дээ. МАН-ын яс  нь бүтэн байгаасай гэсэндээ эсэргүүцээд байгаа юм. Таван хүн сайд болгоод яадаг юм. 

Тэр сайдын суудалд суухаар л эрүүл мэнд, амьдрал сайжраад байдаггүй юм. Олон жил  сайдын суудалд суусан хүн.

Ажил хийе гэсэн хүнд ажлаас их юм байдаггүй. Ясаа хугалах гэж яаран зүтгээд байгааг ердөө ойлгохгүй байна.

-Намын удирдлагууд яагаад энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй байна вэ?

-Сүүлд нь хариуцлага хүлээх хүн олдохгүй. Бага хурал шийдсэн  гээд суучихна  л даа. “Би зүтгүүлээгүй, бага хурал шийдсэн, олонихоороо шийдлээ” гээд хариуцлагагаас  бултдаг арга манайд байдаг.

Ийм том нам удирдаж байгаа хүн намын, төрийн эрх ашиг хөндөгдөх үед цаазын тавцанд  өөрөө гараад “Надад ийм шийдвэр гаргаад өг. Ялыг нь би үүрнэ” гэж хэлэх ёстой.  Гэтэл тэр хариуцлагыг нийтийн гал тогоо руу аваад шидэх гэж байна.

Олон жил ийм  юм явж байгаа. Хэрэв би УИХ-ын дарга байсан бол тас хөнлөн хэвтэж байгаад хар машиныг  оруулж ирэхгүй байсан юм.

Одоо Ардын намынхан хар машин гээд л уйлцгааж байгаа биз. Үүний төлөө өнөөдөр хэн хариуцлага хүлээж байгаа юм. Та нар гаргуулсан гэхээр “Эсрэг санал өгсөн шүү дээ” гэдэг.

Хариуцлага хүлээж цаазын тавцанд гарч чадахгүй юм бол яах гэж намын дарга болдог юм. Манай залуу дарга нарын хэлсэн үг бий. 

Бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ ачааг АН өөрөө үүрэх ёстой. 2016 онд ард түмний өмнө хариуцлагаа хүлээ” гэсэн.

Харин генсек Ж.Мөнхбат “Ардын намгүйгээр  гараанаас гарсан. Барианд  Ардын намгүй ор” гэж хэлсэн. Би хэлсэн үгийг нь сануулж байгаа. 

“Ингэж хэлсэн шүү. Хэлсэн үгэн дээрээ байгаарай. Эсрэг шийдвэр гарвал ажлаа өгч таарна шүү. Хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээгээрэй” гэсэн.

"Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав нь бол" гэсэн ардын үг бий.

-2012 оны хоёрдугаар сард зургаахан сарын настай Засгийн газарт МАН-аас дөрвөн хүн дэд сайдын суудалд очсон нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн, ард түмэн дургүйцсэн гэж ярьдаг. Та санал нийлэх үү?

-Гаднаас сайд тавьчихаач гэж гуйгаад дийлдээгүй юм. Зургаан сартай Засгийн газарт УИХ-ын гишүүн  тавиад хэрэггүй.

Гаднаас нэр цэвэр, мэргэжлийн хүн тавьчих гээд нэмэр болоогүй. Ард түмний дургүйг хүргэсэн. Иймэрхүү юм сонгуульд нөлөөлнө. Намын эрх ашгийн цаана улсын эрх ашиг бий.

Улс орноо “Овоо боллоо доо. Ашгүй дээ” гээд бурхны оронд мань мэт нь явмаар байна. Ард чинь үр хүүхэд, ач зээ, ард түмэн үлдэнэ.

Нарийн ярьвал ордон доторх хуйвалдаан чинь нам нам  дотор шигдсэн олигархуудын хийж байгаа зүйл гэдэг нь нууц биш.

-Генсек, бүлгийн даргын ярианаас МАН засагт орохгүй юм байна гэдэг ойлголт аваад байсан л даа. Энэ хоёр хүний байр суурь өөрчлөгдчихсөн хэрэг үү?

-Энэ хоёрын бодол өөрчлөгдөөгүй байгаа болов уу гэж найдаж байна. Гэхдээ тал талын шахаа, дарамтанд орчихсон байгаа.

-Намын дарга ямар байр суурьтай байгаа вэ?

Намын дарга “Зохимжгүй” л гэдэг үг хэлсэн байна лээ. Уг нь намын дарга ийм асуудалд маш тодорхой  байр суурьтай байх ёстой.

Намын дарга бол бөөрөнхий  бөмбөг биш. “Би ингэж бодож байна. Үүнийг дэмжээд өг. Хариуцлагыг нь би хүлээнэ” гэж  хэлэх ёстой.

Ингэж бөөрөнхий байж болохгүй. Тэр тусмаа улстөрийн эгзэгтэй, алдаа гарах магадлал өндөр ийм үед ачаагаа үүрэх ёстой.

Ачаагаа үүрч чадах эсэхийг нь одоо л харъя. Ачаагаа үүрч чадахгүй бол үүрч чаддаг хүний асуудлыг ярьж болно. Төрд тангараг өргөнө гэдэг шаардлагатай  үед амиа өгнө гэсэн утгатай.

Нам толгойлно гэдэг “Намын төлөө амиа өгнө. Хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэсэн санаа. Алийн болгон бөөрөнхийлж, далдуур олонхоор буруу шийдвэр гаргуулж, хор найруулж энэ нам амьдарч болохгүй. Үүний өмнө бас нэг бөөрөнхий даргатай байлаа. Одоо болсон.

-Намын даргын сонголт дээр яагаад ингэж алдаад байна?

-Хурлууд нь эртнээс зохион байгуулсан жүжиг байдаг учраас л ийм юм болоод байгаа юм.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж