Иргэдийн саналыг авалгүй ажил хийсэн нь хууль зөрчив

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

Иргэдийн саналыг авалгүй ажил хийсэн нь хууль зөрчив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулалтад хийсэн Үндэсний аудитын газрын тайланг сонслоо.

Аудит хийхэд нийт 45 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Гэхдээ Байнгын хорооны хуралдаанд оролцсон аймаг, дүүргийн удирдлагууд юунаас болж, зөрчил үүссэнийг тайлбарлалаа. Тухайлбал, 2013 онд Улаанбаатар хотноо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдаан болохтой холбоотойгоор нийслэл 3 тэрбум төгрөгийг хотыг гэрэлтүүлэгтэй болгоход зарцуулжээ. Гэвч тендэр зарлаагүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон аж. Тендэр зарлахад цаг хугацаа шаардлагатай, харин хурал тулсан байсан тул шууд ажлыг эхлүүлэхээс аргагүй байсан гэх.

Мөн Дорноговь аймгийн хэмжээнд 2013 онд 8 тэрбум төгрөгийн ажил хийгдсэнээс 6 тэрбум нь зөрчилтэй гарчээ. Аймгийн аудитын газраас хийж байгаа тайлбараар зураг төсөвгүй ажил гүйцэтгүүлсэн, иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлэлгүй шууд урсгал зардалд ашигласан зэрэг нь зөрчил болж буй юм байна.

Гэхдээ тус аймгийн Засаг дарга Ж.Ганхуяг “Дөрвөн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг очоод ийм, ийм ажил хийх шаардлага байна” гэж үзсэн. Түүнд багтсан бүх ажлууд багтсан. Гэтэл иргэдээр хэлэлцүүлээгүй гэдэг. Журам гаргахгүй бол иргэдийн саналыг авч ажил хийнэ гэдэг чинь эргээд Засаг дарга нарыг яллах юм болж хувирна шүү гэдгийг би анх хэлж байсан. Одоо тэгээд дорвитой хоёр гурван хийсэн ажил нь хууль зөрчсөн болж буруудаад байна” гэв.

Мөн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:-Сумын Засаг дарга нар хүслийн жагсаалт гаргаад, түүнийгээ ИТХ-аараа батлуулах гэж зүтгэдгийг болих хэрэгтэй. Орон нутгийг хөгжүүлэх сан,  Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг аль аймгийн сум, дүүрэг иргэдийн оролцоог хангахгүй, Засаг дарга нарын лобби нь явсан юм бэ?. Үүнийгээ аудитынхан тодорхой гаргаж  хэл. Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад өөрчлөлт оруулах санал гарсан уу. Энэ хөрөнгөөр зам, гэрэлтүүлэг тавьж, цэцэг тариад байх юм уу. Зарцуулалтыг нь өөрчилж болохгүй юу.  Орон нутгийн хөгжлийн сангаар сайн ажил хийсэн магтмаар аймгууд ч байна. Жишээлбэл, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Дорнод зэрэг аймаг иргэдээсээ тэрбум төгрөгийн хандив цуглуулаад бүтээн байгуулалт хийж чадсан байна. Ер нь Сум хөгжүүлэх сан чинь дампуурсан юм биш үү.  Цаашдаа хууль нь гарсан байхад Засгийн газар журамдаа хойрго хандсан байна. Үүнд хариулт өгөөч гэв.

Үндэсний аудитын газрын дарга Б.Зангад “Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Хөвсгөл зэрэг аймаг иргэдийнхээ саналаар шийдэлгүй, 1,1 тэрбум төгрөгийн ажил хийсэн байгаа. Мөн ийм маягаар 2,5 тэрбум төгрөгийн зөрчил Булган, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймагт гарсан. Зориулалтыг өөрчлөх санал 2013 оны тайланд тусгагдаагүй. 2014 оны хэрэгжилтийн явцад санал гарч ирж байгаа. Сум хөгжүүлэх сан нь аудитаар үндэслэлтэй харагдаж байгаа. Нэмж хөрөнгө хуваарилахгүйгээр, зээлээ цуглуулж, эх үүсвэрээ бүрдүүлэх хэрэгтэй гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хууль биелүүлээгүй зөрчил маш их байна. Тэр дундаа Сангийн сайдын аймаг нь хөрөнгө оруулалтаа бүгдийг авчихдаг, бусад аймаг нь хүлээгээд сууж байсан тал байна. Ийм байдлаар хандаж таарахгүй гэж байлаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж