“Иргэдэд эрх мэдэл олгож байж л хөгжинө”

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

“Иргэдэд эрх мэдэл олгож байж л хөгжинө”

Шууд ардчилал хүрээлэнгийн хуулийн зөвлөх Г.Хонгорцэцэгтэй Иргэний оролцооны хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Танай байгууллага хуулийн ямар төсөл дээр одоо ажиллаж байна вэ?

-Манай Шууд ардчилал хүрээлэн “Иргэний оролцооны тухай хууль”-ийн төсөл дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Нийслэлийн Иргэдийн Оролцооны хэлтэстэй хамтран ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Нийслэлийн иргэний оролцооны хэлтсийн ажлын албаны дарга Б.Баттүвшин, Шууд ардчилал хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор А.Саруул, МУИС-ийн багш, доктор, дэд профессор А.Энхбат, Ерөнхийлөгчийн зөвлөхийн туслах, хуульч Д.Дорждэрэм, хуульч, судлаач Н.Цогжавхлан, Шууд Ардчилал хүрээлэнгийн хуулийн зөвлөх Г.Хонгорцэцэг миний бие хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байна.

Уг хууль нь иргэдийг шийдвэр гаргахад оролцуулах, орон нутгийн асуудлаа зохицуулах, төлөвлөлтийн явцад оролцох, иргэдийн эрх ашгийг хохироохгүй байх, санал бодлыг нь сонсох, иргэдийн санал бодлыг ажил хэрэг болгох үүднээс төр засаг, тухайн орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдах ёсны байгууллага болон иргэд, иргэд хоорондын эрх, үүргийн харилцааг зохицуулах зорилготой. Түүнчлэн орон нутгийн төсөв, хөрөнгө, Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, гүйцэтгэлтэй холбоотой асуудлууд, томоохон төсөл, хөтөлбөр гаргах, орон нутгийн чанартай тогтоол, шийдвэр гаргах, тогтоол шийдвэрийн төслийг хэлэлцүүлэх, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, өмчийн эрх ашгийг хөндсөн шийдвэрийг гаргахаас өмнө орон нутгийн урт ба дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөг гаргах, батлах, орон нутгийн хилийн цэс шинээр тогтоох, бусад засаг захиргааны нэгжтэй нэгтгэх, тараах, шинээр байгуулах, Иргэдийн аудит хийх, аудитын шийдвэрийг авч хэлэлцэх, иргэдэд мэдээлэл өгөлгүй гаргасан аливаа тогтоол, шийдвэр, байгуулсан гэрээг цуцлах, залруулах асуудлаар хурал, хэлэлцүүлэг хийх, шийдвэр гаргах, нийтийн сонсгол явуулах, Нийтийн өмгөөллөөр иргэд болон төрийн асуудлыг шийдвэрлэдэг байх зэрэг олон талын харилцааг зохицуулна.

Гарах үр дагаврын хувьд гэвэл иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх бодитой хэрэгжсэнээр хяналтгүй төр хяналттай болж, мэдээлэлгүй иргэд мэдээлэлтэй болж, улс орны хөгжил, ардчиллын үйл явцад бодитой ахиц, эерэг өөрчлөлт бий болно гэж үзэж байна.

  • Иргэний оролцооны тухай хуулийн төслийн бүтэц, зохицуулалтын хувьд ямар байх вэ?

Одоогийн байдлаар Иргэний оролцооны тухай хуулийн төсөл боловсруулалтын шатандаа явж байна, нийт 11 бүлэгтэй Үүнд:

  • иргэний оролцоо
  • нийтийн зар мэдээ
  • Иргэдийн Нийтийн Хурал
  • орон нутгийн үндсэн дүрэм
  • нийтийн сонсгол
  • санал асуулга
  • санал хураалт
  • иргэдийн аудит
  • нийтийн өмгөөлөл зэрэг бүлгүүд багтсан.

Энэ хуулинд төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж иргэдийн оролцоог хэрхэн хангах, зар мэдээ, мэдээллийг мэдээлэх, хүргэх, зар мэдээний төрөл, хариуцах этгээд, зар мэдээ, мэдээллийн стандарт, санал асуулга, санал хураалтыг явуулах зарчим, иргэдийг санал асуулга, санал хураалтанд ямар хэлбэрээр оруулах, орон нутгийн үндсэн дүрмээр тухайн орон нутгийн иргэд, иргэд хоорондын, иргэдээс Засаг дарга, Засаг даргын тамгын газар, орон нутгийн хурлын байгууллагууд, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллаагаа явуулж байгаа бүхий л аж ахуйн нэгж, байгууллагуудын харилцааг, иргэдийн аудит нь төсвийн байгууллагын төсвийг үр ашигтай зарцуулж, иргэдэд нээлттэй, ил тод байхад хяналт тавих, төсвийг боловсруулах, хянах, хэрэгжүүлэх, батлах үйл явцад олон нийтийн оролцоог хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, арга зүйн тусламж үзүүлэх зэрэг асуудлуудыг зохицуулахаар тусгасан.

  • Энэ хууль дээр ажиллахдаа гадаадын улс орнуудын туршлагыг нилээд судалсан байх гэж бодож байна?

Уг хуулийн төслийг боловсруулахад гадаад улсуудын туршлага, жишгийг судлах зайлшгүй шаардлагатай. Манай хуулийн төслийн ажлын хэсгийн А.Саруул /ШАХ-ийн гүйцэтгэх захирал/ бусад улсуудын иргэдийн оролцооны туршлагыг судалсан. Щвейцарь, Герман зэрэг улсуудын туршлагыг нарийвчлан судалсан, учир нь дээрх хоёр улсад Шууд ардчилал, Иргэдийн оролцоо маш сайн хөгжсөн. Өнөөдөр Щвейцарь улс нь иргэдийнхээ оролцоог дээдэлдэг загвар улсын нэг мөн бөгөөд  Төрийн хуулиар зохицуулаагүй бүхий л асуудлыг кантон /аймаг/ бүрэн эрхийнхээ хэмжээнд зохицуулдаг. Иргэд нь нутгийн удирдлагын байгууллагаа сонгож, хуралддаг, санал хураалтыг олон хүн хамрах тохиолдолд гадаа задгай талбайд хийж, санал хураах явцаа маш энгийнээр буюу гар өргөх аргаар ч явуулдаг. Харин цагтаа ирээгүй оршин суугчид мэдээллийг сонсож болох ба санал хураалтанд оролцох эрхгүй болсон оршин суугчид нь хүрээний гадна зогсож, мэдээллийг авах боломжтой байхаар зохицуулсан байдаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай хүрээлэнгийн shuud-ardchilal.mn вэб сайтаас сонирхож болно.

Иргэний оролцооны хууль батлагдвал манай улсын аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо бүр өөрийн үндсэн дүрэмтэй болж, үүнийгээ дагаж мөрдсөнөөр засгийн газраас энэхүү нэгжүүдэд халдах эрхгүй, нэгж бүрийн иргэд өөрсдийн үндсэн дүрэмдээ зохицуулсан асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой болох юм. Шууд ардчилал, иргэдийн оролцоо нь манай улсын хувьд харьцангуй шинэ ойлголт учир бусад улс орнууд хууль, дүрэм журмандаа хэрхэн оруулсан, ямар асуудлыг ард иргэдийнхээ оролцоотой шийддэг зэрэг бүхий л зүйлийг судалсан.

 

Швейцарийн Гларус хотын ИНХ.

Хотын иргэд ИТХ-гүй байхаар шийдсэн учир ИНХ-аар санал хураалт явуулж, асуудлаа шууд шийддэг уламжлалтай.

 

  • Хуулийн төслийг хэрхэн хэлэлцүүлж байна, хэдийгээр өргөн барих вэ?

-Хуулийн төслийг хэд хэдэн үе шаттай хэлэлцүүлнэ. Эхний хэлэлцүүлгийг 2014 оны 11 сарын 4-нд иргэд, иргэдийн оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Нийслэлийн иргэний танхим дээр зохион байгуулсан. Манай боловсруулсан хуулийн төслийг иргэд, олон нийтийн байгууллагууд ихэд олзуурхан хүлээн авч, өөрсдийн санал бодлыг илэрхийлсэн. Цаашдын боловсруулалтандаа энэ саналуудыг бид хэлэлцэж тусгана.   

Удахгүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд орон даяар шууд хэлэлцүүлж, олон нийтээс санал хүлээн авах, мөн www.president.mn сайтад эцсийн байдлаар боловсруулсан хуулийн төсөл, үзэл баримтлалыг тавьж, олон нийтэд танилцуулан, орон нутгаас ирэх саналтай танилцаж, улмаар энэ онд багтаан УИХ-ын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна. Иргэний оролцооны тухай хуультай байж л иргэд эрх мэдэлтэй болно, иргэд эрх мэдэлтэй болсноор улс орон хөгжих боломжтой.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж