Жирэмсэн эхчүүдэд өдөрт гурван аяга кофе уухыг зөвшөөрнө
Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ кофег багавтар хэмжээгээр уувал хүүхдээ
хугацаанаас нь өмнө төрүүлэх, хүүхдийн өсөлт бойжилт, хэвийн жинд
нөлөөлөх зэрэг хүндрэл гарахгүй гэнэ. Данийн эрдэмтэд ийм дүгнэлт
гаргаснаа Их Британийн эрүүл мэндийн сэтгүүлд хэвлүүлжээ.
Эрдэмтдийн үзэж буйгаар, ирээдүйн эх өдөрт гурван аяга кофе
уухад ямар нэг муу үр дагаваргүй аж. Харин үүнээс өмнө хийсэн
судалгаагаар, кофег бага зэрэг уух, эсвэл кофеинтэй бүтээгдэхүүн бага
зэргийг хэрэглэхэд л муу үр дагавартай гэж байсан билээ. Зарим
судалгаагаар кофеинийг бага тунгаар хэрэглэхэд хүүхдийн биеийн жинг
100-200 г-аар бууруулж байгааг тогтоож байв.
Гэхдээ Данийн
эрдэмтдийн хийсэн энэ удаагийн судалгаа нь жирэмсэн эхчүүдээс асуух
замаар хийсэн өмнөх судалгаанаас ялгаатай нь 1207 эхийг жирэмсний
хугацаанд нь ажиглажээ. Оролцогчдын тэн хагас нь жирэмсний сүүлийн
саруудад энгийн уусдаг кофе хэрэглэж, харин бусад нь кофеингүй кофе ууж
байсан аж. Судалгааны явцад төрөх хугацаа болон хүүхдүүдийн дундаж
жингийн талаар ажиглалт хийжээ.
Yүний үр дүнд дээрх хоёр бүлэг
эхчүүдийн хүүхдийн жинд ямар ч ялгаа гараагүй байна. Харин кофеингүй
кофе ууж байсан эмэгтэйчүүдийн хүүхэд хугацаанаасаа өмнө төрөх хандлага
ажиглагдаж байсан аж.
Судалгааны багийн ахлагч доктор Бодил
Хаммер Бекийн үзэж буйгаар, энэ нь жирэмсэн эхчүүд жирийн уусдаг кофег
өдөрт гурван удаа уухад ямар ч аюулгүй болохыг нотолж буй гэнэ.
Бекийн удирдсан багийн өмнөх судалгаагаар жирэмсэн үедээ кофеинийг
хэтрүүлэн хэрэглэх, тодруулбал, өдөрт есөөс илүү аяга кофе уувал хүүхэд
нь амьгүй төрөх эрсдэл ихтэй гэж үзэж байжээ.
Кофе
сексийн хүслийг бадраадаг уу
Жоржтауны их сургуулийн
эрдэмтэд нэгэн сонирхолтой ажиглалт хийжээ. Тэд кофеин сарьсан
багваахайд хэрхэн нөлөөлж буйг судалсан байна. 108 эм сарьсан багваахайд
бага зэрэг кофеин өгсний дараа эр сарьсан багваахайнуудыг торонд нь
оруулсан байна. Тэгэхэд бага зэрэг кофеин уусан эм сарьсан багваахайнууд
эрчүүд рүү тэмүүлж байсан төдийгүй эвцэлдсэнийхээ дараа ч дахин
“сексийн хэрэгцээтэй” байгаагаа илтгэж байжээ.
Энэ судалгааг
хийхдээ эрдэмтэд торонд зөвхөн эр биш, эм сарьсан багваахайнуудыг ч
хамтад нь оруулахад эр рүү нь тэмүүлж байсныг үзэхэд кофеин хэрэглэх нь
“сексийн” хүсэл төрүүлдэг гэх дүгнэлт гаргахад хүргэсэн аж.
Фэй
Гуарацциар удирдуулсан америкийн эрдэмтэд сарьсан багваахайнуудын энэ
байдлыг дүгнэхдээ кофеин бол бэлгийн дур хүслийг хариуцсан тархины
хэсгийг өдөөгч гэж үзжээ. Гэхдээ эрдэмтэд кофе хүний сексийн дур хүсэлд
хэрхэн нөлөөлдгийг бүрэн судлаагүй бөгөөд сарьсан багваахайнуудын дээрх
байдлыг хүнд, тэр тусмаа эмэгтэйчүүдэд шууд хамааруулах боломжгүй гэж
тэмдэглэж байна.
Кофе шийдвэр гаргахад нөлөөлдөг үү
Хүмүүс аяга кофе уугаад бусдын үгэнд илүү оромтгой болдог аж. Кофе
уусныхаа дараа “тийм”, “за” гэж хэлэх нь элбэгшдэг төдийгүй өөрийн үзэл
бодлыг ч өөрчилж, бусдын талд үйлчлэхэд бэлэн болдог гэнэ. Австралийн
Квинслендийн их сургуулийн эрдэмтэд 140 оюутан оролцуулан ийм туршилт
хийжээ.
Туршилтын өмнө бүх оролцогч үр хөндөлтийн талаархи
асуултад хариулж, өөрийн байр суурийг илэрхийлж байв. Yүний дараа
туршилтад оролцож буй оюутнуудын нэг хэсэгт нь жүржийн шүүс, заримд нь
хоёр аяга кофетой тэнцэхүйц хэмжээний кофеинтой шүүс өгсөн байна. Yүний
дараа оюутнуудад өөрсдийнх нь үзэж илэрхийлж байснаас тэс өөр байр
суурьтай нийтлэлүүдийг унших даалгавар өгчээ. Ингээд оюутнуудад шүүс,
кофеин уухаас нь өмнө өгч байсан асуултуудыг давтан тавихад кофеин уусан
оюутнууд илүү дуулгавартай, нийтлэлийн баримтуудтай санаа нэгдэж байсан
аж.
Судалгааны удирдагч Перл Мартин энэ талаар дүгнэлт
хийхдээ, энэ бол маш ач холбогдолтой зүйл гээд, “Хүмүүс кофеин агуулдаг
кофе, цай, кола болон бусад хүч сэлбэгч бодис бүхий ундаа хэрэглэсэн
үедээ элдэв сурталчилгаанд итгэж, хүний үгэнд оромтгой болдог нь
судалгаагаар нотлогдлоо. Ийм хүмүүс ажил хэргийн уулзалт дээр хэрхэн
шийдвэр гаргах нь ойлгомжтой болох биз ээ” гэжээ.
Кофе
элэгний циррозоос хамгаална
Өдөрт нэг аяга кофе ууж байх нь
архинаас болж элэгний цирроз үүсэх эрсдэлээс 22 хувь хамгаалдаг гэх
дүгнэлтийг америкийн эрдэмтэд гаргажээ. “Archiүes of Internal Medicine”
сэтгүүлд Калифорнийн судалгааны төвд хийсэн энэ тухай судалгааг
нийтэлсэн байна. Судалгаанд эрэгтэй, эмэгтэй 125580 хүн сайн дураар
оролцсон бөгөөд судалгааг 1978-1985 онд явуулжээ. 2001 онд судалгааны
дүнг гаргахад тэдгээрээс 330 нь элэгний циррозтой болсноос 199-ийнх нь
циррозын шалтгаан архи болохыг тогтоосон байна.
Судалгааны
явцад кофе байнга уудаг хүмүүсийн элэг хатуурах эрсдэлд нэрвэгдэх нь
бага болохыг тогтоожээ. Өдөрт нэг аяга кофе уудаг бол цирроз болох
эрсдэл 30 хувь багасдаг аж. Харин өдөрт нэгээс гурван аяга кофе уудаг
хүмүүст энэ эрсдэл 40, өдөр бүр дор хаяж дөрвөн аяга кофе уудаг бол энэ
нь 80 хувь хүртэл багасч байсан гэнэ.
Архи уудаггүй ч кофе уух
дуртай хүмүүст элэгний цирроз болох эрсдэл багасч байсныг ч тэд
тэмдэглэв.
Судлаачид мөн кофеин агуулсан цай уудаг хүмүүст ч
ийм судалгаа хийхэд кофе шиг нөлөө үзүүлээгүй байна. Иймээс тэд элэгний
циррозын эрсдэл багасч буйг кофеинтой холбоогүй гэж батлав. Тодруулбал,
кофед элэгний циррозын эрсдэлийг багасгадаг өөр нэг бодис байна гэж үзэж
байгаа аж. Хэрэв судлаачдын үзэж буй энэ бодисын нөлөө батлагдвал уг
бодисыг элэгний эмчилгээнд ашиглаж болох аж.
Эх сурвалж: www.day.mn