“Орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн орлогыг бүрэн шилжлүүлж байна”
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сантай холбоотой асуудлаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын ОНХНС-ийн хэлтсийн дарга М.Батгэрэлтэй ярилцлаа.
-ОНХС-ийн мөнгийг Сангийн яам дутуу олгож байгаа гэсэн гомдлыг орон нутгаас их ирүүлж байна. Энэ талаар тайлбар хийгээч?
-2014 оны төсвийн тухай хуулиар Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд нийтдээ 284.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, аймаг, нийслэлд шилжүүлэхээр батлагдсан. Дотоодын НӨАТ-аар 174.8 тэрбум, АМНАТ-аар 38.2 тэрбум, аймаг, нийслэлээс төвлөрүүлэх орлогоор 71.7 тэрбум төгрөгийг тус санд төвлөрүүлэхээр батлагдсан боловч оны эхний 11 сарын байдлаар 171.1 тэрбум төгрөг төвлөрсөн. Сангийн яам нэгдсэн санд төвлөрсөн хөрөнгийг нэг ч төгрөг үлдээлгүй батлагдсан аргачлалын дагуу тооцож аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд бүрэн шилжүүлж байна.
Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ буурсантай холбоотойгоор Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрөх хөрөнгө оны эцэс гэхэд 65.0 тэрбум төгрөгөөр тасрах тооцоотой байгаа учраас Сангийн яам аймаг бүрт тус сангийн 2014 оны хүлээгдэж байгаа орлогын шилжүүлгийн дүнг хүргүүлсэн бөгөөд энэ дүндээ тохируулж төсвийн тодотголоо хийх чиглэлийг есдүгээр сард өгсөн.
-ОНХНС-ийн хөрөнгийн хуваарилалт зөв хийгдэж байгаа эсэхэд хэн хяналт тавьдаг вэ? Хүн амын тооноос хамааруулж энэ сангийн хуваарилалтыг хийж болохгүй юу гэсэн санал нилээд гардаг байх.
-Сангийн яамнаас аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд олгож байгаа орлогын шилжүүлэг нь батлагдсан аргачлалын дагуу тооцоологдсон эсэхэд Үндэсний аудитын газар хяналт тавьж ажилладаг. Санд төвлөрсөн нийт орлогын хэмжээг орон нутгийн хөгжлийн индекс, хүн амын тоо, хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ, орон нутгийн татварын идэвхи санаачлага гэсэн дөрвөн үндсэн итгэлцүүрт үндэслэн Засгийн газрын 2012 оны 30-р тогтоолоор баталсан аргачлалын дагуу тооцож шилжүүлдэг. Өнгөрсөн 2013 оны Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хуваарилалт батлагдсан аргачлалын дагуу зөв тооцогдсон байна гэж ҮАГ-аас дүгнэсэн.
Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтыг зөвхөн хүн амын тооноос хамааралтай, эсвэл хүн амын тооны итгэлцүүрийн харгалзах хувийн жинг нөгөө гурван итгэлцүүрээс нь хэт өндрөөр тооцох нь нэг талаас хүн ам төвлөрсөн газруудад хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага ихээхэн байдагтай холбоотойгоор авч үзэж болох асуудал боловч нөгөө талаас төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нийслэлийн хүн амын механик өсөлтийг бууруулах бодлого, Монгол орныг бүсчилж хөгжүүлэх үзэл баримтлалд нийцэмжтэй бус байдаг.
-Орон нутагт шилжиж очсон сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах, мөн улстөрийн шалтгаанаар өөр намын удирдлага бүхий зарим сумдад сангийн мөнгийг олгохгүй байх зөрчил гарч байна уу? Ийм тохиолдолд Сангийн яамнаас тухайн аймагт мөнгийг нь олгохгүй байж болох уу?
-Төсвийн тухай хуулиар ОНХС-ийн хөрөнгийг зарцуулахыг хориглосон зургаан зүйлийг хуульчлан баталсан байдаг. Иргэд сум, дүүргийнхээ орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөнд шууд оролцдог болсноос гадна хэрэгжилтэнд ч хяналт тавих боломжийг Сангийн яам бүрдүүлж өгсөн. Интернэтд холбогдох боломжтой аль ч газраас zasag.mn буюу oronutag-tosow.mn хаягаар Монгол Улсын бүх аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, зарцуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Интернэтээс мэдээлэл авах боломжгүй иргэд, малчдын хувьд мэдээллийг Засаг даргын Тамгын газрынхаа мэдээллийн самбараас авах боломжтой. Энэ талаар Сангийн сайдын баталсан зааврыг орон нутгийн бүх удирдлагуудад хүргүүлсэн.
Иргэд нь зохион байгуулалтанд орж сум, дүүргийнхээ орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, хэрэгжилтэнд хяналт тавиад явж байгаа сум, дүүрэг ч байна. Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн зарим хорооны иргэд Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын зөвлөлийг байгуулан ажиллуулж байгаа сайн туршлага байна.
Хэрэв танай орон нутгийн удирдлага ОНХС-ийн хөрөнгийг өөрсдийн албан конторын барилга барих, унаа тэрэг авах зэргээр удирдлагын зардалд зарцуулсан, мөн ОНХС-ийн төлөвлөлтөнд иргэд та бүхний саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгагдаагүй ажилд мөнгө олгосон, түүнчлэн, улстөрийн нам, төрийн бус байгууллагыг санхүүжүүлсэн, зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргасан бол тухайн орон нутгийнхаа аудитын байгууллагад юуны түрүүнд мэдэгдэж шалгуулах хэрэгтэй.
Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас он гарсаар нийт зургаан аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтанд түүвэр шалгалт хийгээд байна. Дүнг удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Шалгалтаар зөрчил, дутагдал илэрч байна. Гэвч бид хэн нэгэн хууль зөрчсөн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болоод тухайн аймгийн бүх сумдад очих хөрөнгийг олгохгүй байх боломжгүй юм. Хуулиа мэддэггүй, эсвэл мэддэг ч зөрчөөд явж байгаа зарим нэг орон нутгийн удирдлагуудын хууль бус үйлдлээс болж орон нутагт хийгдэж байгаа ажлыг бүхэлд нь зогсоох, харлуулах нь зохимжгүй гэж боддог. Харин хууль зөрчсөн албан тушаалтны тухайд яригдах асуудал нь мэдээж тусдаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саналаар анх Төсвийн тухай хуульд тусгагдан батлагдсан Орон нутгийн хөгжлийн сан бий болсоноор сум, дүүргийн хэмжээнд тулгамдсан олон асуудал тэнд амьдарч байгаа иргэдийнх нь шууд оролцоотой, үе шаттайгаар шуурхай шийдвэрлэгдээд явж байгаа. Сумын тохижилт, гэрэлтүүлэг хийх, халуун ус барих, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга засварлах зэрэг ажилд санхүүжилт хүссэн албан бичгүүд Сангийн яамнаас салдаггүй, маш олноор ирдэг байсан 2-3 жилийн өмнөх үеийг бодвол одоо байдал огт өөр болж байх шиг байна. Цаашид орон нутгийнхаа ойр зуурын хэрэгцээгээ хангаад тулгамдсан асуудлаа өөрсдөө цаг алдалгүй шийдээд ирэхээр илүү бүтээн байгуулалт тал руугаа анхаарсан хөгжлийн төсөл, арга хэмжээнд энэ сангийн хөрөнгө зарцуулагдаж эхлэх байх гэж бодож байна.
Б.ЭНХ