Франц гитарчин тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

Франц гитарчин тоглолт хийнэ

Монгол Францын Төв Францын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Францын алдарт гитарчин Тибу Куван ирэх арванхоёрдугаар сарын 2-нд Монголд ирэхээр болжээ.

Тибу Куван нь 20 насандаа олон улсын 13 шилдэг шагналыг хүртсэн цорын ганц гитарчин залуу юм. “Сонгодог гитар”-ыг шинэ түвшинд хүргэсэн учир түүнийг “Сонгодог гитарын элч” гэх нэрийг авчээ.

2013 онд тэрээр Сони Мюзиктэй хамтран “Скарлеттай хийсэн бүжиг” цомгоо гаргасан нь францын France Musique, France Culture, Radio Classique зэрэг радионуудын хамгийн их гүйлгээтэй цомгоор шалгарсан аж. Мөн онд буюу 29 насандаа дэлхийн 120 гаруй орноор аялж, 1000 гаруй тоглолт хийснийхээ ойг тэмдэглэсэн бөгөөд томоохон тоглолтуудаас дурдвал АНУ-ын Нью Йорк хотын Carnegie Hall, Хятадын хориотой хот, ОХУ-ын Москвагийн Чайковский театр, Лондоны Wigmore Hall, Парисын Les champs Elysees театр, Мюникын Gasteig театрын тоглолтууд аж.

Sony Music-ийн албан ёсны төлөөлөгч гитарчин бөгөөд түүний нэртэй гитарыг гитарын үйлдвэрлэгч Sevillana “Antonio Bernal” үйлдвэрлэсэн байна. Монгол Францын Төв түүний тоглолтыг 2014 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 19 цагт Black Box театрт зохион байгуулахаар болжээ. Мөн гитарчин Тибу Куван нь Хөгжим Бүжгийн Коллеж, СУИС-ийн Хөгжмийн Урлагийн Сургуулийн суралцагчдад сургалт хийхээр төлөвлөсөн байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж