Льюис Хэмилтон юунаас айдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

Льюис Хэмилтон юунаас айдаг вэ?

-“Формула-1” уралдааны аваргын хөрөг-

“Мерседес” багийн нисгэгч Льюис Хэмилтон энэ амралтын өдрүүдэд “Формул-1” уралдааны дэлхийн шинэ аварга боллоо. Тэрээр улирлын сүүлчийн уралдаан болох Абу-Дабигийн Гран-при уралдаанд тэргүүлэн зургаан жилийн дараа дэлхийн аварга цолыг дахин хүртлээ.

Льюис Хэмилтон Абу-Дабигийн цомыг гардан авсны дараа

Льюис арван настай байхдаа “Макларен”  багийн захиралтай тааралдан гарын үсгийг нь авахдаа “Сайн байна уу? Намайг Льюис Хэмилтон гэдэг.  Би Их Британийн  аварга болсон. Хэзээ нэгэн цагт би таны машиныг жолоодох хүсэлтэй байна” гэжээ. Льюисийн тэмдэглэлийн дэвтэрт “Есөн жилийн дараа над руу утасдаарай. Би нэг юм бодьё” гэж Рон Деннис бичсэн байв.

Льюисийн эцэг Антонио Карибийн тэнгисийн зүүн өмнөд хэсгийн  Гренада улсад төржээ. Түүний гэр бүл 1950-иад онуудад Их Британид суурьшжээ. Льюисийн эх нь Их Британийн уугуул. Льюисийг хоёр настай байхад  эцэг, эх нь салцгаасан юм. Тэр 11 нас хүртлээ эхтэйгээ амьдарч байгаад дараа нь эцэг рүүгээ очжээ. Тэгээд л эцэг нь түүний уралдааны карьерыг тууштай хөөцөлдөх болов. Дөрвөн ажил зэрэг хийж байгаад хүүгээ картингийн аваргын тэмцээнүүдэд оруулжээ

Их Британийн аваргын хоёр дахь тэмцээн мөн Super One Рон  цувралд Хэмилтон ялсны дараа 1998 онд Деннис өөрөө түүн рүү утасдлаа. Ингэж Хэмилтон “Макларен”-ы залуу нисгэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагджээ

Хэмилтон, “Формула-1” уралдаанд анх 2007 онд 22 настайдаа орж байсан юм. Эхний уралдаанд нь тэр  шагналт байранд орсон ба ер нь аварга болох боломжтой байв. Гэхдээ Льюис  сүүлийн уралдаанд амжилгүй байснаар аваргын цолыг “Феррари” багийн Кими Райкконен авахдаа түүнээс нэг оноогоор л илүү байсан юм.

Аль нь лааны тосон Хэмилтон бэ?

Льюис Хэмилтоны лааны тосон баримал  мадам Тюссогийн музейд бий. Британийн нисгэгч 2008 оны улиралын тэмцээнд дэлхийн аварга болсны дараа уг баримал тэнд 2009 онд  тавигджээ. Баримлыг бүтээхэд хагас жил, 150 мянган фунтыг зарцуулсан байв.

Льюис Хэмилтон  2007 оноос хойш The Pussycat Dolls хамтлагийн дуучин асан Николь Шерзингертэй найзалж байна. Хосууд хоёр ч удаа салсанаа зарласан ч эргээд л харилцаагаа сэргээсэн юм.

Холбооны замуудаар маш их хурдтай явсан гэж Хэмилтоныг хэд хэдэн удаа шийтгэж байв. Францын нутаг дэвсгэрт 196 км/цагийн хурдтайгаар явсан гээд британи залуугийн жолооны ард суух эрхийг нь сарын турш хассан билээ. Ингээд зогсохгүй цагдаагийнхан түүний Mercedes-Benz CLK машиныг хураажээ. Австралид бас нэг машиныг нь хураах гэсэн боловч тэрээр уучлалт гуйж байж болиулсан юм. Гэхдээ 500 австрали долларын торгууль төлжээ.

Льюис Хэмилтонд Роско ба Коко гэсэн нэртэй хоёр англи бульдог нохой бий. Энэ жилийн тэмцээнүүдийн эхний хагаст тэрээр нохойнуудаа авч явдаг байсныг “Мерседес”-ийн удирдлага гуйсны дараа Хэмилтон нохойгоо авч явахаа больжээ.

Льюис далайд сэлэхдээ акула загасанд залгиулахаас хамгийн ихээр айдаг гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж