Завхан аймгийн ҮБХ-оос дэвшүүлсэн АВАРГЫГ АЙМАГТАА БЭЛТГЭЕ хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн Улиастай сумын 4-р сургууль сар бүр уламжлал болгон өсвөр бөхчүүдийн нээлттэй барилдаан зохион байгуулж байхаар болжээ. Тус сургуулийг Улсын начин Л.Лха-Очир, Б.Бадамсүрэн нар төгссөн бөгөөд 4 насны ангилалаар явагдах өсвөрийн бөхийн барилдааныг отгон начингууд ивээн тэтгэж зохион байгуулж байхаар болсон байна.
Анхны буюу нээлтийн барилдаан 23-ны өдөр болоход уран барилдаант улсын начин Л.Нямсүрэн ирж хүндэтгэл үзүүлэн "УРАН БАРИЛДААН"-ы шагналыг нас тус бүрийн өсвөрийн бөхөд гардуулж ирээдүй хойчдоо урам нэмж, амжилт хүссэн байна.
Мөн 24-ний өдөр Улиастай хотод Улс тунхагласны 90 жилийн ойн барилдаан болж сумын заан Я.Ишжамц түрүүлж, аймгийн хурц арслан Т.Баттөмөр үзүүрлэн, аймгийн заан Д.Бат-Өлзий, сумын заан Э.Ванчин-Очир нар шөвгийн дөрөвт шалгаран үлдсэн байна.
Эх сурвалж: http://undesniibukh.mn