&#34Төв ургац&#34, &#34Чингис сити&#34 багууд хожлоо

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

&#34Төв ургац&#34, &#34Чингис сити&#34 багууд хожлоо

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос(МҮСБХ) зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын тоглолтууд Спортын төв ордонд болж байна.

Тэмцээний өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн тоглолтын мэдээллийг хүргэж байна. Энэ өдөр болсон тоглолтод Төв аймгийн "Төв ургац", Хэнтий аймгийн "Чингис сити" багууд хожил авчээ.

Үндэсний Супер лигийн дараагийн тоглолтууд маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-ны лхагва гаригийн 18.00 цагаас СТО-нд үргэлжлэн явагдана.

 

ТӨВ УРГАЦ VS МАДИМОС ШОНХОР 113:99

Сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лигийн шинэ улирал эхлээд, 3 дахь өдрийн тоглолтууд өчигдөр СТО-нд боллоо. Эхний тоглолт энэ улиралд тун өнгөтэй, хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа 2 баг болох Төв Ургац болон Мадимос Шонхорууд багууд учраа таарсан. Шонхорууд багийн хувьд шинэ улирлыг тун амжилттай эхлүүлж, 2 хожил аваад байгаа. Тэдний бүрэлдэхүүнд Т.Санчир, Г.Цэнгүүнбаяр, Б.Дархантөгс, Э.Цэрэнбаатар, А.Гансүх, Б.Даваажав зэрэг шилдэг тоглогчид байгаагаас гадна туршлагатай хамгаалагч А.Төмөр, хүчтэй, тэсрэлттэй хамгаалагч Darin Mency нэмэгдсэн. Харин өнгөрсөн жил Спрайт Супер Лиг, А-н УАШТ гэсэн том тэмцээнүүдэд түрүүлсэн Төв Ургац багийнхан, тун сайн багийн тоглолтыг үзүүлж байгаа. Тэднээс залуу авьяастан Д.Мөнхтөр, дээд лигийн тэргүүн, туршлагтай тоглогч Ц.Мэргэн, легионер тоглогч Donald Boone гэсэн тоглогчид тун гайхалтай тоглож байгаа. Мөн эхний тоглолтын дараагаар сагсан бөмбөгийн стандарт тоглолтын хичээлийг тун сайн заах тоглогчдыг Төв Ургац багийнхан авчиржээ гэсэн дүгнэлтийг сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд гаргасан.

Тоглолт ч таамаглаж байсанчлан тун өрсөлдөөнтэй болсон. Энэ тоглолтын онцлох статистик үзүүлэлт нь Шонхорууд багаас Т.Санчир холын зайн 8 шидэлтээ амжилттай болгож, 50 оноо авсанаар, энэ улирлын дээд амжилтыг үзүүллээ. Түүний хувьд өнгөрсөн улиралд мөн 55 оноо авч байсан юм. Харин Төв Ургац багийнхан багаараа тун гайхалтай байлаа. Тэднээс шинээр од болон гялалзаж байгаа Д.Мөнхтөр 32 оноо, 12 самбар авч багаа тэргүүлсэн бол, легионер тоглогч Donald Boone Jr 22 оноо, 10 оновчтой дамжуулалт, 10 бөмбөг таслалт хийж, энэ улирлын 2 дахь трибль даблийг хийлээ. Мөн Ц.Мэргэн 21 оноо, 10 самбар, Holmes Junior 25 оноо, Бат-Эрдэнэ 11 оноо, 13 самбар авч, 4 тоглогч нь 20-с дээш оноо авсан жигдхэн тоглолт гаргаснаар багаа хожилд хүргэлээ. Ингэснээр 113-99 харьцаатай Төв Ургац баг өрсөлдөгчөө буулган авч, улирлыг 2-0 гэж эхлүүлж байна.

 

ХЭНТИЙ ЧИНГИС СИТИ VS VALVOLINE БҮРГЭДҮҮД 107:95

Энэ өдрийн 2 дахь тоглолт. Насанд хүрэгчдийн УАШТ, Спрайт Супер Лиг, Бүх Ард Түмний Спартакиад гээд улсын хэмжээний бүхий л том тэмцээнд "АВАРГА" хэмээх эрхэм алдрыг хүртсэн залуус бол Ж.Түмэн-Аюуш эзэнтэй ХАСУМЕГАВАТТ багийнхан. Сагсан бөмбөгөөр хичээллэгч олон зуун залуус “ХасуМегаватт Чингис Сити” багийг дээд лигт харахыг тэсэн ядан хүлээж байсан бөгөөд, тэд энэ улиралын эхний тоглолтоо өчигдөр хийлээ. Мөн энэ багт NCAA-д байхдаа од тоглогчын хэмжээнд тоглож байсан 26 настай, залуу легионер тоглогч Afam Moujeke хүч нэмсэн юм. Харин тэдний өрсөлдөгч Интерстандарт Нефть компаний Valvoline Бүргэдүүд баг. Энэ багийн бүрэлдэхүүнд NBA-д тоглож байсан 2 тоглогч багтсан нь энэ багийн онцлох зүйл нь юм. NBA-н New Orleans Hornets багт холбон тоглогчоор тоглож байсан Carldell Johnson, Seattle Super Sonics, Memphis Grizllies, Charlotte Bobcats багуудад тоглож байсан Andre Brown гэсэн 2 тоглогч энэ багт нэгдээд байгаа юм.

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээж байсан энэ тоглолтонд, олон жил хамтдаа өндөр амжилттай тоглож байгаа баг болох ХасуМегаватт Чингис Сити багийнхан 107-95 харьцаатай ялалт байгууллаа. Тэднээс шинэ легионер Afam Moujeke өөрийн өндөр ур чадвараа харуулж, 37 оноо, 17 самбар авсан бол, Gabe Moton 22 оноо, 10 самбар, 9 оновчтой дамжуулалт, Золжаргал 15 оноо, Даваасамбуу 8 оноо, 8 самбар, Улаанхүү 8 оноо, 8 самбар авчээ. Харин тэдний өрсөлдөгч шинэхэн бүрэлдэхүүнтэй байгаа Дорноговь Valvoline Бүргэдүүд багт, ойлголцол дутаж байгаа гэдэг нь энэ өдөр харагдлаа. Тэднээс Carldell Jonhson 35 оноо, Э.Дөлгөөн 21 оноо, 6 бөмбөг таслалт, Andre Brown 16 оноо, 19 самбар, залуу тоглогч Мишээл 14 оноо, Оюунбат 4 оноо, 11 самбар авчээ. Цаашид легионер тоглогчидын цагийн зөрүү арилж, өсөх ирээдүйтэй шилдэг тамирчид нь жигдрэх цагт энэ багаас олон зүйл хүлээж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж