Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх, М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгө завшсан хэргээр өнгөрөгч долдугаар сараас хойш цагдан хорьсон. Өнгөрөгч сарын 29-ний өдөр хуурай өлсгөлөн зарласан Л.Гансүхийг батлан даалтад гаргасан бол М.Тулга нарыг үргэлжлүүлэн хорьсоор байгаа. Тиймээс түүний өмгөөлөгч, ар гэрийнхэн нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хандаж, тусламж хүсчээ. Өнөөдөр түүнийг эргэсэн С.Ганбаатар гишүүн “Залуу хүний эрүүл мэндэд санаа зовж байна. Томчуудын хоорондох толхилцооноос залуучууд хохирч болохгүй. Миний хувьд М.Тулгыг хөлбөмбөгчин байсных нь хувьд мэдэх учраас өнөөдөр энд ирлээ” гэсэн юм. Харин Л.Гансүх нарын хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Гансүх “Хорьж айлгаж, залхаан цээрлүүлж өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлэхээр л хичээцгээж байна. М.Тулгын бие муудаад хөл нь мэдээгүй байнга тэргэнцэрт сууснаас хойш хоёр сар өнгөрлөө” гэсээр биднийг угтсан юм. Энэ үеэр цагдан хорих 461-р ангид ирсэн М.Тулгын ээж М.Эрхэмхүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
– Танай хүү нэгэн хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн гэсэн. Ямар эмчилгээ хийсэн юм бэ?
-Тэнд хэвтээд ямар ч үр дүн өгөөгүй. Нуруу нугасны нарийн мэргэжлийн эмчгүй юм билээ. Хэрэв миний хүүгийн эрүүл мэнд зүгээр байсан бол яах гэж тэр хувийн эмнэлэг рүү авч явсан байж таарах вэ. Хоолой нь өвдсөн бол 461-р ангийн эмнэлэгт эмчилчихнэ биз дээ. Энэ нь надад сэжиг төрүүлээд байна. Миний хүүг ердөө л мөнгө гэж харж байна. Шалгах зүйл байгаа бол шалгаж болно. Эцсийн эцэст би төрүүлсэн үрээ эрүүл гаргаж авмаар байна. Битгий миний яриаг хасаарай. Би Ерөнхийлөгчид, УИХ-ын гишүүдэд үгээ хүргэмээр байна. Яагаад миний хүү ажил хийснийхээ төлөө ингэж яланд унаж байгаа юм бэ. Хэргийг нь тогтоовол тогтоохоор хугацаа өнгөрлөө.
-Хамт шалгагдаж байгаа ахлах зөвлөх асан Л.Гансүхийг батлан даалтад гаргасан. Харин хүүг тань батлан даалтад гаргах сураг байна уу?
-Миний хүү таван сар шоронд хоригдож байна. Батлан даалтаар гаргая гэж өмгөөлөгчөөр нь дамжуулан хүсэлт гаргасан ч АТГ зөвшөөрөхгүй байна. Миний хүүг мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гээд л хориод байдаг. Гэтэл миний хүү өнөөдөр тэргэнцэр дээр л сууж байна шүү дээ. Аргаа бараад гадаадын эмнэлгүүдэд зураг, шинжилгээг нь явуулахад бүгд л хагалгаа хийлгэх шаардлагатай, яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдэг хариу ирж байна. Ерөнхийлөгч “Ямар нэгэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нөхцөлд залхаан цээрлүүлэх зорилгоор хорьж болохгүй” гэж ярьсан. Ерөнхийлөгч АТГ-ын энэ шийдвэрийг эргэж хараач гэж гуймаар байна. Ерөнхийлөгчид өчнөөн өргөдөл, уулзах хүсэлт өглөө. Нэг ч хариу ирсэнгүй.
-Хүүгийнхээ хэвтсэн хувийн эмнэлгийг шалгуулна гэл үү?
-Тэгсэн. Эмчлэгч эмч нь миний хүүг тавласан байна лээ. Надад гэсэн гомдмоор үг хэлсэн. “Танай хүүхдийг амраах гээд аваад ирсэн. Залуу хүн байж яах гэж Ерөнхий сайдын зөвлөх хийж явсан юм. Энэ насан дээр ийм юм хийх ёсгүй. Хүүгийн чинь бие зүгээр байгаа. Бараг нурууны мөгөөрс рүү нь хадаас хатгасан ч зүгээр” гэх ухааны юм ярьсан. Эмч хүний амнаас ийм үг гарч байхад би яаж итгэх юм бэ. Хүү дээр маань ороод “Чи зүгээр байгаа. Бос. Битгий эмнэлгийн нэр хүнд гутаагаад бай” гэх зэргээр доромжилсоор байгаад л сүүлдээ өөрөө “гаръя” гээд гарсан.
Ингээд Цагдан хорих 461-р ангийн дарга Дамдинсүрэнгээс М.Тулгатай уулзах зөвшөөрөл авснаар дотогш нэвтэрсэн юм. Хорих ангийн даргын хувьд ярих зүйлээ хурдан ярьчихаад гараарай. Би өөрт чинь /УИХ-ын гишүүн С.Ганбаатарт/ том боломж олголоо гэх байдлаар ханджээ. М.Тулга тэргэнцэрт түрүүлэн гарч ирсэн. Тэрбээр “Зүүн хөл мэдээгүй болоод удаж байна. Өвчин нь улам нэмэгдэж нуруу руугаа орсон. Надаас тоймтой зүйл асуухгүй мөртлөө ингээд л хорьсоор байна” гэсэн. Түүний хэлснээр АТГ-ын мөрдөн байцаагчид түүнээс асуудаг ганц асуулт нь Н.Алтанхуягийн тухай гэх.
Хорих ангийн дарга УИХ-ын гишүүний хүсэлтийг харгалзан үзэж М.Тулгад эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх асуудалд анхаарал хандуулна гэснээр уулзалт өндөрлөсөн.
С.ОТГОН