Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газарт хамтран ажиллах саналыг УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлсэн. Эл асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцсэн ч тодорхой шийдэл гаргалгүй Удирдах зөвлөлдөө шилжүүлсэн юм. Тэгвэл Төрийн ордонд “нисэх бор шувуугаар” УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нарын гишүүд “Засагт хамтарч болохгүй. Сөрөг хүчнээрээ бүрэн эрхийн хугацаагаа дуусгах ёстой” гэж үзсэн байна.
Харин бусад гишүүд нь “Засгийн газарт хамтрах цаг болсон” гэж эсрэг байр суурь баримталжээ. Тус бүлгээс Засгийн газарт хамтрах эсэхийг судлахаар ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг багтаасан ч тэрээр Засгийн газарт хамтрахыг эсэргүүцэж байгаа тул энэ асуудлыг судлах боломжгүй хэмээн үзэж, ажлын хэсэгт багтахаас татгалзжээ.
Мөн өнөөдөр зарим цахим хэвлэлүүдэд МАН Засгийн газарт хамтарвал намаасаа гарна гэсэн мэдэгдлийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хийсэн тухай мэдээлж байна. Гэхдээ энэ мэдээллийг ойрын эх сурвалжууд нь үгүйсгэсэн ч Шийдлийн Засгийн газарт хамтарч болохгүй гэдэг байр сууриндаа хатуу зогсож байгааг онцоллоо.
Г.ДАРЬ