Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн тавдугаар тойргийн тоглолтууд өнөө шөнө болно. Өнөөдөр Аваргуудын лигийн Е, F, G, H хэсгийн найман тоглолт болох юм. Е хэсэгт хүснэгтийг тэргүүлж байгаа “Байерн Мюнхэн” клуб сүүлийн байрт бичигдэж байгаа “Манчестер Сити” клубын талбайд зочилно. Энэ тоглолтод “Манчестер Сити” заавал хожиж байж хэсгээс гарах боломжоо хайх юм.
Тиймээс үхэх, сэхэхийн төлөөх тулаан гэж ойлгож болно. “Байерн Мюнхэн” клубын хувьд аль хэдийн хэсгээс гарах болзлоо хангасан. Гэхдээ “Сити”-гийн талбайд хүчтэй өрсөлдөөн үзүүлэх нь дамжиггүй. Энэ хэсгийн нөгөө тоглолт Орост болно. “ЦСКА Москва” талбай дээрээ Италийн “Рома” клубтэй тоглох учиртай. Хоёр баг адилхан 4 оноотой яваа. Аль хожсон нь хэсгийн гарах боломжоо нэмнэ. Харин тэнцвэл “Сити”-д хэрэгтэйгээр эргэх юм.
F хэсгийн байдал аль хэдийн тодорхой болсон
Дөрвөн тойргийн дараах байдлаар энэ хэсгийг Францийн “ПСЖ” 10, Испанийн “Барселона” клуб 9 оноотой тэргүүлж байгаа. Араас нь нэхэж байгаа багууд үлдсэн хоёр тоглолтдоо хожоод ч тэднийг гүйцэхээсээ өнгөрсөн. Тэгэхээр энэ хэсэгт ердөө нэгээр гарахын төлөөх өрсөлдөөн л өрнөх нь. Өнөө шөнө хэсэг тэргүүлж байгаа “ПСЖ” клуб талбай дээрээ Голландын алдарт “Аякс” клубыг хүлээж авна. Зочид энэ тоглолтод хожиж байж гуравдугаар байрт шалгарч, Европа лигийн эрхтэй хоцрох учиртай.
Тэгвэл “хомоол хамагч” Киприйн “АПОЭЛ” клуб талбай дээрээ “Барселона” клубыг хүлээж авах учиртай. Тэд ч гэсэн гуравдугаар байрын төлөө өрсөлдөх боломжтой. Харин “Барса”-гаас Мессигийн хувийн амжилт өсч, гоолын тоо нэмэгдэх эсэхийг харах болов уу.
“Шальке”, “Челси”-тэй тулна
Аваргуудын лигийн G хэсэгт Английн “Челси” болон Германы “Шальке” гэсэн хоёр багийн өрсөлдөөн болж байгаа билээ. Гэхдээ араас нэхэж яваа “Спортинг” болон “Марибор” клубүүд оноогоор тэгтлээ холдчихоогүй байгаа. Тэргүүлэгч “Челси” ердөө найман оноотой байгаа бол “Шальке” 5, “Спортинг” 4, “Марибор” 3 оноотой явна. Өнөө шөнө “Шальке” талбай дээрээ “Челси”-г хүлээж авна. Эхний тоглолт энэ хоёр багийн хооронд болсон.
Гэхдээ Англид. Тэгэхэд “Шальке” өрсөлдөгчөө буулгаж авч байсан билээ. Харин энэ удаад тоглолтын хувь заяа хаашаа эргэхээс их зүйл шалтгаална. Хэрвээ “Челси” хожвол хэсгээ гарах болзлоо хангах юм. Харин “Шальке” араасаа нэхэж байгаа багуудад гүйцэгдэх аюултай. Харин “Шальке” хожвол тэргүүлэгчид оноогоор тэнцэнэ.
Тэгвэл хоёрдугаар байрын төлөө тэмцэж байгаа “Спортинг” клуб энэ тойрогт талбай дээрээ “Марибор”-ыг хүлээж авна. Талбайн эздэд хожих боломж өндөр байгаа. Хэрвээ хожиж чадвал нөгөө тоглолтын үр дүн ямар ч байсан гэсэн тэд боломжоо хадгалж үлдэх учиртай. Харин эсрэгээрээ хожигдож гэмээнэ хэсгээс гарах найдлага тун багасах юм.
H хэсгийг “Порту” тэргүүлж байгаа
Хэсгийг 10 оноотой тэргүүлж байгаа Португалын “Порту” клуб энэ тойрогт “БАТЕ” клубын талбайд зочилж тоглох учиртай. Португалын баг үлдсэн хоёр тойрогт хожигдсон ч гэсэн хэсгээ гарна. Харин тэргүүн байраар гарна гэвэл ямар нэг байдлаар оноо авах ёстой. “БАТЕ”-гийн хувьд үлдсэн хоёр тоглолтдоо хожиж чадвал хэсгээс гарах боломж онолын хувьд байгаа. Тиймээс боломжоо ашиглах гэж үзэх байх.
Нөгөө талд Украины “Шахтёр” клуб талбай дээрээ Испанийн “Атлетик” клубыг хүлээж авна. Шахтёр дөрвөн тойргийн дараах байдлаар 8 оноотой, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа. Өнөө шөнө хожиж чадвал айдгаа авдартаа хийж, хэсгээс гарах болзлоо хангах юм. Харин “Атлетик” клуб ердөө ганцхан оноотой хүснэгтийн ёроолд байгаа. Тэд сайндаа л гуравдугаар байрын төлөө өрсөлдөх боломжтой.
Н.БОЛД
Эх сурвалж: www.mminfo.mn