Жил бүрийн ДОХ-той тэмцэх өдрийг арванхоёрдугаар сарын 1-нд дэлхий даяар тэмдэглэж ирсээр чамгүй уджээ. Энэ өдрийг өсвөр насныхан хацар дээрээ улаан тууз зурж зарим нь цамцан дээрээ улаан тууз зүүн тэмдэглэдэг уламжлалтай. Гэтэл тэдний хэд нь энэ туузны тухай мэддэг вэ…
ДОХ-той тэмцэх өдөр бэлгэвч үнэгүй тараадаг гэх сурталчилгаа байдгаас энэ өвчний бидэнд авчирч болох гамшгийг хэчнээн хүүхдэд хүргэсэн бэ? Энэ асуултанд хариулахад төвөгтэй. Учир нь хүүхдүүдэд ДОХ өвчний талаарх мэдээлэл тун хомс хүрдгийг дүүтэйгээ ярилцаж байхдаа ойлгосон юм. Арванхоёрдугаар ангид сурдаг дүүгээсээ би хэдэн асуултыг асуусан юм.
-Танайд эрүүл мэндийн хичээл ордог уу?
-Ордог. Нэг нарийхан номоор л хичээлээ үздэг юм.
-Ямар хичээл орж байна?
-Хүний биологийн тухай, амьтдын биеийн бүтцийн тухай зарим нэг өвчний тухай үздэг.
-Ямар өвчний тухай зааж байна?
-Одоо бол ДОХ-ын хичээл үзэж байгаа. Удахгүй бэлгэвч тараадаг өдөр болох гэж байгаа шүү дээ аниа та мэдэж байгаа юу. Энэ өдөр ойртохоор л бид нарт ДОХ-ын хичээл ордог юм.
-Танай бага ангиудад ДОХ-ын хичээл ордог уу?
-Сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан улаан туузтай өдөр, бэлгэвч тараадаг өдөр болно гэж ярьж байсан гэх хариултыг өгсөн юм.
Багахан хугацаанд дүүтэйгээ ярилцахад эрүүл мэндийн боловсрол олгох хичээл арван жилийн хүүхдүүдэд хүрдэггүй нь ажиглагдсан юм. Нэг хэсэг залуучууд ДОХ-ын талаарх мэдээллийг чамгүй сайн авч сурталчилгаа ч сайн хүмүүст хүрсэн.
Харин сүүлийн үед олон шуугиан тарьсан шинэ вирус дэлгэрсэнтэй холбоотой бид ДОХ-ын вирус байдаг гэдгийг бараг л мартах дөхжээ. “Шувууны ханиад дэлгэрлээ, тахианы мах битгий идээрээ” гэх шуугиан гарч нэг хэсэг тахианы махны борлуулалт уналтанд орж байсан цаг саяхан.
Эбола вирусын сургаар шувууны ханиад нь ч мартагдав. Дэлхий даяар одоогийн байдлаар 5459 хүн Эбола вирусаар нас барсан бол шувууны ханиадаар 100 орчим хүн зөвхөн БНХАУ-д нас барсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар 30 сая хүн зөвхөн бэлгийн замын халдварт өвчнөөр нас барснаас 2,5 сая хүн нь өсвөр насны хүүхдүүд байгаа аж. ХДХВ вирус буюу “ДОХ”-оор 1,6 сая хүн нас барсан гэх дүн гарчээ. 1,6 сая гэдэг манай хүн амын талд хүрэхүйц тоо.
Монгол улсад 2013 оны эцсээр ХДХВ-аар 659 хүн, 2014 онд 771 хүн ХДХВ вирусаар өвчилсөн байж болох тооцоолол гарсан байна. Үүний 50 хувь нь өсвөр насны хүүхдүүд бол дөрвөн хувь нь түүнээс бага насны хүүхдүүд зонхилж байгаа гэнэ. Харин нийт өвчлөгсдийн 82 хувь нь эрэгтэй хүмүүс эзэлж байгаа аж. Монгол улсад 6000 гей залуус бүртгэлтэй байдаг бөгөөд нийт ДОХ-ын вирусаар өвчлөгсдийн 79 хувь буюу 116 хүн энэ вирусаар өвчилсөн гэнэ. Мэдээж залуучууд, өсвөр үеийнхэнд маань мэдээлэл хомс гэхээсээ илүүтэй мэдээлэл хүрдэггүй гэх асуудал бий. Дэлхий даяар нийт залуучуудын 60-90 хувь нь энэ өвчний тухай мэднэ, сонссон гэх судалгаа бий ч ХДХВ вирусаар өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар энэ вирус цаашдаа ч халдварлсаар байх магадлалтай гэсэн хариу гарчээ.
Жил ирэх тусам залуужиж буй энэ вирусны эсрэг сэргийлэх зайлшгүй аргачлалын нэг нь мэдээж өсвөр насны хүүхдүүдэд боловсрол өгөх. Гэхдээ зөвхөн арванхоёрдугаар сарын 1-нд л хичээлийн програмдаа оруулалгүй тогтмол хичээлийн програмдаа нэвтрүүлэх нь зүйтэй болов уу. Чимээгүй мартагдсан вирус залуужсаар байхад авах арга хэмжээ одоог хүртэл залуу үеийхэнд маань хомс байгаа нь харамсалтай.
Э.ТЭКҮ