Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, үнэт цаасны зуучлагч/брокер гэдэгтэй адил даатгалын зуучлагч гэж байдаг гэж Та мэдэх үү. Даатгалд чухам яагаад зуучлал хэрэгтэй байдаг, даатгалын зуучлагч гэж хэн болох тухай энд өгүүлье.
Даатгал гэдгийг энгийнээр “хэцүү өдөрт” хэрэглэх нөөцийг бага мөнгөөр худалдан авах гэж тайлбарлаж болох юм. Хэцүү үед хэрэгтэй хуримтлалыг худалдаж авахаар нэгэнт мөнгө зарцуулж байгаа бол та даатгал хийлгэхдээ туйлын хариуцлагатай, цаг зав гаргаж хандах нь чухал юм. Даатгалын нөөцийг худалдаж авахад мэдэхгүй ойлгогдохгүй, нүдэнд харагдаж гарт баригдахгүй нөөцийг хэзээ хэрхэн хэрэглэх вэ гэдгээс эхлээд асуух зүйл зөндөө гардаг тул таны даатгуулах эрх ашгийг хамгаалахаар Даатгалын Зуучлагчид ажилладаг. Таны төлөө асуулт асууж чаддаг, таны хэрэгцээг ойлгож танд тохирсон даатгалын нөөцийг худалдаж авахад Даатгалын зуучлагч таны өмгөөлөгч адил ажилладаг. Даатгалын зуучлагч нь хүний амин чухал санхүүгийн нөөцийг байгуулахад оролцдог гэдэг утгаараа мэдлэгтэй, туршлагатай, туйлын үнэнч шударга байх ёстой тул даатгалын зуучлагчийг тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулахыг шаарддаг олон улсын жишиг байдаг. Манай улс ч даатгалын зуучлалыг тусгай зөвшөөрлөөр хийхийг шаарддаг.
Манай улсад Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль гэж ихэр хоёр хууль 2004 онд мэндэлсэн бөгөөд Даатгалын тухай хуулиар даатгалын компанийн үйл ажиллагааг зохицуулдаг бол Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулиар Даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг зохицуулдаг. Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрөл авсан нийт 30 компани байгаагаас даатгалын зуучлал хийж байгаа 8 банк байна.
Манай хуулинд “Даатгуулагч даатгагчаа сайн дураар сонгох эрхтэй” гэж заасан байдаг бөгөөд олон даатгагчийн гэрээг нэг дороос сонгох боломжийг Зуучлагч олгодог.
Даатгалд яагаад зуучлал хэрэгтэй вэ?
Даатгалын хамгаалалт авахад гэрээ байгуулдаг бөгөөд гэрээнд нэг талаас Даатгагч нөгөө талаас Хэрэглэгч буюу Даатгуулагч оролцдог. Гэрээнд оролцогч хоёр тал хоёулаа ИХИЙГ АВАХ, БАГЫГ ТӨЛӨХ гэсэн зарчим дээр сонирхлын зөрчилтэй байдаг тул Зуучлагчаар дамжуулж даатгалын гэрээг байгуулах нь хэрэглэгчид ашигтай байдаг. Анх гэрээ байгуулахад хэрэглэгч аль болох бага төлөх, Даатгагч аль болох ихийг авах, дараа нь хохирол үүсэхэд Даатгагч аль болохоор бага төлөх, хэрэглэгч аль болох ихийг авах сонирхолтой байдаг учраас Зуучлагчгүйгээр гэрээ байгуулах нь асар их эрсдэлтэй юм. Энэ утгаараа дэлхий нийтэд даатгалын зуучлагч даатгагчаасаа хүчтэй байдаг.
Даатгалын зуучлагч юу хийдэг вэ?
Танд тендерт оролцох болоод ч юмуу, машинаа оношлуулах, бүртгүүлэх, эсвэл банкнаас зээл авах болоход даатгал шаарддаг. Та өөрийн хөрөнгө ирээдүйн эрх ашгаа хамгаалаад ч даатгуулж болох шүү дээ. Товчдоо даатгалын компани “Бид ийм гэрээгээр даатгана” гэж таныг шахаанд оруулах бол Зуучлагч эсрэгээрээ, манай клиентэд ийм даатгалын гэрээ хэрэгтэй гэсэн зарчмаар таны төлөө хамгийн сайн үнэ, хамгийн сайн даатгалын хамгаалалтыг олж өгдөг.
Хохирлоо даатгалаас төлүүлэхэд зуучлагч туслах уу?
Азгүй өдөр осол аваар, гэнэтийн зүйл тохиолдоход бид шоконд орж даатгалын компанийн утсыг санах байтугай нэрээ хүртэл мартах шахдаг. Гэнэтийн зүйлээс сэтгэл санаа дэн дун байхад даатгалаар хохирлоо төлүүлэх эрхээ хадгалах, осол гарсныг нотлох, хохирлоо тодорхойлох, үнэлүүлэх, хэмжих, даатгалаас нэхэмжлэх материал бүрдүүлнэ гэдэг амаргүй хэрэг. Энэ л үед таны даатгалын зуучлагч даатгагчийн утсыг танд хэлж өгч даатгагчид ослын талаар нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлэх, ослыг баталгаажуулахад тусладаг өмөг түшиг нь байдаг.
Зуучлагч ямар хөлстэй байдаг вэ?
Даатгал руу шууд очих зуучлагчаар дамжихад үнийн хувьд ялгаа гардаггүй практик манайд үйлчилж байна. Иргэний хуулиар зуучлагчийн хөлсний тухай зохицуулалтыг хийсэн байдаг бөгөөд ямар үйлчилгээ авч байгаагаас хамаарч үнийг зуучлагч хэрэглэгч гэрээгээр тохирдог.
Хариуцлагын даатгал хийлгэ гэх юм, яаж хийх ёстой вэ?
Чухам яагаад даатгал хийлгэ гэсэн шаардлага тавьсан, ямар ажил үйлчилгээ эрхэлдгээс хамаарч тухайн хариуцлагын даатгалын гэрээг маш чамбай хийх хэрэгтэй болдог. Учир нь та бизнес, ажил үйлчилгээ эрхлэх явцад үйлчлүүлэгчээ санамсаргүй хохироох, ажилтны ур чадвар дутах, эсвэл мэргэжлийн алдаа гарах зэргээс байгууллага хуулиар хохирлыг төлөх болдог үе бишгүй тохиолддог. Энэ л үед таны хариуцлагын даатгал таныг өр ширэнд орох, төлөвлөөгүй зардал гарахаас хамгаалдаг. Хариуцлагын даатгалын гэрээнд өөрийн үйл ажиллагааны ерөнхий зохицуулалтын хууль, мөрдөх стандарт, дүрэм журамд тавьсан шаардлага гэх мэт гарч болох доголдол бүрийг харгалзаж нэг үгээр эрсдлийг тооцож гэрээнд байгуулах хэрэгтэй болдог. Энэ бүхнийг гэрээг зөв байгуулах, эрсдлийг бүрэн бүтэн оруулах мэдлэгтэй дадлага туршлагатай Зуучлагчийг гэрээнд оролцуулж байж даатгалын гэрээ байгуулах нь чухал.
Зуучлагчийг хаанаас олох вэ?
Та банкны аль ч салбар дээр очоод даатгалаа хийлгэх боломж бололцоо өнөөдөр бүрдчихсэн байна. Мөн авто оношлогоо бүртгэлүүд дээр зуучлагчид ажилладаг. Нөгөө талаас даатгалд олон жил ажилласан туршлагатай чадвартай, давхар даатгал хийдэг олон зуучлагч нар зах зээлд ажиллаж байна. Санхүүгийн Зохицуулах Хорооноос эсвэл Монголын Даатгалын Зуучлагчдын Холбооны сайт www.miba.mn болон 96003263, 99063263 утсаар, мэдээлэл авч өөрийн зуучлагчтай болох боломжтой.
Таны даатгалын асуудлыг хариуцах зуучлагчаа сонгож даатгалаа хийлгээрэй.