Би “Алтан ус” кино өөр гэж хэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

Би “Алтан ус” кино өөр гэж хэлнэ

Урьд цагт гар гараа бариад мөрийг нь түшин инээж явсан найзууд юуны тулд бие биенээ үзэн ядах болов, олзоо булаацалдах тэр л мөчид нөхөрлөл гэдэг зүйл хий хоосон яриа болон хувирч хамт байсан үеийн бүхий л дурсамжийг ор мөргүй устгаж эхэлнэ. Сүүлийн үед кинонд тоглох урилга нэлээдгүй аваад буй Реппер Gee-тэй, түүний голд дүрд нь тоглосон “Алтан ус” киноны талаар хэсэг хором ярилцсанаа хүргэж байна.

Алтан ус кино одоогийн гарч байгаа монгол кинонуудаас ялгагдах онцлог нь юу вэ?

Би “Алтан ус” кино өөр гэж хэлнэ. Жишээ нь зураг авалтын байдал, тухайн киноны маань үйл явдал, эхлэл, өрнөл, төгсгөл киноны зангилаа гээд л одоо гарч байгаа кинонуудаас тэс өөр болсон гэж хэлмээр байна.

Киноны зураг авалт элсэн цөлд болсон гэдгээрээ их онцлогтой, Тэгвэл хамгийн хэцүү зураг авалт ямар хэсэг нь байсан бэ?

Миний хувьд кино зураг авалтын үеэр олон дахиж дубль хийгээгүй. Манай киноны найруулагч Оргил ямар сайндаа намайг Мистер “One shot” гэж хочилж байхав дээ. Ерөөсөө л миний тоглох хэсэг боллоо гэхэд л ганц л удаа зураг авалт хийгддэг байлаа шүү дээ. Тиймээс зураг авалтын хувьд хэцүү сцень байгаагүй. /Инээв/

Алтан ус кинонд эсрэг талын дүр бүтээсэн. Эсрэг талын дүр бүтээнэ гэдэг хэцүү юу?

Би эсрэг талын дүрд тоглоно гээд байдаггүй л дээ. Гэвч миний царай нэг тийм эсрэг талын нөхрийн дүрд илүү тохирдог байх.

Gee-ийн би нэг ийм л дүрд тоглохгүй дээ гэсэн бодол байдаг болов уу?

Надад кинонд тоглох санал ирдэг ч юуг чухалчилдаг вэ гэхлээр, кино зохиол юм. Тухайлбал би киноныхоо зохиолыг маш сайн уншдаг. Өөрийн тоглох дүрээ бас их судална. Тэгээд мэдээж надад таалагдсан тохиолдолд би саналыг хүлээж авна. Эсрэгээрээ таалагдахгүй тохиолдолд би татгалздаг. Ер нь хүн ойлгосон зүйлээ хамгийн сайн хийж чаддаг.  Би тухайн зүйлээ сайн ойлгож судлаагүй байж үзэгчдэд хүргэж тэрийгээ уран бүтээл гэж ярих нь их өрөөсгөл ойлголт. Бас нээх учиргүй садар самуун сурталчлаад байя гэж боддоггүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлэхэд болно. 

Тэгвэл Алтан ус киног үзээд залуус ямар бодол тээгээсэй гэж хүсэж байна вэ?

Хүн ойлгох ёстой зүйлээ л ойлгох байх. Тийм ойлголтыг өгч чадахаар кино болсон. Жишээ нь арван хүн сууж байгаад нэг номыг уншаа л гэж бодоход арвуулаа өөр ойлгосон байдаг. Яг үүнтэй адил хүн болгон өөрөөр хүлээж авах байх. Гэхдээ Алтан ус киноны хувьд ойлгож, бодох зүйл ихтэй учраас залуус гэлтгүй үзэгчид маань авах гээхийн ухаанаар хандаасай гэж хүсч байна даа.

Кино зураг авалтын үед өөрийн тань хувьд сэтгэлд үлдсэн зүйл нь юу байв?

Сайхан байсан шүү. Зураг авалт дуусаад л гэртэй ороод бөөнөөрөө хөзөр /Дурак/ тоглоно шүү дээ. Цээ, Баяраа бид гурав нэг баг болчихдог. Тэгээд манай баг их хождог байсан. Хамт тоглож байсан багийнхан маань биднийг яагаад хожоод байсан нууцыг мэдээгүй өнгөрсөн. Бид гурав чинь нууц дохиотой байлаа. Жишээ нь Надад хөзрийн тамга ирчихлээ гэхэд би чихээ оролдох, эвшээж өөрсдийн гарт байгаа хөзрөө мэдэгддэг. Ингэж л тэднийг мөн ч их хожсон доо. /Инээв/. Бас хөл бөмбөг тоглоно, бүр болоогүй барилддаг байлаа. Мөнх- Эрдэнэ гэдэг хүний амьдралын нэг дурсамжтай хугацаа тэнд өнгөрсөн дөө.

-Жийд их хэмжээний алт олдох ч юм уу, тийм шаанс гарч ирвэл яах вэ? Хувь хүнийхээ хувьд хариулахгүй юу?

Яг үнэнийг хэлэхэд би айна. Их хэмжээний эд баялгаас ер нь бол их айдаг. Араасаа юу ч дагуулж мэдэх учраас.

Алтан ус киноны нэрийн хувьд Алт уу?, Ус уу? Гэж байгаа?

Алт уу? Гэж байгаа нь надад их сонин санагдсан. Нэг тийм зэвүүн Алт…УУ  гэж асууж байгаа мөртлөө Чи Алт.. УУ, алтыг нэг уугаад үз, алтыг яаж уух вэ? Гэдэг талаасаа бас бодох зүйл байгаа юм.

Алтан ус киноны дуу оруулалтыг, зураг авалт дууссаны дараа хийсэн гэж сонссон. Дараа нь дуу оруулах ямар байсан бэ?

Урьд нь 7 сарын-1 киноны зарим сценьд нь дуу оруулалт хийж байсан ч бүтэн кинонд яг өөрийнхөө хэсэгт дуу оруулж үзээгүй байсан анхны кино нь Алтан ус кино  учир их сонирхолтой санагдсан.  Би өөрийнхөө дуу оруулалтыг 5 цагийн дотор бүгдийг нь хийсэн. Нээх ч хэцүү байгаагүй бас амархан ч байгаагүй яг л нормаль гэхэд болно.

Gee хувьд кинонд ийм дүр бүтээх юмсан гэж боддог дүр байдаг уу?

Би реппер учраас надад нэг тийм дуу хийчих юмсан гэсэн бодол миний толгойд байна. Харин жүжигчин хүний хувьд тийм дүр бүтээнэ гэсэн бодол байдаг байх. Учир нь би мэргэжлийн жүжигчин биш учраас кинонд тоглоно гэж нээх төвлөрч бодохгүй. Тиймээс кинонд тоглоно гэдэг бол миний репээ хийхийн хажуугаар хийж байгаа зүйл болохоос биш бүх зүйлээ зориулаад хийж байгаа эд биш юм.

Gee-д хамгийн их таалагдсан монгол кино ямар кино байдаг вэ?

Надад хамгийн таалагдсан кино гэвэл би “Хадаг” киног хэлэх байна. Өгүүлж буй санаа, утга агуулга гээд л ер нь их таалагддаг.

Алтан ус киноны талаар өөрийн бодлоо хуваалцсанд баярлалаа. Кино маань 11-р сарын 21-нд нээлтээ хийнэ. Тиймээс үзэгчдэдээ хандаж юу гэж хэлмээр байвал?

Үзэгчддээ хэлэхэд “Алтан ус” киног үзмээр байгаа бол яг үнэнийг хэлэхэд үзээрэй! нээрээ үзээд өөр өөрсдийн дүгнэлтээ хийгээрэй. Бүх хүнд таашаагдах албагүй. Түүнчлэн олон залуусын хүч хөдөлмөр шингэсэн ямар нэг зүйлийг ойлгуулах гэж оролдсон. Энэ оролдлого нь амжилттай байгаасай гэж бодож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж