Хөрөнгийн бирж орон тоогоо цөөлжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн бирж орон тоогоо цөөлжээ

Эдийн засаг хямралтай байгаа энэ үед албан газрууд хэмнэлтийн горимд шилжээд байгаа. Тухайлбал, Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн наймдугаар сараас хэмнэлтийн горимд шилжиж, зарим нэг арга хэмжээ авсны үр дүнд багагүй хэмнэлт гаргажээ. Тодруулбал, нийт зардлын 23 хувийг хэмнэхийн тулд  байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, орон тооны цомхотгол хийсэн байна. Ажилчдаа цомхотгосон тус байгууллагын дарга нарын хангамж хэр буурсан тодорхойгүй байна. Тус байгууллагын хувьд дарга нар нь үр дүнгийн урамшуулал гэж багагүй мөнгө хүртэж байсан пакт илэрсэн.  Тодруулбал, НМХГ-аас хийсэн шалгалтаар тус байгууллагад 112,6 сая төгрөгийн акт тавигдаж байсан юм. Албаны хэрэгцээнд зөвхөн гүйцэтгэх захирал нь машин унах эрхтэй байтал гурван орлогч захирал нь мөн албаны машин хэрэглэсэн. Ингэхдээ 16,8 литрээс илүүгүй шатахууны зарцуулалттай автомашин хэрэглэх ёстой гэсэн тогтоолыг зөрчин 22 литр шатахуун зарцуулдаг жийп машин унадаг байжээ. Мөн гар утасны төлбөрийн хувьд гүйцэтгэх захирал сардаа 200 мянган төгрөг, орлогч захирал 70 мянга, хуулийн зөвлөх 50 мянга гэх мэт ярианы эрхтэй байхыг ТУЗ-өөс баталжээ. Гэтэл үүнийгээ хэтрүүлэн хэрэглэсэн явдал их байна. Түүнчлэн гүйцэтгэх захирлын нэр дээр сард 20 мянган ам.долларын эрхтэй карт байдаг. Үүнийг албан томилолт зэрэгт ашиглах ёстой байтал зориулалтын бусаар хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор ашигласан нь тогтоогдсон хэмээн мэргэжлийн хяналтын байцаагчид буруутгаж байсан билээ.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж