Үндсэн
хуулийн Цэцийн дунд суудлын хурлыг
өнөөдөр хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы
хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт, хэсэг Үндсэн хуулийн
холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэхээр товлоод байсан юм.
Гэвч Улсын Их
Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд,
Д.Балдан-Очир нараас тус хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн байна. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан
шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь
хэсэгт “Маргагч тал хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрөө заавал
биечлэн оролцох хүсэлтээ
албан ёсоор мэдэгдсэн бол хуралдааныг хойшлуулах тухай магадлал гаргаж, түүнд уг
хуралдааныг хийх хугацааг заах буюу тийм боломжгүй бол дараа
зарлахаар тогтооно” гэж заасан
байдаг аж. Үүнийг үндэслэн Үндсэн хуулийн Цэц магадлал гаргаж, дунд суудлын хуралдааныг хойшлуулсан байна.
Дээрх маргааныг
хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдааныг ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хийхээр товложээ.
Д.ОЮУН