Томуу, томуу төст өвчин газар авч, хүүхэд томчуудгүй тусах болжээ. Тиймээс томуугийн дэгдэлтийг бууруулахын тулд зарим сургууль, цэцэрлэгийг хаах хэрэгтэй гэсэн санал шүүмжлэлийг иргэд олноор ирүүлжээ. Гэвч Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийг хаах хэмжээнд томуу дэлгэрээгүй гэж үзжээ. Тус яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлснээр арваннэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд улсын хэмжээнд 159.557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.305 буюу 6.5 хувь нь томуу, томуу төст өвчин туссан гэж оношлогджээ. Мөн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 38.4 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна.
Харин сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагын ирцийг тандахад 34 сургууль, цэцэрлэгт хүүхдийн ирц 93-98.1 хувьтай гарсан байна. Энэ сараас риновирус, бокавирус, респиратор- синцитиаль вирус, коронавирус, энтеровирус, аденовирус зэрэг иж томуугийн вирус илэрчээ. Иймд мэргэжлийн байгууллагаас томуу, томуу төст өвчний одоогийн байдал нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хэмжээнд хүрээгүй байна гэж үзжээ. Гэвч томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг гаргасан байна. Үүнд:
1. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс гэрийн идэвхтэй эргэлт, үзлэгийг эрчимжүүлэх арга хэмжээг авах,
2. Нийслэлийн эрүүл мэндийн нэгдлүүд орны ачааллыг бууруулах чиглэлээр зохицуулалт хийх,
3. Хүн амд томуу, төст өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх зэргийг анхаарч ажиллахыг зөвлөжээ.
Д.ЦЭЭНЭ