С.Эрдэнэ: Би аавыгаа баярлуулах гэж сагсан бөмбөгтэй холбогдсон

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Би аавыгаа баярлуулах гэж сагсан бөмбөгтэй холбогдсон

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд, МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэтэй ярилцлаа. Түүний аав Дашнямын Содномзундуй Монголын сагсан бөмбөгийн спортын анхны мастерын нэг бөгөөд Улаанбаатар хотын биеийн тамир, спортын байгууллагад даргаар, МСБХ-нд нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүнээр олон жил ажилласан, Монголын спортын нэртэй зүтгэлтэн байв. С.Эрдэнэ МҮСБХ-г 2012 оны эхээр үүсгэн байгуулж, аавынхаа ухамсарт амьдралаа зориулсан спортын хөгжлийн төлөө зүтгэж явна.

Миний аав сагсан бөмбөгийн төлөө амьдралаа зориулсан

-Манай улсад сагсан бөмбөгийн спорт хэрхэн үүсч, МСБХ хэдэн онд байгуулагдсан юм бэ?

-Сагсан бөмбөгийн спорт 1940-өөд оны сүүлээр Монголд орж ирсэн гэж үздэг. Монголд ажиллаж байсан Зөвлөлт, Хятадын мэргэжилтнүүд чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож, тэднээс офицерийн сургуулийн сонсогчид болон залуучууд сонирхон суралцсанаар энэ спорт манай улсад дэлгэрсэн түүхтэй. Сагсан бөмбөгийн спортын ууган мастер С.Чоён, Г.Доёддорж, манай аав энэ хэд гадныхантай тоглож, сагсан бөмбөгийн дүрэм зэргийг суралцаж байсан юм билээ. Харин ЗХУ-ын гавьяат тамирчин, гавьяат багш В.В.Горохов БНМАУ-ын сагсан бөмбөг сонирхогчдын холбоо буюу МСБХ-г 1962 онд үүсгэн байгуулсан.

-Та аавынхаа тухай ярихгүй юу?

-1961 он бил үү, түүний дараа жил ч байна уу, УБДС-д биеийн тамирын анги анх нээгдэхэд элсч, дөрвөн жил суралцаад, биеийн тамирын дасгалжуулагч мэргэжлээр төгссөн юм билээ. Дараа нь Улаанбаатар хотын БТСЭЗ (Одоогийн НБТСГ)-д зааварлагчаар хэдэн жил, АУДС-д биеийн тамирын багш, биеийн тамирын тэнхимийн эрхлэгчээр олон жил ажилласан. Манай аавыг ажиллаж байхад АУДС-ийн эмэгтэйчүүдийн баг маш хүчтэй, УАШТ-ий медалиас мултардаггүй байсан. Эрэгтэйчүүдийн баг нь ч гэсэн мөнгө, хүрэл медаль хэд хэд хүртсэн. Аав маань 1980 онд Улаанбаатар хотын Биеийн тамир, спортын хороонд даргаар ирж, 2003 он хүртэл ажиллаад тэтгэвэртээ гарсан. Дотоодын тэмцээн уралдаан, Монголын сагсан бөмбөгчдийг гадагшаа тэмцээн уралдаанд явах зэрэг ажлыг бүгдийг зохион байгуулдаг байсан. Манайхан голдуу ЗХУ-ын Ленинград, Эрхүү хотод очиж их тоглодог байж. Аав минь 2007 онд бурхан болсон. Өөрийн ухамсарт амьдралаа спортын төлөө, тэр тусмаа сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө зориулсан хүн байлаа.

-Д.Содномзундуй агсан спортын мастер цолоо яг хэдэн онд хүртсэн юм бол?

-Оныг нь сайн санахгүй байна. Намайг их бага байхад л авсан юм билээ. Спортын мастерын дөрвөлжин тэмдэг нь надад одоо ч хадгалагдаж байдаг. Ямар ч байсан Монголын ууган мастерын нэг. Бид эцэг эхээс хоёулаа ч дүү маань нэлээн эрт бурхан болсон. Тиймээс би аавынхаа амьдралаа зориулсан спортыг хөгжүүлэхэд өөрийнхөө хэмжээнд нэмэр болох гээд л зүтгэж явна.

 -Та “Би сагсан бөмбөгт өртэй” гэж хэлсэн байсан. Энэ спорт танд юу юу өгөв?

-Хамгийн эхлээд миний идэх талхыг өгсөн. Аав минь сагсан бөмбөгийн төлөө ажил хийж, цалин авч, түүгээрээ гэр бүлээ тэжээж байсан. Спорт хүнд хамт олон, багаар ажиллах чадвар, тэсвэр тэвчээр, хатуужил, хүнлэг энэрэнгүй чанар гээд маш олон зүйлийг өгдөг.

-Та аавыгаа даган явж, тэмцээн уралдаан их үздэг байв уу. Өөрөө ер нь хэр тоглодог байв?

-Тэгэлгүй яах вэ. Улс, хотын чанартай тэмцээн Спортын төв ордонд, арай багавтар нь “Хоршоолол” нийгэмлэг болон их дээд сургуулиудын зааланд пиг дүүрэн үзэгчтэй болдог байлаа. Би энэ спортоор мэргэшиж, өндөр амжилт үзүүлээгүй ч сагсан бөмбөгийн хоёрдугаар зэрэгтэй. Хүүхэд байхдаа “Хөдөлмөр” нийгэмлэг, 75 дугаар сургуулийн шигшээ багийн төлөө тоглож л явсан. Сүүлд дугуйн спортоор 10 гаруй жил хичээллэж, хот, улсын АШТ-д уралдсан.

 

МСБХ манай гэр бүлийг хуурсан

-Та “Гурван тамир” клубээ хэрхэн байгуулсан бэ?

-Аав маань улсын байгууллагад насаараа ажилласан. Өглөө бүр цонхоороо харж байгаад жолооч нь ирэхээр машиндаа суугаад явдаг байлаа. 2003 он шиг санаад байна. Аав тэтгэвэрт гарчихсан байсан юм. Зүгээр сууж сураагүй хүн л дээ. Нөгөө л зуршлаараа өглөө бүр гал тогооны өрөөний цонхоороо харж зогсоно. Аавыгаа өрөвдөөд болдоггүй. Тэгж тэгж Г.Доёддорж ах тэр хоёрыг нэг өдөр хоолонд урьж, гурвуул ярьж суусан юм. Тэгэхэд би “Та хоёрт сагсан бөмбөгийн клуб байгуулж өгье. Дуртай ажлаа хий” гэхэд миний санаснаас ч илүү баярлаж байж билээ. Ингэж л “Гурван тамир” клубээ байгуулсан.

-Танай аав, ээж Архангай аймгийн хүмүүс болохоор ийм нэр өгсөн үү?

-Манай аав Хайрхан, ээж Ихтамир сумынх. Манай ээж “Гурван тамир” бүрэн дунд сургуулийг 1999 онд байгуулсан. Хүмүүс энэ нэрийг нутаг оронтой холбож яриад байдаг. Гэхдээ бас өөр утга бий. Оюуны тамир, биеийн тамир, сэтгэлийн тамирыг бэлгэдэж ийм нэр өгсөн. Тамир гэдэг чинь өөрөө их гоё үг.

-Таны аав МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүн, МҮОХ-нд холбоогоо төлөөлсөн гишүүн байсан. Танд энэ спортын холбоог хожим тэргүүлэх бодол төрж байсан уу?

-Үгүй дээ. Ийм бодол огт төрж байгаагүй. Аавынхаа санаачилсан тэм­цээ­нийг өөрийнх нь нэрэмжит болгон зохион байгуулж байхыг л хүссэн.

-Тэгтэл юу болсон юм бэ?

-Манай аав ахмадын УАШТ-ийг 1992 онд санаачлан зохион байгуулсан. Монголын ууган сагсан бөмбөгчид холбоотойгоо хамт өтөлж, ахмад үе анх гарч ирсэн хэрэг. 2005 онд байх. Би МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилд ахмадын УАШТ-ийг аавынхаа нэрэмжит болгон зохион байгуулж, ивээн тэтгэх саналаа илэрхийлэхэд хүлээж авсан ч ажил болгоогүй. Гурван жил дараалан гуйсан ч тухай бүрт нь өөр байгууллагын нэрэмжит болгон зохион байгуулсан. Сүүлд бодоход улс төрийн зорилготой тэгсэн юм шиг байгаа юм Энэ нь намайг МҮСБХ-г үүсгэн байгуулахад хүргэсэн.

-Та МСБХ-ны үйл ажиллагаанд хэдий үеэс шүүмжлэлтэй хандах болсон бэ?

-Үйл ажиллагаа нь 2000 оноос доголдсон. Аав маань ч энэ тухай ярьдаг байсан. Монголын сагсан бөмбөг ямархуу болсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. МСБХ-ны үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байсан. Жилдээ хэдхэн тэмцээн хийсэн болж, олсон орлогоо хувааж иддэг, гадаад амжилт гэж юу ч байхгүй болсон үе. “Монголчууд багийн спортоор хэзээ ч амжилт гаргахгүй” гэсэн ойлголт хүмүүсийн тархинд суучихсан байлаа.

-Манайханд багийн спортоор амжилт үзүүлэх боломж бий юу?

-Монголчуудад өвөг дээдсээсээ уламжилсан төрөлхийн гени, дайчин чанар бий. Энэ бүгдийг зөв зохион байгуулж, чиглүүлж чадвал ямар ч амжилт үзүүлэх боломжтой. Монголчууд ан авыг олуулаа, багаараа хийдэг байсан. Тэгэхээр багийн ажиллагаа монголчуудын генид байгаа, багийн спорт Монголд хөгжих ёстой.

-Монголын сагсан бөмбөгчид олон улсын хэмжээнд өндөр амжилт үзүүлж эхэллээ. Гэхдээ энэ спорт манайд мэргэжлийн түвшинд хүртлээ хөгжөөгүй байна?

-Манайхантай олон улсын тэмцээнд таарч тоглож байгаа тамирчид бүгд мэргэжлийнх. Тэдний хийх ёстой гол ажил нь сагсан бөмбөг тоглох. Гэтэл манайхан сурах, ажиллахын хажуугаар чөлөөт цагаараа, сонирхлоороо л хичээллэж байгаа. Тоглогчид олон улсын нэг тэмцээнд оролцохын тулд яадаг билээ. Сайн дарга таарвал цалинтай чөлөө өгнө. Ааш муутай дарга таарвал цалингүй чөлөө өгнө, зарим нь бүр өгөхгүй. Тэгээд тамирчин ажил тасалсан нэртэй халагдана. Ийм жишээ олон байна. Тиймээс спортыг мэргэжлийн түвшинд аваачиж, мэргэжлийн тоглогчдыг бий болгох зайлшгүй шаардлагатай. Мэргэжлийн тамирчдын бүхэл бүтэн үе гарч байж дэлхийн түвшинд өрсөлдөх боломж бүрдэнэ. Тэгээгүй цагт чадахгүй.

-Үүний тулд яах ёстой вэ?

-Нэгдүгээрт, спортын эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Тамирчдын эрхийг хамгаалсан хууль, тамирчдыг дэмжсэн төрийн бодлого дутуу дулимаг байна. Зүгээр л урсгалаараа л явж байна шүү дээ. Улс, хотын чанартай биш юм гэхэд ядаж олимпийн төрлийн спортоор тив, дэлхийн тэмцээнд оролцох ажилтнаа байгууллага нь дэмждэг, чөлөө олгодог, цалин урамшууллыг нь хууль ёсоор олгодог баймаар байна. Энэ бүх зохицуулалтыг хийж өгөхгүй бол явахгүй. Би Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан, одоо хэлэлцүүлгийн шатанд явж байна. Энэ хуульд дээрх заалтыг тусгаж өгсөн.

Хоёрдугаарт, спортын аль ч төрөлд тамирчин амжилт гаргах хамгийн гол хүчин зүйл бол материаллаг орчин. Харин манай тамирчид олон улсын тэмцээнд оролцохын тулд дандаа гуйлга гуйж байна шүү дээ. Энд тэндхийн нэг амралтад очно, нэг гэр, өрөөнд олуулаа чихэж, болсон болоогүй хоол унд идэж, ууж байна. Аятайхан амраад, хүч энергиэ нөхөж авах орчин бараг алга. Орхон аймаг дахь “Олимп” бааз, “Сэлэнгэ” амралт, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн захирал байсан Ч.Ганзориг сүүлд “Говь ресорт” гэж спорт заалтай амралтын газар байгуулсныг эс тооцвол.

 

Спорт хүнд ажил, тамирчин хүнд мэргэжил

-“Их тамир-Олимп” цогцолбор хэзээ ашиглалтад орох вэ?

-МҮСБХ анх байгуулагдахдаа сагсан бөмбөгчдөд зориулсан ордон, зочид буудал, бэлтгэлийн бааз бүхий цогцолбортой болох зорилт тавьсан. Хоёр жил гаруй ажилласны дүнд Хандгайтад баригдсан хос заал бүхий “Их тамир-Олимп” цогцолбороо ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. 400 хүний суудалтай, иж бүрэн тоноглолтой “А” заал, тамирчдын зочид буудлаа энэ сарын сүүлээр нээнэ. NBA-гийн технологи стандартаар хийгдсэн, 2000 хүний суудалтай “Б” заалаа ирэх сард ашиглалтад оруулна. Хамгийн гол нь тамирчдынхаа бэлтгэл сургуулилалт хийх, тэмцээн уралдаан зохион байгуулах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлнэ.

-“NBA-гийн стандарт” гэдгээ тодруулахгүй юу?

-Шал нь гэхэд дундаа аморти­затортой найм, есөн үе байдаг юм байна. Манай спортын орднууд гэхэд бетон дээр паркет, арай гайгүй нь дуб шахсан шалтай байдаг. Сүүлийн үед баригдсан зарим заалны шал нь резинен будгаар будсан бетон байх шиг. Тамирчин хүн үсэрч буух тоолонд үе хамгаалсан зөөлөн эд нь элэгдэж, нас ахьсан хойно шохойждог. Манай ахмад сагсан бөмбөгчид бараг бүгд л үе мөчний өвчтэй. Ний нуугүй хэлэхэд аавын минь гарын 10 хурууны гурав нь хугархай, хоёр эрхий хуруу нь тулаастай, шүд нь хугарсан л байсан.

-Бараг тамирчин бүр насны эцэст ийм амьдралтай нүүр тулдаг байх юм?

-Спорт хүнд ажил, тамирчин хүнд мэргэжил. Спорт дотроо хоёр янз. Нийтийн биеийн тамир хүнийг эрүүл байлгадаг. Харин мэргэжлийн спорт хүний эрүүл мэндийг нэг утгаараа “алж” байгаа юм. Байнгын бэртэл гэмтэл, стресс. Ялж нэг баярлаж, ялагдаж нэг гомддог. Мэргэжлийн спорт хөөсөн хүмүүс бага насалдаг юм шиг санагддаг. Тиймээс тамирчдыг бүжигчин, циркчидийн адил эрт тэтгэвэрт гаргадаг болох ёстой.

-“Их тамир-Олимп” цогцолбороо Хандгайтад байгуулсан нь ямар учиртай вэ?

-Олон улсын анагаах ухааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэдэн жилийн өмнө ССАЖЯ-ны урилгаар манай улсад ирж, спортын бэлтгэлийн төвийн байршлуудыг тогтоосныг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан юм. Монгол Улсад нийт 10 гаруй байршил тогтоосны хоёр нь Улаанбаатарт байсан. Нэг нь Хандгайт, нөгөө нь Багахангай дүүрэг.

-Энэ цогцолборыг босгохын тулд хэдэн төгрөг зарцуулсан бэ?

-Манай ээжийн компани барилгын урт хугацааны зээл авч, хөрөнгө оруулалт хийсэн. Нарийн тоог нь сайн хэлж мэдэхгүй байна. Тав орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байх. Би 1995 оноос хойш бизнесийн салбарт оролцоогүй. Миний босгосон бизнесийн компанийг авч явдаг байсан дүү маань 2004 онд бурхан болон. Энэ ажлыг түүнээс хойш миний хүүхдүүд, ээжийн дүү нар удирдаад явж байна. Харин би тэднийхээ олсон таван төгрөгийг нь “хумсалдаг”. Арай л булааж авахгүй явна (инээв). Улс төр гэдэг чинь дандаа л зарлага шүү дээ.

 

Замын ноход хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг

-МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “TLG-13” ТББ байгуулж, сагсан бөмбөгийг хөгжүүлэх гэж хэдэн жил явсан. Та хоёр хэрхэн танилцав?

-Нэг хүүхэд юм хийх гээд гүйгээд байгааг би харж л байсан. Харин нөгөө хэд энийгээ их ад үзнэ, шоглоно. Манай Баянгол дүүргийн тэмцээн уралдаан “Мон-Алтиус” БТДС-ийн зааланд их болдог. Тэнд очиход С.Тулга байж л байдаг, намайг аавынхаа нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахад ч тусалдаг байсан. Бид хоёр тэгж л ойртож танилцсан. Хааяа нэг уулзаж ярилцахад МСБХ-г шинэчлэх тал дээр санаа нийлдэг байсан. Тиймээс МҮСБХ-г байгуулж, тэдэнтэй өрсөлдөж, хэн нь хийж чаддагаа харуулахаар шийдвэрлэсэн. Би С.Тулгыгаа ер нь загнах талдаа. “Чи наад амнаасаа болдог шүү. Хүнтэй битгий хэрэлд, марга. Зүгээр л ажлаа хий” гэж. “Замын ноход хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэж сайхан үг бий. Тэрийг бодоод “Урдах ажлаа л хий” гэдэг юм.

-Энэ олон легионер тоглогчийг авчрах санаа танд хэрхэн төрөв?

-Заримдаа гадагшаа явах үе гарна. Хэрэв АНУ-д явж таараад, боломж бололцоо нь олдвол NBA-гийн нэг тоглолт үзчихийг хичээдэг. Гадаадын өндөр ур чадвартай тоглогчдыг Монголд авчрах ёстой гэсэн бодол тэр үед өөрийн эрхгүй төрдөг. Тэгээд МҮСБХ-ны залуучуудтайгаа ярилцаж байгаад “Үндэсний супер лиг”-ийн 2013 оны улиралд анхны 14 легионер тоглогч авчирсан. Үүний үр дүнд уржнангийн лиг ямар сайхан болсон билээ. Спортын төв ордон дүүрэн үзэгчтэй байж, монголчууд сагсан бөмбөгийг ойрын жилүүдэд үзээгүйгээрээ үзсэн. Өнгөрсөн жил бас юу болов. Монголын сагсан бөмбөг хоёрхон жилийн дотор нийгмийн анхааралд ороод ирлээ. Үзэгчид Спортын төв ордны хаалгыг хэдэнтээ эвдэж, бид хэдэнтээ засав. Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар сүүлдээ “Гишүүн ээ, танай холбоо хаалга төлж өгөөрэй” гэнэ. Бид тоглолт үзэхийг хүссэн залуучуудыг хорьж дийлэхгүй хаалгаа эвдүүлээд л засаад л явсан хэрэг. Гэхдээ энэ бол Монголын маань хүүхэд, залуучууд сагсан бөмбөгийн спортыг ямар их сонирхож үздэг болсны л нэг илрэл шүү дээ.

-Та сагсан бөмбөгийн хөгжилд зориулж жилд халааснаасаа хэдэн төгрөг гаргаж байна вэ?

-Яг нарийн тооцож үзээгүй ч багагүй мөнгө гардаг. Одоо “Үндэсний супер лиг” эхлэх гэж байна. Зардал нь гэж толгой өвдмөөр дүн байгаа байхгүй юу. Ач холбогдлыг нь сурталчилж, бизнесийн талаас нь ойлгуулж чадах юм бол хүмүүс дэмждэг л юм. Тиймээс ивээн тэтгэгч хайж, “Энийг, тэрийг дэмжээд өгөөч” гээд их л юм болдог доо.

-Та Монгол Улсын Засгийн газрын гишүүн. Сагсан бөмбөгийг дэмжсэн компаниудыг эргээд сайдынхаа хувиар дэмжих тохиолдол гардаг уу?

-Сагсан бөмбөг бол миний сонирхол, харин албан тушаал маань төрийн ажил. Энэ хоёрыг хооронд нь хэзээ ч хутгаж болохгүй. Мэдээж би сонирхлынхоо төлөө найз нөхдөөсөө гуйх үе байна. Харин хүнийхээ хувьд эргээд аль болох тусалж дэмжихийг л бодно. Түүнээс биш улс төр, ажил албан тушаал бол өөр асуудал.

 

Монгол Улсын хууль дүрмийг сахин биелүүлэх шаардлага тавьсан

-Та энэ оны гуравдугаар сарын 23-нд болсон МСБХ-ны ээлжит бус чуулганы үеэр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн. Тэгэхэд яг юу болсон юм бэ?

-МСБХ-ны ерөнхийлөгч байсан Ч.Ганхуяг надтай уулзаж, МСБХ, МҮСБХ-г хамтарч хурлаа хийж, нэгтгэх санал тавьсан. Бид ч зөвшөөрсөн. Гэтэл хурлаа гэнэтхэн зарлаж, МҮСБХ-нд 10 гаруй урилга өгсөн. Харин хуралд нийт 160 гаруй хүн төлөөлөгчөөр сонгогдсон байсан. Тэдний ихэнх нь хаанаас, ямар журмаар сонгогдож орж ирсэн нь ойлгомжгүй. Хатуухан хэлэхэд эрүүгийн элементүүд орж ирж, төлөөлөгчдийг дарамталж ч байх шиг. Сүүлд сонсох нь тэд тэр хурлаас ерөнхийлөгчөөр сонгогдсон Р.Тамир гэж нөхрийн найзууд байсан юм билээ. Би зохион байгуулагчдаас хурлын тэмдэглэлийг гаргаж ирэхийг, төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүсийн бүртгэлийг гаргаж өгөхийг шаардсан ч үзүүлээгүй. Ингээд л хурлыг орхиж гарсан.

-Энэ хурлын дуулиан одоо ч намжаагүй байна шүү?

-Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх МСБХ-ны ээлжит бус чуулганыг өөрийн дүрмийг зөрчсөн, хууль бус болохыг тогтоож, чуулганаар томилогдсон удирдлага, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулахыг хориглох захирамж гаргасан. Тэгээд ч МСБХ их хурлаа 10 жил хийгээгүй, тайлангаа тавиагүй удаж байна. Анх УБЕГ-ын бүртгэлд бүртгүүлэхдээ ерөнхийлөгчөөр нь Ц.Мөнх-Оргилын нэр бичигдсэн. Тэр нь одоо ч хэвээрээ байгаа. Дээр нь энэ олон газар олон сая төгрөгийн өртэйн улмаас шүүхэд дуудагдаад байгаа шүү дээ. Татварын маш их өртэй. Шүүхээс МСБХ-г эрх зүйн чадамжгүй гэсэн шийдвэр гаргачихсан байгаа.

-Таны МҮОХ-нд хандаж бичсэн албан бичигтэй холбоотойгоор их шуугилаа. Энэ тухай юу хэлэх вэ?

-Шүүхийн байгууллага МСБХ-ны үйл ажиллагаа явуулахыг хориглосон ч энэ захирамжийг зөрчиж, ажилласаар байсан. Харин би МҮОХ-нд Монгол Улсын хууль дүрмийг сахин биелүүлэх шаардлага тавьсан. Би УИХ-ын гишүүн, хууль тогтоож, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй хүн. Гэтэл хэсэг бүлэг хүн Монголын сагсан бөмбөгчдийг Тайландын Пукет аралд болох Азийн элсний спортын IV наадамд оролцох гэж байхад нь С.Эрдэнэ гэж хүн болиулсан юм шиг ойлголтыг олон нийтэд өгсөн. Энэ нь хэрээс хэтэрсэн. Би тамирчин, дасгалжуулагчдын эсрэг үйлдэл хийх тэнэг хүн биш. Нөгөө Б.Тамир саяхан өдөр тутмын нэгэн сонинд “Сагсан бөмбөг олны сонирхдог спорт болохоор С.Эрдэнэ гишүүн улс төрийн сонирхлоор ашиглах гэж байна” гэж ярьсан байна билээ. Би Б.Тамирыг сагсан бөмбөгт бараа сураггүй байхад энэ спортоор хичээллэдэг, аавыгаа дагаж тэмцээн уралдаан их үздэг байсан. Надад энэ спортоор улс төр хийх шаардлага байхгүй. Би аавынхаа хайртай спортод өөрийн чадах хувь нэмрээ л оруулахыг хүссэн. Энэхүү хүсэл маань сүүлдээ зорилго болж хувирсан.

-Одоо тэмцэл болсон уу?

-Магадгүй.

-МҮОХ-нд тамирчин, дасгалжуулагчийн эрх ашгийг хөндөх­гүйгээр шийдвэр гаргах боломж байсан гэж үү?

-Байсан. МСБХ-ноос бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож, сагсан бөмбөгийн баг тамирчдыг МҮОХ-ныхоо нэрээр Азийн элсний наадамд оролцуулах боломж байсан. Гэтэл миний явуулсан бичгийг МСБХ-нд өгч, тэднээр баахан улс төр хийлгэсэн. Би МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдинтай утсаар ярьж хэлсэн. “Та яагаад ингэж байгаа юм бэ. Би танай байгууллагад хууль ёсны шаардлага тавьсан. Тэгтэл та тэр бичгийг өөр хүмүүст өгсөн. Бичиг харилцааны соёл, нууц гэж байдаг шүү. Харин энэ алхам чинь зөв зохистой зүйл мөн үү” гэж хэлсэн.

-Монголын сагсан бөмбөгчид өдгөө Пукетэд тоглож байна. Энэ шийдвэр хэрхэн гарав?

-Би МҮОХ-нд “Монголын баг тамирчдыг Азийн элсний наадамд оролцоход МҮСБХ-ноос татгалзах зүйлгүй” гэсэн утгатай албан бичиг явуулсан. Гэхдээ тамирчид хэвлэлийн бага хурлын үеэр “Бид явахад бүх зүйл бэлэн” гэж ярьж байсан ч хөрөнгө мөнгөний тал дээр асуудалтай байсан юм шиг санагдсан.

Д.НАНЖИД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж