УИХ-ын нэгэн гишүүн “Макс” группийн захирал Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар нарын хамт “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдсан. Нэр нь нууцлагдсан УИХ-ын гишүүнийг Д.Зоригт гэх таамаг ч байгаа юм. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Зоригтоос тодрууллаа.
-Таныг мөрийтэй тоглож байгаад газар дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдлаа. Тайлбар өгөхгүй юу?
-Тийм зүйл байхгүй. Би “Вояж” гэдэг нэртэй зочид буудалд очоогүй. Энэ мэдээлэл хаанаас гарсныг лавласан. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн яригдаж байгаа энэ цаг үед бодлогоор ийм мэдээлэл тараасан байна лээ.
-Гэхдээ цагдаагийнхан үйлдэл дээрээ илрүүлсэн тухайгаа мэдээлнэ гэсэн байна?
-Цагдаагийнхан мэдээллээ хийнэ л биз дээ. Ер нь хүмүүс сонирхлоороо нэгдээд хөзөр, биллиард, муушиг зэрэг тоглохыг хууль бус гэж үзэхгүй. Харин зохион байгуулалттайгаар бооцоо тавьж тоглосон бол хууль бус гэж үзнэ.
С.ОТГОН