Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч урьдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган Монгол орны баруун аймгуудаар 5500 км аялахаар зориг шулуудан энэ оны зургадугаар сарын 7-нд автомашингүй өдрөөр унадаг дугуйн параданд оролцоод шууд аялалдаа гарсан Ч.Мөнгөндалай 167 хоногийн турш аялж, 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч 6200 км замыг туулан нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр ирлээ. Түүнийг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Ч.Мөнгөндалайгийн гэр бүл, МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клуб, хэвлэл мэдээллийн байгууллагууд, МЗХ мэргэжилтэнүүд, аяллын турш дэмжиж, хамтран ажилласан байгууллагууд МЗХ-ны төв байранд 13 цагт тосч авлаа. Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч мөрөөдлинйхөө төлөө эрсдэл гарган, Монгол орны баруун аймгуудаар унадаг дугуйгаар тойрсон хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй аялагч Ч.Мөнгөндалайг МЗХ-ны “Эр зоригийн алдар” цол тэмдгээр шагналаа. Ч.Мөнгөндалай аяллын турш чин сэтгэлээрээ дэмжсэн Монголын Залуучуудын Холбоо, бусад байгууллага болон сайн санаат иргэн бүрт баярлаж талархсанаа илэрхийллээ. Хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл саад болохгүй гэдгийг хэл яриа, сонсголын бэрхшээлтэй Ч.Мөнгөндалай маань батлан харуулж чадлаа.
Д.ЦЭЭНЭ