Эрүүгийн цагдаагийн газрынхан өнгөрсөн баасан гаригт хууль бусаар мөрийтэй тоглож байсан томчуудыг үйлдэл дээр нь гарджээ. “Вояж” зочид буудалд “Макс” группын эзэн Д.Ганбаатар , Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, гишүүн асан Д.Загджав нар покер тоглож байхад нь цагдаа нар дээрээс нь яваад орчихсон бололтой юм. Уг нь сүр дуулиан болгоод байх хэрэггүй юм. Ямар хүн алж, хүрээ талчихсан биш. Тэгээд ч баян хүмүүс луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү маньд ямар хамаа байх билээ.
Мөрийтэй тоглохыг хуулиар хориглосон нь үнэн ч захын жаалууд хүртэл таван гар мушгиад сууж л байдаг. Дунд сургуулийн хүүхдүүд хүртэл покер тоглож байна. Гэтэл хөзөр тоглосон хүн бүрийг барьж шалгах бололцоо манай хууль хяналтынханд байгаа билүү. Тэртээ тэргүй монголчууд бүгдээрээ л их, багаар төрийтэй тоглосоор ирсэн. Цаашид тоглосоор байх нь дамжиггүй. Өнөөдөр мөрийтэй тоглоомчдыг үзэн ядаж байгаа гарууд чухамдаа “Хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэгч л болж байна.
Монголд мөрийтэй тоглохыг хориглосноос биш манай томчууд Америк, Солонгосын казиногийн байнгын зочид гэх юм билээ. Манай улстөрчдийн дунд казино орж үзээгүй хүнийг олох нь өвсөн дотроос зүү хайхаас хэцүү байж магадгүй юм. Хил даваад л манайхан мөрийтэй тоглоомчид болчихдог юм гэсэн. Гол нь хэний мөнгөөр тоглож байгааг нь цагдаа нар хянах ёстой.
Ч.Чимэдцэрэн, Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нар шиг улсын мөнгөөр гадаадад очоод тоглочихсон бол тэднийг баривчлаад зогсохгүй яллах нь зөв. Харин хувийнхаа мөнгөөр хүн хаанаас ямар “зугаа цэнгэл” худалдаж авах нь түүний хэрэг.
Тэгэхээр бид энд хорьж цагдаад байх нь зөв үү, буруу юу гэдгийг бас бодох л асуудал. Мөрийтэй тоглоомчдыг хорьж цагдах тусмаа далд, нуугдмал хэлбэрт оруулж байгаа болохоос огт тоглохоо больчихно гэсэн үг биш. Улаанбаатарт өнөөдөр хичнээн мөрийтэй тоглоомын газар байгааг яг таг хэлж чадах хүн бий юу. Хэрэгцээ байгаа нөхцөлд мөрийтэй тоглоомын газрууд хаа нэгтэй нууц хэлбэрт ажилласаар байгаа нь ойлгомжтой. Татвар төлөхгүй дээр нь тэнд юу болж байгааг хуулийнхан мэдэхгүй. Аливаа юм далд хэлбэрт орших тусмаа хор уршиг нь илүү аюултай гэдэг.
“Казино” нь монголчуудад хар тамхи, гэмт хэрэг, мөнгө угаалт гэдэгтээ агаар нэг сонсогддог. Өнөөгийн УИХ-ын дэд дарга Л.Цог 1998 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа танхимынхаа гурван гишүүний дээлийг нөмрүүлсэн нь Монголын парламентын түүхэнд урьд, хожид гарч байгаагүй явдал болсон юм. Үүнээс хойш монголчууд “казино”-г үзэн ядахын хэрээр бас түүнд донтсоор ирснийг МАН-ын залуучуудын хэрэг явдал батлах бус уу.
Дэлхийн олон орон казиногоос асар их мөнгө босгож байна. Тэнд хар тамхичид, биеэ үнэлэгчид, бас архины донтонгууд очдоггүй. Сая, сая доллар халаасалсан эрхмүүд зугаагаа гаргах гэж зорьдог болохоос монголчууд бидний төсөөлж байгаа шиг янхны газар, хар тамхины үүр уурхай, гэмт хэрэгтнүүдийг орогнодог газар биш гэдгийг Америк, Солонгосын казиногийн байнгын зочид нь шахуу болчихсон манай улстөрчид мэдэхгүй байх учиргүй юм. Мөрийтэй тоглоомчид жил бүр Сингапурт зургаан тэрбумыг “бэлэглэж” байгаа бол Солонгос хоёр тэрбум ам.долларыг зөвхөн казиногоос олдог гэдгийг манайхан сонссон л байх. АНУ-ын Лас Вегас жилдээ улсдаа 200 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлдэг гэх. Энэ тоонууд монголчуудад сонин биш ч манай улсад мөрийтэй тоглоомын газар нэг ч байхгүй гэвэл ёстой том эндүүрэл болно. Хууль нарийсан тусам хулгай нарийсна гэдэг үг бий.
Одоогоос таван жилийн өмнө Хязгаарлагдмал хариуцлагатай казиногийн хуулийг УИХ-ын гишүүн асан Д.Загджав нарын хүмүүс санаачилж байсан ч амжилт олоогүй юм. Харин өнөөдөр эдийн засгийн чөлөөт бүсүүдэд казино байгуулах асуудал дахиад л хөндөгдөж байна. “Казино”-гоос айх шалтгаан монголчуудад байж болно, гэхдээ анхнаасаа зөв зохион байгуулалттай, эрх зүйн орчин болон хяналтын харилцааг нь сайн шийдэж чадвал гадны хөрөнгө оруулалтаас шууд хамааралтай эдийн засагт эерэгээр нөлөөлж магадгүй юм. Монголын казиног дагаад аялал жуучлал нэмэгдэнэ, ажлын байр ч өснө. Нөгөө талаар, гадаадын казино руу урсч байгаа сая, сая долларын урсгалыг дотооддоо тогтоож чадна. Дэлхийн томчуудаас дутахгүй тоглоомчид, донтонгууд Монголд цөөнгүй байгаа шүү дээ. Гадны томчуудыг байг гэхэд дотоодынхоо томчуудын гадагшаа алдаж байгаа зугааны мөнгөнөөс татвар аваад сууж байх бололцоо бий. Харин тэдэнд тоглох эрхийг нь хуулиар олгочих. Цаашлаад цагдаагийнханд баригдахгүй хууль бус мөрийтэй тоглоомын газрууд нуувчнаасаа гарна. Тэд хуулийн дагуу татвараа төлдөг болно. Тэнд хэн хэний мөнгөөр тоглож байгаад хяналт тавих боломжтой. Аль буудалд, хэн хэнтэй тоглож байна вэ гээд буудал болгоны өрөөг шагайж байснаас л манай цагдаагийнхны ажил хөнгөвчлөгдөнө шүү дээ.
Хамгийн чухал нь “казино”-г элдвийн гэмт бүлэглэл, мафи, мөнгө угаагчид болон төрийн мөнгөөр тоглогчдын үүр уурхай болгохгүйн тулд эхнээсээ эрх зүйн харилцааг нь тодорхой болгож, дээр нь хяналт сайн тавиад өгөхөд л болчих юм. Ядаж л “Вояж”-д баригддаг нөхдүүд ил тод ичиж эмээхгүйгээр тоглодог болно. Тэдний тоглуулж, зугаацуулсныхаа татварыг төр авдаг болно.
Эдийн засгийн чөлөөт бүсүүддээ хөрөнгө татъя гэвэл тэнд казинотой болъё. Хорьж цагдах тусмаа л гэмт хэрэг, хар тамхи, янхны үүр уурхай болох магадлал тун өндөр шүү дээ.Тиймээс Монгол Лас Вегастай болоход юу нь буруу байга юм бэ?
Ж.НЯМСҮРЭН