УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаан өндөрлөв. Тус бүлгийнхэн энэ удаад хоёр асуудал хэлэлцсэн бөгөөд Засгийн газрыг хамтран байгуулах санал, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийн талаар тус тус саналаа нэгтгэсэн аж.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүргүүлсэн хамтран засгийн газрыг байгуулах тухай албан бичгийн хариуг бүлгээс шууд өгөх боломжгүй гэж үзсэн бөгөөд Удирдах зөвлөлөө хуралдуулан Бага хурлын тов тогтоож, дараагаар нь Бага хурлаас эцсийн хариу гарна гэдэгт тохирсон байна.
Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ асуудлыг бүлгээр шийдэх боломжгүй. Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаар эцсийн шийд гарна. Харин бүлгээс Су.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэхүү зургаан гишүүн бүхий зөвшилцөх ажлын хэсэг нь Бага хуралд зөвшилцөл, байр сууриа мэдээллэх болно” гэсэн юм.
Б.ЭНХ