ССАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийн талаарх мэдээллийг өнөөдөр танилцууллаа. Хэвлэлийн хуралд Соёл, спорт аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл, Сайдын зөвлөх Ц.Төмөрбаатар, Соёл, урлаг хөгжүүлэх сангийн захирал Н.Батмөнх, Соёл урлагийн бодлого хариуцсан дарга З.Баянзул нар оролцсон юм.
Засгийн газрын 2014 оны 252 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил өнөөдрөөс эхэлж буй ажээ. Эл хөтөлбөрийн үндсэн зорилго нь Монгол уран бүтээлийг радио, телевиз, кино урлаг, цахим орчинд нэмэгдүүлэх зарчмаар уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах үндэсний соёлоор бахархах үзлээр хүмүүжүүлэх, Монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа гэнэ.
“Монгол уран бүтээл” хөтөлбөийн хүрээнд телевиз радио, кино, цахим орчин дахь үндэсний мэргэжлийн уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх юм байна. Хэдийгээр соёл урлагийн салбарыг идэвхжүүлэх журмаар 10 тэр бум төгрөгийг төсөвлөсөн ч Засгийн газраас таван тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар баталжээ. Тиймээс нэг бүтээлийг бүрэн санхүүжүүлж чадахгүй зөвхөн тодорхой хэмжээнд мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ц.Оюунгэрэл сайд мэдээлэл хийх үедээ хэлж байлаа. Мөн Монгол уран бүтээл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах комис томилогдон ажиллах бөгөөд одоогийн байдлаар комиссын гишүүдийн нэрсийг нууцалж байгаа ажээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлчдийн ирүүлэх төслийг өнөөдрөөс эхлэн авч эхлэх бөгөөд хоёрдугаар сарын 26-ныг дуустал Соёлын төв өргөөний 1010 тоот өрөөнд хүлээн авах юм байна. Эл төсөлд оролцох хүсэлтэй өөрсдийн бүтээлийнхээ төслийг явуулахдаа www.mcst.gov.mn сайтанд байрлах мэдээллээс дэлгэрэнгүй мэдээллээ авах бөгөөд тавдугаар бүлгийн 5.1.4 хүртэлх заалтуудтай танилцсаны үндсэн дээр аль хэсэгт багтах бүтээлийн төсөл явуулж байгаагаа хавсаргаж өгөх шаардлагатай ажээ.
Хэрэв төслийн шалгаруулалт 14-21 хоногийн дотор явагдаж дуусвал 2015 оны гуравдугаар сард батлагдаж, дөрөвдүгээр сараас санхүүжилт нь батлагдсан бүтээлүүдийн төсөл хэрэгжиж эхлэх боломжтойг ч тус мэдээллийн үеэр онцолж байсан юм.
Харин сайдын зөвлөх, Төрийн соёрхолт, жүжигчин Ц.Төмөрбаатар жүжигчний хувьд “Ганц зохиол явуулчихаад төсөл гэж нэрлэх нь манай урлагийнхан дунд бий. Тиймээс аль болох бүрэн бүтэн төсөл явуулаарай” гэж аминчлан захиж байсан юм.
ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл сайдын хувьд энэхүү уран бүтээлийн тендэрт оролцож буй төслүүдэд тийм ч өндөр шалгуур тавьж уран бүтээлчдийг хүндрүүлэхгүй гэдгийг хэлж байлаа.
Э.ТЭКҮ