-Сүхбаатар аймгийн театрын тайзнаа С.Жаргалсайханы зохиол “Золиос” жүжиг эхэллээ. Хайрын жүжгийн сарын 3 дахь долоо хоногийн бүтээл.–
Энэ сар Хайрын жүжгийн сар. Хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалыг Сүхбаатар аймгийн урлагын өргөө Жаахан шарга театр амьдруулж, арчиж зүлгэж, улам сайхан, улам өрнөлтэй, улам дурламаар, илүү сонирхолтой, уучлал, ухаарал, хүндлэл, баяр жаргалыг нэг сарын турш үзэгчиддээ амтлуулж байна.
Арваннэгдүгээр сарын долоо хоногийн бямба гараг бүрийн орой Жаахан шарга театрын уран бүтээлчидд хайрын түүхийг хүүрнэсээр. Гурав дахь долоо хоногийн жүжиг “Золиос”-ыг үзлээ. Театрын Дуу ангийнхан уг жүжгийг амьдруулжээ. “Орой жүжиг үзээрэй” хэмээн урьсан театрын дарга Т.Шинэхүүгийн татгалзахын аргагүй урилгаар яваад очлоо.
Хаалгаар оронгуут дүүрэн зүрх хайр бэлгэдэн угтлаа. Бас нум агссан дурлалын сахиусан тэнгэрүүд толгой дээгүүр эргэлдэнэ. Хайрын жүжиг үзэхээр ирсэн хосууд театрын үүдний хонгилоор дүүрэн. Ийм дүр зураг угтана гэж бодоогүй очсон би олны дунд үзэгчдийг угтах ажиллагаа эхлэхийг хүлээн зогслоо.
Театрын Ерөнхий найруулагч З.Далай ах микрофон бариад бэлэн үг, гайхалтай хайрын шүлгүүдийг урсгаж эхэллээ. Wow гайхалтай санагдлаа. Араас нь театрын уран бүтээлчид нь хайрын тухай хамгийн сайхан шүлгийн бадгуудаас уншиж, үзэгчдэд хүндлэл үзүүлэв. Жүжгийн дууг дуучин А.Тодгэрэл дуулжээ. Нэг тийм сайхан хайрын аргадаж гэгэлзсэн аястай сайхан дуу. Манай Далай аяыг нь зохиосон юм. Ямар дуу болж? Гэж Т.Шинэхүү дарга шивнэж байна. Хариулт тодорхой. Шүлгийг нь яруу найрагч Б.Батсайхан зохиосон гэнэ.
Сайхан дуу төрүүлсэн сайхан хайрын жүжгийг үзэхэр ирсэн үзэгчдийг тусгайлан бэлтгэсэн хаалгаар орд өргөө рүү оруулж буй мэт урин заллаа. Үзэгчдийн заал руу орох танхимд гэрэлт лаанууд асаасан нь зүрхэн хэлбэртэй. Бүдэг орчинд асаасан лаануудын дэргэд хосууд зургаа татуулах боломж нээлттэй. 247+1 гэсэн бичиг лаануудын ард байрлуулжээ. 247 тоог Би чамд хайртай гээд төвөггүй уншлаа. Энэ тухай дуу шүлэг зөндөө л байдаг. Заримыг нь мэднэ л дээ.. Харин +1 ямар учиртайг асуухгүй байж яаж чадахав.
Хайрын жүжгийг хосоороо үзэх билетын тоо 248 хувь хэвлэгдсэнийг манай уралгийнханы торгон мэдрэмж юу гэж алдахав. 247+1 гэж бичээд хайрын жүжгийн сартайгаа уялдуулчихаж. Лаг л байгаа биз дээ. Манай театрынхан.
Үзэгчиддээ асар том хүндлэл үзүүлж, орчин бүрдүүлж чадсан театрынхандаа баярлалаа. Урлагийг хүлээн авах, жүжиг үзэх соёлыг орон нутагтаа нэвтрүүлж байгаа та бүхэнд олон үзэгчид талархаж байгаа нь лавтай.
С.Жаргалсайханы зохиол “Золиос” жүжиг эхэллээ. Хайрын жүжгийн сарын 3 дахь долоо хоногийн бүтээл.
Хайртай хосууд хэдэн сарын хооронд хол байх хугацаанд бүсгүйн нүүрээр дүүрэн юм гарна. Бүсгүй хайртай хүндээ тийм нүүртэй харагдахыг хүсэхгүй. Санаагаар унаж яахаа мэдэхгүй. Уулзахаас ч эмээнэ. Харин хайртай залуу нь үүнийг мэдээд “хараагүй” болж бүсгүй дээрээ ирнэ. Бүсгүй түүнийг насан туршдаа хайрлана гэдгээ амалж, асарч тойлно. Харин өөрийнхөө нүүрэн дээр гарсан өвчнийг эмчлүүлэхээр элэгний өөрчлөлттэй гэсэн шалтгаанаар гадаад руу явж, урьдын адил сайхан царай зүстэй болоод ирнэ. Тэр үед хайртай залуу нь бүсгүйд үнэнээ хэлж, хараагүй болж жүжиглэснээ “ Чи минь надаас зугтах юм шиг. Бид хоёр салах юм шиг санагдаад.” хэмээн тайлбарлан буцаад бүх юм голдрилдоо орж байгаа хайрын түүх.
Жүжгийн гол дүрд МУСТА дуучин Д.Осгонбаяр, О.Батболд нар тогложээ. Үзэгчид уйлж байгаа харагдсан. Сайхан жүжгийг үзэгчдэд хүргэж чадсаны илрэл энэ. Сүхбаатар аймгийн урлаг шинэ хандлага, шинэ сэдлийг эрэлхийлж байна.
Хайрын жүжгийн сарын бүтээлүүд үзэгчдэд хүндлэл, уучлал, ухаарлын аль алийг өгөөсэй. Хосоороо ирж үзэх гайхалтай бүтээлүүд олныг туурвих болтугай.
“Золиос” жүжиг хаалгаар хөл тавихаас эхлээд, дуустлаа гайхалтай байлаа.
Театрын уран бүтээлчиддаа амжилт хүсье. Энэ 7 хоногийн хайрын жүжгийн сарын хаалтын бүтээл” Миний хайрыг хүлээ” жүжгийг үзнээ. Хайрын төгөлөөр алхаж буй юм шиг тийм сайхан, гэгээн мэдрэмжийг дахин авахыг хүсч байна.
Д.УЛААНАА (BBS телевиз)