Д.Эрдэнэбат: Зөвшилцөл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Зөвшилцөл эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаан өндөрлөв. Хуралдаанаар гурван үндсэн асуудал хэлэлцсэн бөгөөд шинээр томилогдсон ерөнхий сайдын парламентад суудал бүхий нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн хамтран засгийг байгуулах санал ч үүнд багтаж буй юм.

Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат хамтран ажиллах санал гаргасан үндэслэл, шаардлагыг танилцуулж “Улс төрийн нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөх ажил өнөөдрөөс эхэлж байна. Намын эрх ашгийг хойноо гаргаад улс орны эрх ашгийг бодож ийм шийдэлд хүрсэн. Хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх шаардлага, засаглалыг бэхжүүлэх, улс орны хэмжээний томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, гацаанаас гаргахын тулд улс төрийн ойлголцол, тогтвортой байдал хэрэгтэй. Иймдээ ч эдгээр асуудлыг амжилттай шийдвэрлэх хамгийн чухал угтвар нөхцлийг улс төрийн тогтвортой байдал, УИХ-ын дийлэнх олонхийн дэмжлэг хэмээн албан бичигт дурдсан” гэв.

Хэвлэлийнхнээс МАН засагт хамтран ажиллахгүй бол хэрхэх тухай тодруулахад “МАН нь засагт орохгүй гэх албан ёсны байр суурь одоогоор илэрхийлээгүй байгаа. Ямартай ч улс орны эрх ашгийг нам хүчний эрх ашгийн эхэнд тавьсан энэ саналыг эрүүлээр авч үзнэ байх. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-д олон суудалтай нам ачаагаа үүрээд явах ёстой” гэсэн үг хэлсэн байсан. Гэхдээ энэ нь засагт орохгүй гэсэн байр сууринаас зарчмын ялгаатай” гэсэн юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж