Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

Өнөөдөр нойрсоод маргааш сэрэхэд өөр нэгэн болсон байдаг гэдэг шиг өөрчлөгдөж байна гээд өөр хэн нэгнийг та дуурайгаад байгаа юм биш биз… Маргааш гэхэд таныг би олны дундаас ялган харахаа больж, тэрний цаад өдөр та намайг олны дундаас олохгүй байж ч мэдэх юм.

Цаг нь болохоор аяандаа болно. Мөнгөтэй эсвэл завтай болохоороо өөртөө болон эргэн тойрныхондоо анхаарал хандуулж, халамж тавина. Санхүүгийн эрх чөлөөнд хүрмэгц оюунаа болон бие махбодио хөгжүүлнэ гэж бодох… Гэтэл тийм юм байхгүй. Өөрийн хүчин чармайлтаас зөвхөн өнөөдөр л таашаал авч, өөрийгөө өөрчилж, төсөөлөл мөрөөдлөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Ирээдүйд хүрэх зорилгынхоо төлөө аз жаргалтай амьдрахаа хойш нь тавих хэрэггүй. Бусадтай уралдах хэрэггүй. Өөртэйгөө л уралд. Урагшлахгүй байрандаа үлдчих л юм бол бусдаас хоцорчих гээд байгаа бодол танд байнга төрдөг бол та зогсоод алхаж буй жимээ нэг сайн хараарай. Та нэг явсан жимээрээ дахиад алхаад байгаа юм биш биз…

Аз жаргал бол хүрэх газар биш, харин хийж байгаа аялал өөрөө юм гэж нэгэн жаргалтай хүн хэлсэн байдаг. Иймд амьдралаас том таашаал авах гэж битгий хөөцөлд. Олон олон жижиг сайхан зүйлс дэргэд чинь байна. Танд бэлэг болж ирсэн гэр бүл, хайртай дотны хүмүүс, анд найз нөхөд чинь байна. Тэднээсээ битгий холд. Хамт бай.

Хүмүүсийн ихэнх нь амьдралаас чухам юу хүсээд байгаагаа мэдээд, түүндээ ямар замаар хүрч болохыг ойлготол, аль хэдийнээ оройтчихсон байдаг. Хүмүүс өөрийн амлалтанд хүрч чаддагүй гол шалтгаан бол, тэд хуучин дассан замдаа маш амархан буцаад орчихдог. Дарамт шахалт дандаа муу байдаггүй. Дарамт таныг том амжилтанд хүрэхэд зоригжуулж өгнө. Хүн гарцаагүй байдалд орсон үедээ л гайхмаар юм хийдэг. Тэр нь гүнзгий нуугдмал боломжоо ашигладаг гэсэн үг.

Зогсолтгүй мөрөөдөж, цуцалтгүй төлөвлөж, уйгагүй хөдөлмөрлө. Өөрийн бие ухаанаа хөгжүүл. Сэтгэл оюунаа тордон тэтгэ. Айдаг зүйлээ хий. Номхоршгүй эрч хүчтэй, хязгааргүй зориг тэмүүлэлтэй амьдарч эхэл. Өдөр бүрийг сүүлчийн өдөр шиг амьдарч эхэлбэл, таны амьдрал гайхалтай чанарлаг болно. Амьдрал таны хүссэн бүхнийг дандаа өгөөд байдаггүй ч, танд шаардлагатай зүйлсийг бол дандаа өгдөг шүү дээ…

А.БАЛЖИННЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж